Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
МАН-ын ялагдлын топ-10 шалтгаан
АН бус, ардчилал ялсан нь арван хоёр оны сонгуулийн хамгийн гоё нь байлаа. Гэтэл АН намаасаа хөөсөн М.Энхсайхан, төрийн хуультай тэр­сэл­дэж яваа Н.Энхбаяртай эвсэх сон­голт хийв. Улс төрийн бохир нь энэ л дээ. Мон­голын улс төрд МАН, АН-ынх­ны өөрс­дийнх нь намгийн мэлхий бол­тол муу­хай харагдуулж явсан улс­төрчид өнөө­дөр ард түмний ялуулсан ардчилал­тай хамт нэг хөнжилд багтав. Улс төрд мөнхийн найз гэж байдаг­гүйтэй адил мөн­хийн дайсан ч гэж бай­даггүй нь энэ юм байх. Гэвч АН-ын­ханд үүнээс өөр сайн сонголт байхгүй нь гачлан­тай. Албан тушаалын “бялуу”-наас ам­сах төдийд багахан зүсэм хүртээх гол шал­гуураар тэд МАХН-ыг сонгов. Үүний­гээ “МАН-тай эвсэхгүйн тулд л...” гэх тайлбараар өнгөлөн далдлав. Эвслийн нэр хүндээ нийгэмд эерэг харагдуулахын тулд ИЗНН, бие даагчдыг хавчуурга болгож засагтаа кноп нэмэх болов. Тэгэхдээ цаашид үйл явдал үргэлж АН-ын санаснаар өрнөхгүй. Хэлэлцээрийн ширээний ард суух, хамтраад явах мөчид олон бэрхшээл гарна, тулгарна. МАХН-д засаг нэг их сонин биш. Дар­гаа ялгүй цагаатгах, Цэцэд нөлөөлж хүүтэй нь хамт парламентад оруулах, чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүү­лэх нь МАХН-ын эвслийн хамгийн гол улс төр. Одоо биш юмаа гэхэд цааш­даа “Шударга ёс” эвслээс ийм шудар­га бус улс төр явахгүй гэх газаргүй. МАХН-ын иймэр­хүү санал, шахалтыг давж гарах, зөөллөх гээд ер нь л Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр нэг хэсэг­тээ л АН-ын толгойн өвчин, айдас болсоор явах байх. Н.Энхбаяр, М.Энхсайханы хэн хэн нь Монголын улс төрд хатуу самар. Хоёулаа нэг хүн шиг нийлбэл бүр л хүчтэй.

Хэргийг нь цагаатгаж хэрэгсэхгүй бол­госон тохиолдолд Н.Энхбаяр УИХ-д орж ирж чаддаггүй юмаа гэхэд Ерөн­хий­лөгчид нэр дэвших бүрэн боломж­той болно. Гэтэл энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонирхолтой хар­шилна. Нэгдүгээрт гэмт хэрэг хийсэн, үүнийх нь төлөө нийгэмд сүр дуулиан болгож баривчилсан нь үнэн л юм бол тэнд АН, МАХН-ын зөвшилцөл бус, хууль үйлчлэх ёстой. Хэрвээ хуулиас на­муудын тохиролцоо нь хүчтэй байж Н.Энхбаярын асуудлыг улс төрийн аргаар шийдвэл шударга ёс тогтооно гэж тунхагласан ардчилсан Ерөн­хий­лөг­чид итгэх олон түмний итгэл алдарна.

Хоёрдугаарт Н.Энхбаяр бол Ерөнхийлөгчийн сонгуу­лийн бодитой, бас хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тийм учраас шууд яллах, эсвэл шүүх хурлыг хойшлуулах, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах зэргээр 2013 оныг дуустал Н.Энхбаярыг хуулийн буулган дор үргэлжийн нуман тулгуурт барих сонирхол Ц.Элбэгдорж ба түүний багийнханд байх болов уу.

Сонгуульд олуулаа ялна гэж орсон АН-ынхан одоо дангаараа засаглах гэж бүх л аргаа хэрэглэж байна. Нэг хэсэгтэй нь хэлэлцээрийн ши­рээний ард суулаа, нөгөө хэс­гээс нь хэд хэдэн нэр дэв­шиг­чийг сугалж шоронд шууд хо­­ригдох хатуу заалтаар хуулийн байгууллагад хандлаа. Хам­гийн гол нь энэ бүхний эцэст АН санаснаараа засаглаж ча­дах уу. Энэ нь засагт ороогүй тусмаа МАН-аас илүү хамаа­рал­тай болов. Ард түмэнд амласнаараа засаглахад АН-д засагт орсон намуудаас нь сөрөг хүчин МАН-ын дэмжлэг илүү хэрэгтэй. МАН ямар сөрөг хүчин байхаас ихээхэн шалт­гаална. Ард түмэн энэ удаа МАН-д ч ачаа үүрүүлсэн. Гэхдээ албан тушаал, эрх ямба эдэлж ачаа үүрэлц гээгүй. Асуудлыг гацаадаг, хорлож зогсоодог, аливааг сөрдөг сөрөг хүчин бол гэсэнгүй. Ардын нам л юм бол ард түмнийхээ дунд орж эрх баригчдыг хянаж, зөвийг нь дэмжиж ачаа үүрэлц гэв. 1996-2000 оных шигээ биш, Монголын улс төрд сөрөг хүч­ний шинэ соёл, шинэ стандарт тогтоох ачааг ард түмэн МАН-д үүрүүллээ. Хэрвээ ирэх дөр­вөн жилд Монголын ардчиллыг манах, хөгжлийг хөтлөх Чингис хаан нь АН юм бол, Жамух нь МАН байхыг ард түмэн үүрэгд­лээ. Харин энэ ачааг МАН-ын­хан хэрхэн ухамсарлах, дааж явах нь сонгуулийн ялагдлаа яаж хүлээж авах, учир шалт­гаанаа онож олох, дараагийн удирдлагууд хэн байхаас ихээхэн хамаарах юм.



Сургаар бол МАН-ын удирд­лагууд ялагдлын шалт­гаа­наа Н.Энхбаяраас л боллоо гэж байгаа бололтой. 2004 оны сонгуулиар МАН арай олон суудал авсан ч бас л ялагдсан. Сонгуулийн дараа удирдлагууд нь УИХ-ын дарга, сайд болж дэвшээд ялагдлын бурууг намын Хэвлэл, мэдээллийн албаны дарга гэж ганц хүнд үүрүүлээд өнгөрч байв. Энэ удаа ч тэр түүхийг давтаж ялагдлын бурууг бас нэгэн жараахайд үүрүүлээд акулууд нь хариуцлагын гадна үлдэх зо­доон МАН-д явж буй болол­той. Намын нэрийг солих санаа анх хэнээс гарсан, Тэрэлжийн тун­хагийг хэн зохиосон, тий­шээ явахыг хэн санаачил­сан, сольсон нэрийг бусдад өгөх хуулийн боломжгүй гэж зөв­лөсөн хуульч хэн байв гээд л бу­руутан тодруулах аяныг ба­раг л анхан шатны гишүү­дээ­сээ эхэлж байгаа сурагтай. Зарим зөвлөхийн нэрийг оноож бага чулуугаар том чулуу цохиж унагаах улс төр ч явж буй бололтой.

Хэрвээ тийм бол хэлтсийн дарга нь л Соната-7 унаж тан­саг­л­адаг МАН-ынхан тухалж суудаг Тусгаар тогтнолын орд­ноо­соо цааш харж чадахгүй л байгаа хэрэг. МАН-ын ялаг­далд олон л шалтаг шалтгаан бий байх. Тэдгээрээс хамгийн бодитой хэд дээр нь задаргаа хийе.

1.
Хамгийн нэгдүгээрт, МАН-ын ялагдлын бодитой шалтгаан нь Н.Энхбаяр биш, МАН өөрөө. Түрүүлж унаж өвдгөө шалбал­сан нь МАН өөрөө болохоос Н.Энхбаяр биш шүү дээ.

2.
Ямар ч шаардлагагүй үед шинэчлэл хийсэн болж хараг­дахын тулд намын нэр соль­сон. МАХН гэдэг дөрвөн үсгийн товчлол бол Монголдоо брэнд нэр байв. Үүн дээр нь өрсөл­дөгч АН-ынхан тоглосон. Ерөн­хийлөгчийн дэмжлэгийг ч ав­сан байх. Ингэснээр МАН, АН-д гом­­догсдод энэ брэнд шилж­сэн. Ус, сироп хоёр найруулж зардаг гудамжны жижиг гарын худалдаачинд дэлхийн брэнд кока кола-ны эрх нэг л өдөр гэнэт шилжсэн тухай Баа­барын зүйрлэл МАХН-ын товч­лол дээр үнэхээр бодитой бий болсон юм. МАН-аас гарсан Ерөн­хийлөгч нар намтайгаа эргэж муудалцдаг байхад АН-аас тодорсон Ерөнхийлөгч нам­тайгаа нягт хамтарч дэмж­дэг ялгаа энэ үйл явдал дээр илүү тод харагдсан.

3.
АН-д Ц.Элбэгдорж, Баабар, Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энх­болд, Р.Гончигдорж гээд үзэл санаа тээгчид бий. Тэд бас бодлоготон, хүссэн хүсээгүй намдаа хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн лидерүүд юм. АН сонгуульд тэднийхээ толгойг ашигласан, тэднийхээ бодло­гыг зүг чигээ болгосон. Гэтэл МАН-д энэ талын хүмүүс бай­сангүй. С.Батболд, У.Хүрэлсүх, М.Энхболд нар тус тусын фрак­цынхаа л удирдагч байс­наас бус, намын хэмжээний лидер байж чадсангүй. Ганц бодлоготон стратегич С.Баяр нь эмнэлэгт хэвтэж таарсан тул МАН үндсэндээ сонгуульд уураг тархигүй оров. Сонгуу­лийг хэн нэг гараар удирдаж бай­гаа нь ч мэдрэгдээгүй. С.Бат­болд, У.Хүрэлсүх, Я.Сод­баатар, Т.Бадамжунай нарын хэн нь сонгуулийн ерөнхий ме­нежер болох нь мэдэгдээгүй. Орон тооны, орон тооны бус арваад нарийн бичгийн дарга, намын дарга болон ерөнхий нарийн бичгийн даргын баахан зөвлөхүүдийн дунд бодлого задарч, хүч нь суларсан.

4.
Хүчтэй, амбийцтай олон фракцын нэгдэл бүхий АН-ыг дөрвөн жилийн турш нэг удирдлага дор зангидаж чад­сан нь Н.Алтанхуягийн том гавьяа. ҮЗХ нь хуралдах бүр­тээ намын даргаа сольчих гээд байдаг гэмтэй, туршлага­тай АН-ын удирдлагын энэхүү тогтвортой байдал нь сонгуу­лийн амжилтад ч эерэгээр нөлөөлсөн. Гэтэл МАН-д эрх мэдэл хуваагдсан. Наанаа намын дарга нь С.Батболд юм шиг мөртлөө цаанаа заримдаа Тусгаар тогтнолын ордондоо хаан нь У.Хүрэлсүх мэт ха­рагд­даг байлаа. Намын эрх мэ­дэл намын дарга С.Батболд ба ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, бас хотын бүлэгт хуваагдсан. Намын дарга С.Бат­болд болон ерөнхий на­рийн бичгийн дарга У.Хүрэл­сүхийг дагаад санаатай са­наанд­гүйгээр тэдний фракц, хү­мүүсийнх нь дунд ч зөрчил яван явсаар сонгуульд орсон. С.Батболдынхон нь У.Хүрэл­сүхийн хүмүүсээ асуудлыг хү­чээр шийддэг, бараг л хүрлийн үеийн боловсролтой, люмпен­гүүд гэх. Харин У.Хүрэл­сүхийн­хэн нь болохоор намын даргын хүмүүсээ Монголын­хоо хөрсөн дээр буугаагүй, гаднынхантай хэт сүлбэлдсэн харь хэлтнүүд гэж үзэх. Уг нь бол С.Батболд, У.Хүрэлсүх хоёр гар нийлбэл нийлэхээр, бие биеийнхээ дутууг нөхөж дундуурыг дүүргэхээр л тус тусын онцлог, давуу талтай дарга нар байлаа. Гэвч өтгөн сүү, булгийн ус хоёр нийлж эвлэж аагтай сайхан цай болж чадалгүй яван явсаар сүү нь ч гашиллаа, ус нь ч муудлаа.

5.
Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн болчимгүй мэдэгдэл хасах оноо авчирсан. Тэрээр намын нэр сольсноос болж ялагдвал хариуцлагыг хар толгойгоороо хүлээнэ гэж мэдэгдсэн. Энэ нь түүнд дургүй болон түүнтэй улс төрийн тооцоо, өшөө авалттай олон хүнд улс төр хийх сайхан далим болсон. Одоо жирийн гишүүдээс нь эхлээд энгийн иргэн хүртэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас ам асууна. Хар толгойгоороо хариуцна гэ­сэн яасан гэж. Энэ нь У.Хүрэлсүх гэж хувь хүний хэл­сэндээ хүрдэг эсэхийг сорьж байгаа мэт боловч МАН шинэчлэгдэж чадах эсэхийг удирдлагуудынх нь дараагийн нүүдлээс харах гэсэн тандалт юм. У.Хүрэлсүх ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгсөн нь хэлсэндээ хүрч ха­риуцлагаа хүлээж байгаа хэ­рэг огтхон ч биш. Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх МАН-ын дүрмийн заалтыг л хэрэгжүүлж байгаа юм. Харин зарим хүн хариуц­лагыг хоёр янзаар хүлээдэг юм. Нэг нь албан тушаалаа өгч, нөгөө нь ачаа үүрч хүлээ­дэг. У.Хүрэлсүхийн хувьд хоёр дахь замаар нь явж намын дарга болох ёстой гэсэн “бор шувууг” нисгэжээ. Албан ту­шаал дэвшиж хариуцлага хүлээдэг жишээ Монголын улс төрд, тэр дундаа МАН-д л бий байх. Улстөрч болон өн­дөр албан тушаалын хүмүү­сийн хүлээдэг хамгийн том хариуц­лага бол уншигч тантай, надтай адилхан энгийн иргэн болох. Энэ бол дэлхийн жишиг. Хэрвээ У.Хүрэлсүх үнэхээр хэлсэндээ хүрдэг, хариуцлага хүлээнэ гэдгээ зөв ойлгож л байгаа бол албан тушаалаа өгөөд, дээр нь намын дарга болох хүслээ нэг хэсэгтээ орхихоос өөр замгүй. Зориг нь байдаг бол намын жагсаал­таар орж байгаа УИХ-ын гишүүний эрхээсээ ч татгалзаж болно. Урьд өмнө Монголын улс төрд байгаагүй энэ сайн жишиг, шинэ соёлыг улс төрийн эр зоригтой, завсарлаад дахин карьер хөөх настай, доороо хөлтэй, дэргэдээ багтай У.Хүрэл­сүх шиг хүмүүс л эхлүүлж мэднэ. Хэрэв ингэж чад­вал У.Хүрэлсүх Монголын улс­ төрд шинэ стандарт тог­тооно. Энэ нь түүний хувьд 4-5 жилийн дараа МАН-д өөрөө дарга болон гарч ирэх, намдаа байгаа 1960-аад оныхныг авч гарах хамгийн боломжит хувилбар юм. Мөн намдаа нэр хүнд, дэмжлэг итгэл авчрах том боломж. Гэвч жишиг, заа­вал биелүүлэх хууль байхгүй болохоор МАН-ын удирдлагууд намын жагсаалтаасаа татгал­заж чадахгүй байх л даа.

6.
МАХН ба Н.Энхбаяр МАН-ын саналаас хуваасан. “Шу­дар­­­га ёс” эвслийн 11 суудлын суурь нь МҮАН бус, МАН-ын саналаас хуваасан МАХН-ын ба Н.Энхбаярын нэр хүнд байлаа. Сая сонгуулиар МАН 28.3, МАХН 20.5 хувийн санал авсан. Хэрвээ МАН, МАХН гэж хоёр хуваагдаагүй байсан бол тус нам ард түмний 50 хувийн саналыг авах байсныг дээрх дүнгээс харж болно. Түүнчлэн олон тойрогт МАН ба МАХН-ын нэр дэвшигчдэд санал хувааг­дахгүй байв. Ер нь бол АН-ыг хамгийн олон суудал авахад тус намын нэр хүндээс гадна МАН ба МАХН-ын хагарал дун­дуур сайн гүйсэн нь нөлөөл­сөн. АН “баялуу”-гаа хуваари­лах­даа энэхүү бодит үнэнээ мэдэрч шударга хүмүүсээ сонгоход илүүдэхгүй л байх. АН гэсэн хоёр үсэг, ардчилсан үзэл санааны цаана шударга бус бүхэн нуугдах ёсгүй билээ.

7.
Намын нэр сольсон нь нэгэнт яваад өнгөрсөн галт тэрэг, сольсон нэрийг Н.Энх­баярт өгсөн нь МАН-ын хувьд давагдашгүй хүчин зүйл байсан байж болох л юм. Гэхдээ Гитлер төрөөгүй бол дэлхийн хоёрдугаар дайн гарахгүй байсан гэдэг шиг бүгдийг нэгэнт өнгөрсөн нэр солилт руу чихэж болохгүй. Сольсон нэрийг дахин ашиг­луу­лахгүй байх тал дээр шүүхтэй ажиллаагүй, Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж, тэр бит­гий хэл Н.Энхбаяртай ойл­голцох оролдлого хийгээгүй, хэт итгэлтэй байсан нь МАН-ын л алдаа. Н.Энхбаяр нар МАХН-ын нэрийг авсны дараа ч МАН-ынхан олон алдаа гаргасан. Тус намынхан Н.Энх­баярт, түүний МАХН-д хэтэрхий дээрэлхүү, эрдэж бярдаж хандсан. Үүнээсээ болж МАН-ын тархи гоожиж эхэлсэн, жирийн гишүүдээ алдаж эхэлсэн. Дөрвөн гишүүн гарч байхад цаана нь 100 залуу элсч байна гэж томорсон. Гэтэл УИХ-ын гишүүний эрэмбэтэй дөрвөн гишүүнийх нь олон түмэнд танигдсан байдал, нутаг орныхон, бусдыг дагуу­лах чадвар нь  албадлагаар зохион байгуулж элсүүлсэн 100 залуугийнхтай  харь­цуулш­гүй үнэ цэнтэйг МАН-ынхан тооцоолоогүй. Ч.Улаан хэд хэдэн Засгийн газарт Шадар болон Сангийн сайдаар ажилласан, 1992 оноос хойш төрийн өндөр алба хашиж яваа хүн. О.Чулуунбат бол улстөр­чид дундаа төдийгүй, Монгол­доо л хүлээн зөвшөөрөгдсөн сайн банкир. Ц.Даваасүрэн гэхэд төрийн сангийн хар хайрцагны түлхүүрийг олон жил атгасан нэгэн. Д.Тэрбиш­дагва ч улс төр болон төрийн ажлын алиных нь  туршлага­тай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын эдгээр дөрвөн гишүүн тойрог, албан тушаалын шантааж хийсэн байж болох ч, тэд далай эрэг рүүгээ түрсэн хог арай ч байгаагүй юм.

8.
Увс, Говьсүмбэр, Орхон зэрэг аймгийн Засаг дарга нарын паян, хууль шүүхийн асуудал нийгмийн мэдээ­лэлтэй хэсэг буюу хотынхны сонголтод нэрмээс болсон.

9.
АН засгаас гарсны дараахь томилгоо олон хүнд таалагдаа­гүй. Нөгөө боловсон хүчин их­тэй, хахаж цацдаг гээд бай­даг МАН-ынхан С.Баярцогт, Х.Бат­тулга, Лу.Болд нараас илүү гардаггүй юмаа гэхэд тэдэнтэй дүйх хэмжээний хүмүүсийг сайдаар томилж чадаагүй. Дэд сайдын томилгоо бол жинхэнэ хошин шог болсон. Зарим яамныхан дэд сайдаа амьд АТМ, салхи Дамбий гэж нэрлэж байлаа шүү дээ.  Оноогүй эд­гээр томилгоо нь олон хүний тэвчээрийг бараад зогсохгүй, тэдэнд тухайн салбарынхныг басамжилсан мэт харагдсан.

10.
Нэр дэвшүүлэлт, сонгуу­лийн сурталчилгааны алдаа ч олон байв. Судалгаандаа итгээгүй, нэг бол судалгаагаа тайлж уншиж чадаагүй. Үнэ­хээр л хөдөөний нам юм шиг хот, аймгийн төв, гадаадад сощиал медиа, твиттер, фэйсбүүкийг огт ашиглаагүй. Гэтэл эдгээр цахим суртал­чил­гаа нь Сонгуулийн хуулийн хориглолт, хязгаарлалтад огт ороогүй маш том орон зай боломж байв. Олонхи болж ялъя л гэж бодсон бол нэг суудлын үнэ цэнийг МАН мэдрээгүй, тоогоогүй. МАН-ын удирдлагууд хэд хэдэн мандатыг шууд бэлэглэсэн. Жишээ нь, Засаг дарга Г.Ням­давааг биш, Адьшааг дэв­шүүл­сэн бол Ховдод МАН багаараа ялах байв. Дорнодод угаасаа рейтинг өндөртэй Болор­чулууныг дэвшүүлээд Н.Номтой­баярыг хотын захын аль нэг дүүрэг, жишээ нь Сон­гино­хайрханд нэр дэвшүүл­сэн бол энэ аймаг хоёулаа МАН-ынх болох байв. Алаагүй баавгайн арьсыг хуваана гэдэг шиг ялаагүй байж ерөнхий нарийн бичгийн дарга болгоно гэж нөөцөлж байхаар Байгаль орчны сайд Д.Цогт­баатарыг Дундговьд юм уу хотод нэр дэвшүүлсэн бол тэрээр нэг суудал авах л байв. Сү.Бат­болд Сүхбаатар дүүрэг­тээ дэвшсэн бол найдвартай нэг суудал. Намын нэрний ард нуугдаж байхаар Ж.Энхбаяр, Н.Энхболд нар хотын аль нэ­гэн дүүрэгт нэр дэвшсэн бай­хад тэдний дайны улстөрчдийг хууль тогтоохоор илгээх хэм­жээний ухаан сонгогчдод бай­сан гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ мэтээр хөөвөл унасан бөхөд шалтаг мундахгүй, алдсан хүн арван тамтай гэгчээр олон шалтгаан тоочиж болно. Харин “топ -10” гэж болохоор эдгээр шалтгаанууд бол өнгөрсөн борооны хой­ноос цув нөмрөөд хэрэггүй гэж хаяж болохгүй, МАН-ын дараагийн удирдлагуудыг гаргаж ирэхэд заавал тооцож үзэх ёстой бодит нөхцөл бай­дал. Онож дүгнэж, алдаагаа зөв уншиж чадаж байж хариуцлагаа ч, зөв хүнээ ч олж тооцно. МАН Хэвлэлийн албаны дарга юм уу, нэг зөвлөх дээр бүх хариуцлагаа тохдог болтлоо жижигрээгүй л бол ялагдлын шалтгаанаа удирд­лагын төвшиндөө ярих ёстой. Тэгж байж дараагийн удирд­лагын тухай ярих бо­ломж бүрдэнэ. Харин МАН-ын дараагийн удирдлага хамгийн гол нь гар нийлдэг, нэр цэвэр, улс төрд хүлээн зөвшөө­рөгдөж танигдсан, цөөнхийн байр суурин дээр байгаа энэ үед асуудлыг бярддаг биш, зөв­шил­цөж чаддаг хүн байх ёстой. Ирж яваа цаг учраас цаашид сонгогчид улам л залжуужна. Тэд мэдээж ард­чил­лыг дэм­жинэ. Иймд ард­чил­лын фонон дээр АН-тай өрсөлдөхийн тулд намаа шинэчлэх, дотоод ардчиллаа нээлттэй болгож чадах тийм удирдлага хэрэг­тэй. Хоёр хагарсан намыг нэгтгэж чаддаггүй юмаа гэхэд  буурь буурин дээр нь бэх­жүүлж дахин хүчирхэгжүү­лэхэд хүс­сэн хүсээгүй Н.Энх­баяртай ойлголцох, зөвшил­цөх хэрэг­тэй болно. Тийм учраас МАХН-тай ойлголцох чадвар­тай, Н.Энхбаяртай хэл амаа ололцох нүүртэй нэгэн байх зайлшгүй шаардлага МАН-ын шинэ удирдлагын бас нэгэн чухал шалгуур байх  болно.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.