Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Энэ сонгуулийн ялагч нь Н.Энхбаяр
Нэг. АН

Хэрвээ будилаангүй, өгсөн санал үнэнээрээ гардаг бол сонгуулийн ялагч нь үргэлж ард түмэн байх ёстой. Ганц,хоёр тойргийн зөрчлийг эс тооцвол энэ сонгуулиар ч ард түмэн яллаа. Монголчууд нийтээрээ ардчиллыг, ардчилсан үзэл санааг дэмжив.Би хувьдаа айл бүрийн хашаанд инженерийн шугам татна гэх Э.Бат-Үүл баатрын үлгэрээс илүүтэй ард түмний ИЗНН, МАН, бүр МАХН-д өгсөн санал ч ардчиллын төлөө байсан гэдэгт эргэлзэхгүй итгэнэ.  Харин аль нам ардчиллыг төлөөлж, Монголыг ардчиллын замаар хөтөлж хөгжүүлж чадах вэ гэдэг дээр ялгаа гарав. Бүр хот, хөдөөгийн ялгаа харагдав. Хотынхон ардчилсан үзэл санааг АН төлөөлж чадна гэж үзэв. Үнэхээр ч 1990-ээд оны эхээр Монголын ардчиллын дууч нь ч, туг нь ч, манаач нь ч АН-ынхан байлаа.Гэхдээ 20-иод жилийн өмнөх тэр үеийн АН-ынхны  Монголоо гэсэн сэтгэл, монголчуудынхаа төлөө гэх сэтгэлгээ жилээс жилд  хувийн болон фракцуудын эрх ашгийн сүүдэрт бүдгэрсээр яваа нь үнэн билээ. Үүнийхээ горыг тэд сонгуулиас сонгуульд амсдаг ч хашир суудаггүй, сургамж авдаггүй нь АН-ынхны гол алдаа болдог. Энэ удаа яаж өөрчлөгдсөн, 2012 оны сонгуулийн ялагч нь  АН-д хамгийн олон суудал өгсөн ард түмэн үү, АН-ын фракцууд уу гэдэг нь тус намаас л хамаарна.  Хэн нь Ерөнхий сайд болж, Засгийн газраа аль намтай хамтарч байгуулах уу гэдгээс харагдаж эхэлнэ. Сургаар бол хэн нь Ерөнхий сайд болох вэ гэж нам дотроо цусгүй тулаан өрнүүлж буй АН-ынхан нэг зүйлийг анзаарахгүй байгаа бололтой. Өөрсдийнхөө ялалт, АН-ыг дэмжигч гэдгээ сонгуулийн шөнөөс гэнэт мэдсэн  сайн дурынхны оновчгүй зусардалт хоёрын дунд анзаарах сөхөө ч үгүй явна. АН парламентын 76 суудлын арай олныг л авсан болохоос, ард түмний олонхийн саналыг авч чадсангүй.

Ард түмэн намуудын төлөө саналаа өгсөн нь энэ сонгуулийн нэг онцлог. Түүгээр үзвэл АН ард түмний 35 хувийн саналыг авлаа. Хэрвээ ардчиллын тугч нь АН ганцаараа мөн л юм бол ард түмний зуун хувийн биш юмаа гэхэд ядаж тавиас илүү хувийн саналыг авах байлаа. Тийм төсөөлөл, таамаг ч олон хүнд байсан. Гэвч АН чадсангүй. Тэд УИХ-д олуулаа орж ирсэн ч, ард түмний олуул нь АН-д саналаа өгсөнгүй. Ард түмний 65 хувь нь ардчиллыг, ардчилсан үзэл санааг АН-аар төлөөлүүлэхийг хүссэнгүй.Гэтэл 1996 онд МАН, МАХН хоёрыг нэгдмэл нэг нам байхад ард түмний 50-иас илүү хувийн саналыг, Их Хурлын 50 суудлыг авч байсан түүх АН-д бий. Тогтолцооны гажгаар л ганц суудал ногдсон болохоос навс ялагдсан 2000 оны сонгуулиар л гэхэд ард түмний 49 хувь нь АН-ын төлөө саналаа өгсөн байдаг юм. Харин энэ удаа гол өрсөлдөгч улстөрийн хүчин нь хоёр хуваагдчихсан үед, ардчилсан Ерөнхийлөгчийн шууд бус дэмжлэгтэй цагт, анх удаа намын төлөө саналаа өгч байхад ард түмний 65 хувь нь ардчиллын манаач АН-ыг дэмжсэнгүй. Ардчиллыг ганцаараа өмчилдөг, өмчлөхийг хүсдэг гэдэг утгаар нь авч үзвэл 35 хувийн дэмжлэг гэдэг АН-ын хувьд ялагдал юм. Энд буруу нь ардчилал, арчдилсан үзэл санаанд байхгүй, АН-д л бий. АН хамгийн олон суудал авсанд АН-ынхаас ардчилсан үзэл санааны гавьяа их. Хамгийн гол нь энийг, 35 ба 65-ын харьцааг ялгаж салгаж ойлгох эрүүл уур амьсгал, эрүүл сэтгэлгээ, эрүүл хүмүүс нь “баялуу”-наас хамгийн амттайг нь, ахиухан хүртэх гэсэн фракцуудын амбийцад дарагдах вий. Тэгвэл монголчууд нийтээрээ төдийгүй, АН-ыг дэмжсэн 35 хувь ч гомдоно, сонгуульд санал өгсөндөө гутарна. Иймд гараа ямар байна, бариа тийм гэдэг бэлгэшээлээр Ерөнхий сайдын томилгоог 1996-2000 оных шигээ зурж, засаг барих ирэх дөрвөн жилээ тэр үетэй адилтган төлөвлөх хэрэггүй.АН-ыг гэсэн ард түмний тэр үеийн дэмжлэг, суудлын тоо өнөөдөр буурсан бол, одоогийн сонгогчдын боловсрол тэвчээр, улс төрийн үйл явдалд хандаж хандлага, хувийн амьдрал ч 1996-2000 оныхоос  хамаагүй өөрчлөгдсөн, дээшилсэн. УИХ-ын 32-хон суудлын дэргэд бусад намд саналаа өгсөн ард түмний  65 хувь гэдэг харьцуулашгүй дийлэнх олонхи.Тэднийг басч чамлаж эрдэж болохгүй. Ардчилсан үзэл санаа ямарч тохиолдолд зөв харагддагийн хүчинд л АН-ын нэр хүнд ихэнхдээ унадаггүйг ойлгох хэрэгтэй. Иймд АН нь ардчилсан үзэл санаагаа гутаахгүйн тулд аль болох нэр цэвэр, ашиг сонирхлын зөрчилгүй зөв хүмүүсээ албан тушаалд томилж, зөв хамтрагчаа сонгож байж л нийгэмд зөв харагдана.  Ард түмний итгэл хүлээлгэсэн 35 хвийнхаа ч, АН-д итгээгүй 65 хувийн дэмжлэгийг ч хүлээнэ.

Хоёр. МАН

АН бол УИХ-ын 76 суудлынматематик утгын ялагч. Яаж ч үгүйсгэж сонгуулийн луйвар гаргаж ирээд ард түмнийг төлөөлж засгийн эрх барих эрхийг АН-аас аль ч улстөрийн хүчин булааж чадахгүй. Энэ бол хууль. Тэгэхдээ хуваалцаж, хамтарч засаглахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ.  Харин улстөрийн өрөг дээрх ашигтай байрлалаар нь харвал энэ сонгуульд МАН нь ялчихсан ч юмшиг. Могой тасравч гүрвэлийн дайтай, Монгол задравч Францын дайтай гэж үг бий. Хэмжээ илэрхийлсэн энэ харьцуулалтыг С.Баяр нэгэнтээ “могой тасравч гүрвэлийн дайтай, МАХН задравч АН-ын дайтай” гэж улстөрийн эрэмбэ, рейтинг болгож хөрвүүлсэн юм гэдэг. Бас л ортой хэлжээ. Ерэн жилийн брэнд нэрээ сольж, дотроосоо МАХН-ыг төрүүлж хоёр хуваагдсан ч гэсэн МАН АН-аас 3-4 суудал л дутуу авав. Хотынхон АН-ыг дэмжсэн бол, хөдөө орон нутгийнхан МАН-ыг, С.Батболдын Засгийн газрын бодлогыг дэмжлээ. Хамгийн гол нь тус нам одоо засгийн гадна үлдсэн ч, засагт орсон ч шатрын хөлөг дээр эрх баригчийн дайтай цөөнх байх ашигтай байрлалд очив. 2008-2012 оны АН шиг дураа хүрвэл Засгийн газарт орж эрх баригч, дургүйгээ хүрвэл засгаас гарч сөрөг хүчин болох ээлж энэ удаа МАН-д ирлээ. Аль ч хувилбараар явсан АН-тай адил хэмжээнд хариуцлага хүлээхгүй. Яагаад гэвэл энэ удаа МАН биш, АН ачааны хүндийг үүрэх хариуцлага хүлээсэн. Хэрвээ засагт орно гэвэл УИХ-ын даргаа авна. Засгийн газрын гишүүдийг АН, МАН-аас эн тэнцүү томилно гэнэ. Бүр нарийн яривал Шадар сайдыг нэхэж, дэд сайдтай байна гэвэл тэднийг 2008-2012 оных шиг солбиж томилохыг шаардаж ч мэднэ. Үгүй гэвэл сөрөг хүчин болохоор гэдийнэ. Хэрвээ засагт орохгүй гэвэл эрх баригчдын бүх бодлогыг 1996-2000 оных шигээ УИХ дээр бойкотлоод, унагаж гацаагаад байх хангалттай кноп МАН-д бий. Тус нам сөрөг хүчин болох нь зөвхөн АН-д төдийгүй, Ерөнхийлөгчид ч ашиггүй. Сөрөг хүчин болсноор 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгчөө бэлтгэх бололцоо МАН-д гарч ирнэ. Н.Энхбаярыг 2013 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой. Тэр үед Н.Энхбаярыг хорьсон муухай нь МАН-д биш, АН дээр л наалдаж харагдана. МАН ньМАХН-тайгаа нэгдэж эвсээд Ерөнхийлөгчийн сонгуульд орж болох юм.Энэ мэтээр УИХ дээр Засгийн газрынх нь ажлыг гацааж, Ерөнхийлөгчийг бүдгэрүүлээд байх улстөрийн тоглолт хийх боломж МАН-д бий болов. Тэгэхдээ энэ нь МАН-д л улстөрийн ашигтай болохоос улс оронд, улстөрийн тогтвортой байдалд ямар ч ашиггүй. Тэгэхээр хэнтэй эвсэх нь зөвхөн АН-ын асуудал биштэй адил сөрөг хүчин болж улстөржин намаа бодох нь бас зөвхөн МАН-ын асуудал биш юм. МАН шинэчлэгдэх нь хэрэгтэй ч, улс орон хөгжиж, айл өрхийн амьдрал дээшлэх нь илүү хэрэгтэй. Нам нь ялагдсан ч С.Батболдын Засгийн газрын эхлэлийг нь зөв тавьсан, жишиг тогтоосон эхлэлүүд олон бий.  Эдийн засаг өсч, улс орон эрчимтэй хөгжих үү, уул уурхайтайгаа хамт улсаараа гаднын хараат болох уу гэдэг торгон мөч ирж буй энэ он жилүүдэд МАН, АН-ын дотоод асуудал, улстөрийн ашиг бол бүр 30, 40 дүгээр асуудал байх ёстой. 

Сонгуульд цөөнх болсон нь хотод МАН-ыг нэр хүндгүй болгож байгаа хотын бүлгээсээ салах боломж гаргав. Энэ бол МАН-ын хувьд цэвэрших том боломж. МАН-ынхан хотод АН яагаад ялаад байна, машинд но байна гэж бурууг бусдаас хайхаас өмнө нам дотроосоо буруутныголж харах хэрэгтэйг ард түмэн өөрсдөө санууллаа. “АН бол хотын л нам” гэж өрсөлдөгчөө доош хийх хэрэггүй. Хэрэв тийм бол МАН ч гэсэн “хөдөөний л нам” болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Ард түмнээ хот, хөдөөгөөр нь ялгаж талцуулан хуваах хэрэггүй. Ганцхан монголчуудын олонхи нь амьдардаг нийслэлд яагаад МАН үргэлж ялагдаад байдгийн шалтгааныг олохоос тус намын цэвэрших явц, шинэчлэл эхэлнэ.

МАН хотын 20 мандатыг 2004 оны сонгуулиар 12-ыг нь, 2008 оны сонгуульд 16-г нь алджээ. 2012 оны сонгуульд, Сонгинохайрханд ялагдал хүлээвэл 19-ийг нь алдах болж  байна.  2009 оны сонгуулиар хөдөө ялагдсан Ц.Элбэгдорж хотод л ялснаар Ерөнхийлөгч болсон. Нийтдээ сүүлийн таван сонгуульд МАН хотод, буюу нийгмийн хамгийн мэдээлэлтэй хэсэгт дараалан ялагдлаа. Эдгээр ялагдал нь 22 жилийн үр дүнгээр бий болсон газрын наймаа, төлөвлөлтгүй хот, утаа, түгжрэлтэй замаас үүдэлтэй хотынхны бухимдлын илэрхийлэл байв. Энэ бүхэнтэй байнга нэр холбогддог нь Хотын бүлэг.  Засаг дарга Г.Мөнхбаярын баг Хотын бүлгийн балгийг бүтээн байгуулалт, бодитой ажлуудаар баллуурдах гэж сүүлийн дөрвөн жилд хэрэндээ л зүтгэсэн. Замын шинэчлэл, инженерийн шийдэл, орон сууцжуулах санаачилга гээд чадлаараа зүтгэсэн, бүтээсэн, босгосон. Гэвч Г.Мөнхбаярын бий болгосон дөрвөн жилийн эерэг имижийн дэргэд хотын бүлгийн 22 жилийн балаг дэндүү их байсан учраас хотынхон таних ч үгүй, зүсийг нь ч үзээгүй АН-ын нэр дэвшигчдийн төлөө харанхуйгаар саналаа өгч, үлгэр байх гэж эргэлзсэн хэрнээ л Үүл баатарт итгэлээ. Үүнээс илүү бухимдал, дургүйцэл гэж юу байх билээ. Үүнээс өөрөөр яаж ч илэрхийлэх билээ.  Өөрөөр хэлбэл, энэ удаа АН хамгийн олон суудал авахад ардчилсан үзэл санаа их нэмэр боллоо гэдэг шиг МАН хотод ялагдахад том намынх нь рейтингээс Хотын бүлгийнх муу нэр хүнд илүү гай тарив. Сонгуулиас сонгуульд ийм л байсан. МАН-ынхан үүнийг мэдэрдэг ч, зөвхөн эм уух төдийхнөөр өвчнөө дарж явсаар олон хавар нэгэндээ гэдгээр энэ удаа навс ялагдлаа. Одоо өвчнөө эмээр түр дарах биш, мэс заслын аргаар төгс эмчлэх хэрэгтэйг МАН-ынхан гэлтгүй Хотын бүлэг нь ч ойлгосон байх.

Гурав. Н.Энхбаяр

Энэ сонгуулийн ялалтыг хувь хүн дээр буулгавал намаа хамгийн олон суудалтай болгосон Н.Алтанхуяг хараахан биш. Ялагдсан ч, намаа улстөрийн өрөг дээр хамгийн ашигтай байрлалд авч үлдэж чадсан С.Батболд ч биш юм.  Энэ сонгуулийн ялагч бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Тэр шоронд хоригдсон өөрийнхөө нэр хүнд, МАН-аас жийгдсэн “Х” үсэгний тусламжтайгаар зарим хүнийг гудамжны тэмцэгчээс УИХ-ын гишүүн болгож чадлаа. Сонгуулиас дөнгөж жилийн өмнө байгуулсан намаа шоронгоос, гэрийн хорионоос удирдаад 20 хувийн санал цуглуулж парламентад бүлэгтэй болгож чадлаа. Түүнийг эхлээд цагдан хорьсон, дараа нь зөвхөн Улаанбаатараас гадагш явахгүй гэж нутаг заасан. Гэвч энэ бүхэн нь Н.Энхбаярт нэмэх рейтинг авчирлаа. Түүний улстөр шинээр эхэлж байна. Түүнд одоо МАН бус, АН илүү сонин болсон. Намаа засагт оруулж, өөрөө Шадар сайд болоод Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэсэн болзол МАХН-аас АН бөгөөд Ерөнхийлөгчид ирж болох л юм. Гэвч дараа нь хэлснээсээ буцаж болох учраас энэ нь Ц.Элбэгдоржид эрсэдэлтэй. Тийм учраас Н.Энхбаяр 2013 оны сонгуулийг хуулийн хориглолт дор өнжиж л таарах болов уу. АН-ын зарим лидер Н.Энхбаяргүй МАХН-тай эвсэх, эсвэл тус эвслийг задалж хуучин МҮАН-тайгаа нийлэн олонхи болох хувилбарыг дэвшүүлж байна. Үнэхээр ч Н.Энхбаяргүй бол МАХН гэж байх, бараг оршин тогтнох боломжгүй. МАХН-ын тулгуур нь Н.Энхбаяр болохоос, одоо тус намаас УИХ-д сонгогдсон гишүүд нийлээд ч түүнтэй эн зэрэгцэх хэмжээнд намаа төлөөлж чадахгүй. Нэг удаагийн батарей гэж байдаг даа. Түүн шиг МАХН-ын эвслээс сонгогдсон гишүүдийн олонхи нь нэг удаагийн л УИХ-ын гишүүд. Зарим нь улстөрийн карьер нь дуусч байхад, зарим нь ийм аз хүнд хоёр удаа тохиохгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Тийм учраас тэдний заримд Н.Энхбаярын хувь заяа, сонгуулийн том амлалт, сонгогчид одоо сонин биш. Ямар ч аргаар хамаагүй сайд болох нь л чухал. Гэхдээ АН арай МАХН-ыг сонгохгүй байх. Нам дотроо Алтан гадас, МҮДН-ынхан, МоАХнь засаглаж Ерөнхий сайдаа томилсон тохиолдолд тэд арай ч МАХН-ыг хамтрагчаараа сонгохгүй. Ер нь АН-ынхан МАХН-тай эвссэн тохиолдолд 39-өөс олон суудалтай болжЗасгийн газрыг байгуулах эрхзүйн боломжтой л болохоос бус, асуудлаа шийдэх хангалттай ирц, олон түмэнд үнэлэгдэх эерэг нэр хүнд олж олж авч чадахгүй нь тодорхой.

МАХН-ын эвслийг задалж АН-ын угшилтай МҮАН-ыг урвуулах хувилбар ч боломжгүй. Гол нь тэглээ гээд, ийм урвалт явлаа гээд УИХ-д МАХН-ын эвсэл л бүлэггүй болохоос өөр өөрчлөлт гарахгүй. Хэрвээ эвсэл задарвал эвслийн бүлэг тарсанд тооцохыг УИХ-ын тухай хуулинд заасан. 2004-2008 оны Эх орон-ардчилал эвслийн задралаас сургамж авч ийн хуульчилсан хэрэг. Хамгийн гол нь УИХ-ын олонхи, цөөнхийг тухайн сонгуулийн дүнгээр л авсан суудлын тоогоор тодорхойлох Үндсэн хуулийн заалттай. Иймд МАХН-ын бүлгийг задалж МҮАН-ын гишүүдээ урвуулах замаар дангаараа олонхи болох юмуу, эвсч засгаа байгуулах боломж АН-д байхгүй.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.