Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Дараагийн Ерөнхий сайд, бас МАН-ын дарга хэн бэ
1.

Сонгуулийн дүн эцэслээгүй ч зарим зүйл тодорхой боллоо. Сонгинохайрхан, Баянзүрхийн тус бүр нэг мандатын дахин санал хураалт хүчний харьцааг өөрчлөхгүй. АН парламентад хамгийн олон суудал авлаа. Одоогоор 31-32 байх нь. Гэвч нийт суудлын тоо 39 ба түүнээс дээш гараагүй тул АН олонхи болж чадсангүй. Тэгэхээр Үндсэн хуулийн дагуу Засгийн газраа дангаараа байгуулах эрхгүй. Харин хамгийн олон суудалтайн хувьд эвслийн Засгийн газар байгуулах санаачилга, санал тавих эрх АН-д ирлээ. Тэдэнд хоёр сонголт бий. Нэгд МАН, хоёрт МАХН буюу эвсэл. ИЗНН болон бие даагчдын хувьд боломжгүй. Хоёулантай нь нийлээд ч 39 хүрэхгүй.

2.

АН+МАХН-ын эвслийн Засгийн газар байгуулбал суудлын тоо 40 гарчих учраас хууль зүйн хувьд боломжтой. МАХН-ын эвсэл МАН-ыг бодвол олон болзол тулгахгүй, бас “бялуу”-наас багахан зүсэм хүртэх учир АН-д ашигтай. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ыг л илүү тодруулна. Засгийн газрын нөгөө талд МАН тэргүүтэй 30 гаруй гишүүнтэй маш хүчтэй сөрөг хүчин бий болно. Асуудал тэр бүр явахгүй, УИХ дээр дэмжигдэхгүй. Түүнчилэн улстөрд мөнхийн дайсан байдаггүй ч, эвслийн нэг намын дарга нь нэгэн цагт АН-аас хөөгдсөн М.Энхсайхан. Нөгөө нь хууль шүүхийн байгууллагаар ид шалгуулж байгаа Н.Энхбаяр. Иймэрхүү тодотголтой удирдлага бүхий МАХН-ын эвсэлтэй засагт хамтрахыг АН-д итгэл хүлээлгэсэн ард түмэн яаж хүлээж авах, намынх нь нэр хүндэд яаж нөлөөлөх вэ гэдэг нь бас л асуудал. Засагт багтсан тохиолдолд МАХН-ынхан Оюутолгой, Тавантолгойг монголчуудад 100 хувь эзэмшүүлэх сонгуулийн гол амлалтаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгахыг шаардана. АН үүнийг хүлээж авах уу, авахгүй.

МАХН-ын эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулбал АН ба Ерөнхийлөгч хоёрын дунд аажмаар “хүйтэн дайн” үүсч болзошгүй. Учир нь өнгөрсөн дөрвөн жилд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөн дээр АН олон ч удаа тодорсон. Харин 2013 оны сонгуулийн өмнө эргээд АН нь Ц.Элбэгдоржоо бүдгэрүүлэхийг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөх үү, үгүй л болов уу. Яагаад гэвэл Н.Энхбаяр УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын л “дайсан”-өрсөлдөгч байлаа. Одоо сонгуулийн дараагаас эсвэл нь парламентад 10-аад суудалтай болсноор Н.Энхбаяр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгч бөгөөд Ц.Элбэгдоржийн, бас АН-ын “дайсан” болон хувирч байна.

МАХН-ын эсвлийн гишүүд Н.Энхбаярт үнэнч байсан, түүнтэй хүнд үед нь очиж нийлсэн зэргээр сонгогчдод хүн чанараа гайхуулсны хүчинд УИХ-д сонгогдсон. Тэд одоо эргээд Н.Энхбаярт хүн чанараа харуулах өртэй үлдэв. Иймд ямарч хамаагүй аргаар АН-тай Засгийн газарт эвсч эрх баригч болох, ингэснээр Н.Энхбаярыг одоо шалгуулж буй гэмт хэргээс ялгүй мултах нь эвслийнхний хамгийн чухал улстөр. Тэгж байж эвслийн удирдагч Н.Энхбаяраа 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх эрхтэй болгоно. МАХН-ынхан Ерөнхийлөгчтэй болж байж л Оюутолгойн 50 хувийг монголчуудад эзэмшүүлэх, Тавантолгойг төрд 100 хувь буцааж авах сонгуулийн том амлалтуудаа биелүүлэх бага боловч боломжтой болно. Тэр цагт МАХН-ынханд засагт хамтрах, айлын хашаанд хашигдаж суух шаардлагагүй. Илүү өндөрлөгт гарах, өөрийн намаас Ерөнхийлөгч сонгуулж тэрэнтэйгээ хүч хавсран АН, МАН-ыг хамтаар нь хашаад байх боломж бодитой байгааг УИХ-ын сонгуулиар тэд өөрсдөө ч мэдэрлээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгчид дахин үзвэл ялж ч мэдэхээр улстөрд хүчтэй хэвээр байгаа нь саяын сонгуульд намынх нь авсан рейтингээр, өөрөө нэр дэвшээгүй байж хэн ч биш байсан хэсэг хүмүүсийг УИХ-д сонгуулж чадсанаар бусдад ч харагдлаа. Харин МАХН-ынхан Н.Энхбаяраа ялгүй авч гарч чадахгүй, сонгуулийн том амлалтуудаа мөрийн хөтөлбөрт тусгуулж, хэрэгжүүлж чадахгүй, өөрсдөө засагт орвол жинхэнээсээ улстөрийн үхдэл болно.

МАХН-ын эвсэл сөрөг хүчнээр үлдвэл тэрхүү фонон дээр Н.Энхбаярын нэр хүнд мөн адил өснө л дөө. Хамгийн гол ялгаа нь МАХН-ын эвсэл засагт багталгүй сөрөг хүчнээр үлдсэн тохиолдолд Н.Энхбаярыг одоо шалгуулж буй гэмт хэргээс нь цэвэр авч гаргах шантааж, болзлыг АН-д тулгах боломжгүй. Иймд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн намын нэр дэвшигчийн хүчтэй өрсөлдөгчийг АН-ынхан өөрсдөө бэлтгэхгүй л болов уу. Гэхдээ МАХН-ын эвсэл хэзээ нэгэн цагт АН-ын засагт эвсэх л байх. Тэр нь мэдээж, 2013 оны сонгуулийн хойно, хоёрдугаар ээлж хоолонд орох үед, МАН-ыг Засгийн газраас гарсан тохиолдолд АН-д МАХН-ын эсвлээс өөр сонголт байхгүй.

Ер нь Засгийн газрыг байгуулах санаачилга нь одоо АН-д байгаа ч, цаашдаа шаардлага тавьж болзол тулгах давуу эрх засагт орсон, ороогүй МАН-д байсаар л байх боломжтой. АН+МАХН эвслийн үед МАН-ын энэхүү давуу эрх, улстөрийн тоглолт улам л хүчирхэгжинэ.

3.

АН-ын хамтрагч нь МАХН-ын эвсэл биш бол мэдээж МАН. 30 орчим суудалтай МАН-ыг сөрөг хүчнээр үлдээвэл АН-д хэтэрхий эрсдэлтэй. Дахиж МАН-тай эвсэхгүй гэдэг АН-ын генсекийн үг бол тухайн үедээ тохируулсан улстөрийн мэдэгдэл болохоос ард түмэндээ тавьсан тангараг биш шүү дээ. АН-ын лидерүүд улстөрд 20 жил явж туршлагажсан, хүчтэй сөрөг хүчинтэй байхын горыг 1996-2000 онд биеэрээ хангалттай амссан. Тэд нэгэнт явж үзсэн замаараа дахиж явахгүй л болов уу. Тэгэхээр өнгөрсөн дөрвөн жилд байсан МАН+АН, удахгүй АН+МАН-ын Засгийн газар болж нэмэгдэхүүний байраа өөрчлөх нь. Нийлбэр нь хуучнаараа хамтарсан Засгийн газар. Ард түмэн хамтаараа, олуулаа урагшаа явсан хөгжлийн төлөө сонголт хийсэн болохоос бус, хүчтэй сөрөг хүчин гэдгээр гацааж түгжсэн, цаг зогссон юмшиг өдрүүдийг хүсээгүй, сонгоогүй нь тодорхой. Ялагдлаа гэж тунирхах, засагт орохгүй гэж ялархах эрх МАН-д ч байхгүй. Улс орныхоо төлөө, улстөрийн тогтвортой байдлыг эрхэмлэх, эдийн засгийн өсөлтөө хадгалах, өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн өнгөтэй өөдтэй ажлуудаа үргэлжлүүлэхийн тулд АН+МАН болж хамтрах нь одоо байгаа хувилбаруудаас хамгийн зөв бөгөөд боломжтой нь.

4.

Хамтрагчаа сонгосны дараа Ерөнхий сайдын асуудал босч ирнэ. Одоогоор АН+МАН-ын Засгийн газрын Ерөнхий сайд нь АН-ын дарга Н.Алтанхуяг байж таарах болов уу. МАН-ынхан ч хэний Засгийн газарт хамтрах уу гэдгээ харгалзана, тэр шалгуурт Н.Алтанхуяг хамгийн сайн тохирно. Бас АН сонгуульд ялбал дарга нь Ерөнхий сайд болох дүрэмтэй учраас түүгээрээ явах байх. Гэхдээ одоохондоо шүү. АН хүчтэй олон бүлэглэлтэй учраас намын даргаа огцруулах замаар Ерөнхий сайд болдог 1996-2000 оны схемээ дахин зурах магадлал ихтэй. Басхүү эрх мэдэлд хүрэхээрээ л дотроо талцдаг, задардаг, нэгнээ унагадаг зуршил АН-д байдаг, өмнө байсан нь хэн ч үгүйсгэхгүй үнэн билээ. Ялах байсан намаа ялуулж чадаагүйн хариуцлагыг Н.Алтанхуягаас нэхэж мэдэх л юм. Тэр үед Алтангадас болон Х.Баттулга гишүүний МоАХ, З.Энхболдын Ардчилсан хүчний холбоо бүлэглэлийн дунд ээлжлэн Ерөнхий сайд, Засгийн газрын тулаан өрнөхгүй гэх баталгаагүй. МоАХ, Ардчилсан хүчний холбоо хоёрын нэгд УИХ-ын дарга, дэд дарга юмуу, Шадар сайдыг  өгөх замаар одоо байгуулах Засгийн газрын тогтвортой ажиллах хугацааг уртасгаж болох хувилбар бас бий. Хэрвээ одоо байгуулах Засгийн газрын Ерөнхий сайд нь Н.Алтанхуяг биш бол түүнийг УИХ-ын дарга болгож байж АН нэр хүндээ эерэгээр авч үлдэнэ. Гэтэл хүчний харьцаа ойрхон учраас 2004 оных шиг Ерөнхий сайд, УИХ-ын даргаа солбиж авах саналыг МАН-аас тавьж мэдэх л юм.

Энэ бүхнээс харвал АН хамгийн олон суудалтай боллоо гэж баярлахаасаа өмнө хамтрагчаа сонгох сонголт дээр нэг талаас МАХН-тай эвсч МАН-ыг улстөрд тодруулах, Ерөнхийлөгчтэй муудалцах, нөгөө талаас МАН-тай эвсэхэд тэдний хязгаагүй болзлуудыг хүлээж авах гэсэн хайчин галын дунд орж байна. Засгийн хамтрагчаараа МАХН-ыг сонговол энэ гал руу бүр л гүнзгий орно.

5.

Ерөнхий сайд, Засгийн газрын дараа хамгийн сонирхолтой сэдэв нь МАН-ын удирдлагуудын сэлгээ. Хөндлөнгийн янз бүрийн  шалтгаан байсан байж болох ч нэгдмэл намаа хоёр болгож хуваасан, 45 суудалтай намыг 30 орчим болгож бууруулсан, нэр дэвшүүлэлтийн зарим буруу оноолтын алдааг намын удирдлагууд багаараа хүлээх нь шударга ёс. Угаасаа У.Хүрэлсүх нам ялагдвал хариуцлагыг би хүлээнэ гэж мэдэгдсэн учраас тэр хэлсэндээ хүрэх  байх. Тэгээд ч МАН-ын дүрмээр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга нь орон тооных учраас намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байгаа У.Хүрэлсүхийн оронд орон тооны генсекийг сонгож таарна.

Хэрвээ намын дарга солигдлоо гэхэд МАН-ын дараагийн даргад Ө.Энхтүвшин, М.Энхболд, Н.Энхболд, эсвэл бүр залуу үеийг төлөөлж Ж.Энхбаяр өрсөлдөх ба байж болох хамгийн өндөр магадлал. Мэдээж, намын дарга байг гэхэд УИХ-ын гишүүн-бүлгийн ахлагч, эсвэл эвслийн Засгийн газарт Шадар сайдын хэмжээнд алба хашиж байж МАН-ыг удирдана. Харин ерөнхий нарийн бичгийн даргад фракцуудын дэмжлэг нь байдаг бол, духан дээрээ элдэв хаяггүй цэврээрээ ч, улстөрийн туршлагаараачхамгийн боломжтойнь Д.Одбаяр гэх яриа бас ч оргүй таамаг биш байх. Хэрвээ МАН УИХ-ын даргыг авбал түүнд Ө.Энхтүвшин, Н.Энхболд хоёрын нэг, харин Шадар сайдыгавбал Сү.Батболд, М.Энхболд хоёрын нэг байх болов уу. Хамгийн гол нь МАН-ынхан АН-аас санал болгосон, шахаж авсан албан тушаал-сайд нар дээрээ хэнийгээ зоох нь намын удирдлагуудын асуудлыг хамтарсан Засгийн газарт орохоосоо өмнө ярих уу, дараа нь уу гэдгээс хамаарна.

6.


Улс төрийн иймэрхүү халуун үйл явдлууд улирлын халуунтай хамт энэ зуны турш олон түмнийг зэрэг “зодох” болов уу.

Ард түмний сонголтоор энэ удаагийн УИХ-ын бүрэлдэхүүн  өмнөхөөсөө сайжирч бүтэц нь дээрдлээ. Аль ч хувилбараар Засгийн газрыг байгуулсан УИХ-д хяналт, сөрөг хүчин үлдэнэ. Нэг нь хэтэрхий олонхи болж бүхнийг шинээр эхлүүлэх, дураараа сэлэм эргүүлэх боломжийг хааж, хоёр том намын суудлын харьцааг тэнцүүлж, хажууд нь хянах сөрөг хүчин сонголоо.АН яллаа гэж хөөрөх, МАН ялагдлаа гэж гонсойх хэрэггүй. Ялангуяа аль нь ч олонхи болоогүй байхад ялсан нам нь манайх болж, ялагдсан нь танайх гэж талцах нь бүр тэнэг хэрэг. Нэмэгдэхүүний байр солигдож ачааны хүнд нь МАН-аас АН-д л ирлээ.

Ардчиллыг дэлхийд нэг нам битгий хэл, нэг улс ч өмчилж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Харин Монголд бол ардчиллыг эхлүүлж тугч нь явсан гэдгээрээ АН өмчилдөг нь тус намыг хамгийн олон суудал авахад ямар нэгэн хэмжээгээр нөлөөллөө. Монголдоо ардчиллын дууч нь одоохондоо АН байгаа, өөр сонголтгүй учраас л ард түмэн тус намаар төлөөлүүлэн ардчилалд ачааны хүндийг үүрүүллээ. Өөрөөр хэлбэл, АН-ын авсан хамгийн олон суудал бол ардчиллыг дэмжсэн санал, АН-ын өөрийнх нь нэр хүнд, МАН-д дургүйцсэн дургүйцэл гурвын нийлбэр юм. Эндээс АН-д өгсөн санал, ардчиллын төлөө өгсөн санал хоёрыг ялгаж салгаж аваанзын ялалтаа жинхэнэ болгож баталгаажуулж чадах эсэх нь АН-аас л хамаарна. Одоо ард түмний сонголтыг хүндэтгэж амлалтаа хэрэгжүүлэх ажлаа эхэлье. Ялсан нь тугаа тойрч, ялагдсан нь танхимаа өгч суръя. Сонгууль нэгээр дуусахгүй.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.