Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
МАХН-ын PR-ийн БАГ
Ялагдсан нэр дэвшигч 28-аас дээш хувийн санал авсан л бол намын лист рүү гулсч сонгогдох заалтыг Цэц хүчингүй болголоо. Хаалгаар хөөгдөж гарсан хүн УИХ-д тооноор орж ирэх боломжийг хааснаар Сонгуулийн хууль улам сайжирлаа. Одоо намын листийн 28 нэр дэвшигчийн чансааг ард түмнээс авсан саналынх нь тоогоор эрэмбэлбэл энэ хууль бүр сайн болохсон. Даанч тийм цаг хуга­цаагүй, МАН-аас гарсан ийм саналыг АН хүлээж аваагүй юм.

Үүнээс гадна гишүүд санаатай мартав уу, санаандгүй үлдээв үү гэж эргэлзмээр нэгэн ойлголт Сонгуулийн хуулийн эргэн тойронд бүрхэг үлдлээ. Энэ нь сонгуулийн дараа жинхэнэ “хэрүүлийн алим” дэгдээх парла­мен­тын намын тухай ойлголт юм. Ямар намыг парламентад суудалтайд тоо­цох тухай нэгдсэн ойлголт, хуульчил­сан заалт алга.

Сонгуулийн хуулиар нийт сонгогч­дын таван хувийн босго давсан нам УИХ-д суудал авна. Нийт сонгогчдын таван хувийн саналыг авсан бол УИХ-ын 76 суудлын таван хувь буюу бараг дөрөв нь тухайн намд ногдоно. Гэтэл нам нь таван хувийн босгоо даваагүй атлаа гишүүд нь тойргоос сонгогдвол түүнийг парламентад суудалтай намд тооцох уу, үгүй юү.



ЖИШЭЭ 1.


ИЗ-НН таван хувийн босгоо давсангүй гэж бодъё. Гэтэл энэ намын дарга Д.Энхбат, С.Оюун нар тойргоос сонгогдоод гараад ирвэл тэднийг сул гишүүд гэж үзэх үү. Эсвэл УИХ-д ганц, хоёрхон суудалтай байсан ч хамаагүй, өмнөх шигээ парламентын намд тооцоод явах уу.

ЖИШЭЭ 2.

Нам нь босго даваагүй ч, тойргоос сонгогдсон гишүүдийнх нь тоо босго давсан намынхтай ижил, эсвэл илүү олон байвал яах вэ. ИЗ-НН таван хувийн босго даваагүй ч, тус намаас Д.Энхбат, С.Оюун, З.Алтай, С.Ган­баатар фэнг-шү, С.Дэмбэрэл гээд таван хүн тойргоос сонгогдвол тэд бүгдээрээ сул гишүүд үү. Гэтэл МАХН дөнгөж таван хувийн босго давж нийт дөрвөн суудал авсан байхад тэднээс олон, таван сул гишүүнтэй ИЗ-НН-ыг парламентад суудалгүй гэж үзэх үү.

Энэ хоёр жишээний аль ч тохиол­долд ИЗ-НН-ыг парламентад суудал­гүй, тойргоос сонгогдсон гишүүдийг нь сул гишүүнд тооцох учиртай. Энэ нь олон улсын жишиг. Сонгуулийн хуульдаа пропорциональ элемент оруулсны ач холбогдол нь энэ. Босго бол тухайн намын ард түмний дунд байгаа нэр хүндийн илэрхийлэл, хариуцлагын үнэлэмж.Намуудад босго тогтоосны үнэ цэн нь энэ. Сонгуулийнхаа хуулиар бусдад жишиг болдог Германд бол босго даваагүй намыг парламентад суудал­тайд тооцохгүйг бүр хууль­чилсан байдаг. Харин манайд ингэж хатуу хуульчил­сан заалт, Дээд шүүхийн тодорхой тайлбар одоогоор алга. Ц.Нямдорж сайдын хэлснээр манай улстөрчид бүгдээрээ “ТМС”-ийн  хуульчид, бас хуулийг хүссэ­нээрээ тайлбарладаг  учраас энэ талын мар­гаан гарахгүй гэх газаргүй. Парламен­тад суудалтай нам бол сул гишүүдтэй, эсвэл огт суудалгүй намаас олон давуу эрхтэй. Тэдгээрээс хамгийн чухал нь пар­ламентад суудалтай нам Ерөнхий­лөгчид нэр дэвшүүлэх эрх эдэлдэг, улсын төсвөөс санхүү­жилт авдаг.

Өмнөх жишээгээр нам нь босгоо давж парламентынх бо­лоогүй, Д.Энхбат, С.Оюун нарыг сул гишүүнд тооцно гэвэл ИЗ-НН 2013 оны Ерөнхийлөг­чийн сон­гуульд нэр дэвшүүлэх эрхгүй бол­но. Тэгэхээр босго бол на­муу­дыг Ерөнхийлөгчид нэр дэв­шүүлэх эрхтэй болох эсэ­хэд нь  шууд нөлөөлөх  шал­гуур юм. Хэрвээ ИЗ-НН, МАХН-ын аль аль нь таван хувийн босгоо давахгүй бол Н.Энхбаяр Д.Энх­бат нар 2013 оны Ерөнхий­лөг­чийн сонгуульд өрсөлдөх эрхээ хамаагүй наа­на, УИХ-ын сонгуу­лиар алдана гэсэн үг. Иймд на­мууд, ялан­гуяа жижиг намуудад  парламен­тад суудал­тайд тооцог­дохын тулд листийн 28 хүнээ ямар лидер нь тэргүүлж, хойноос нь хэн жагсах вэ гэдэг хамгийн чухал. ИЗ-НН-ын Д.Энхбат юмуу С.Ганбаатар, хэрвээ Ерөнхий­лөгч асан Н.Энхбаяр нэр дэвш­лээ гэхэд тэд тойрогт очиж ганц сууд­лын төлөө үзэж байхаар на­маа парламентад суудалтай болгохын тулд листээ тэргүүлж таван хувийн босгоо давах, араасаа ганц нэг хүн дагуулж орж ирэх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, Чапаев жанжин ямагт цэргийн­хээ өмнө явдаг гэдэг шиг өөрий­гөө намын дарга, энэ намын лидер гэж үздэг, намынхаа өн­гөтэй өөдтэй хэн боловч листээ тэргүүлэн жагсах шаард­лагатай болно.

Одоо хү­чин­тэй хуулиар найм ба түүнээс дээш гишүүн­тэй бол УИХ-д бүлэг байгуулах эрхтэй. Энэ босгыг 15 болго­хоор намын бүлгүүд ярилцаж эхэл­жээ. Энэ нь босго тог­тоо­сон Сон­­гуулийн хуультайгаа зөр­чилдөж байгаа юм. Хэрвээ бус­дын жишээ, сонгуулийн пропор­циональ элементийн жишгээр явах гэж байгаа л бол таван хувийн босго давсан нам болгон парламентад бүлэг байгуулах эрхтэй. Гэтэл үүнээс илүү эрхэм, басхүү алсын улс төр энэ хоёр намд байгаа бололтой.

Бүлгийн гишүүдийн доод босгыг 15 болгох нь хоёр шалт­гаантай байх. Энэ санааг МАН-аас яаравчлан гаргаж ирсэн нь Н.Энхбаярыг баригдахаас өмнө тус намаас гарч МАХН-ын бүлэг байгуулах гишүүдийн тоо 9-д хүрээд байв. Харин АН-ын захиал­гаар хийсэн гэж хар­дагдаж байгаа Сантмаралын сүүлийн судалгаа, МАН-ын “Прогноз”-ын судалгаа­гаар МАХН-ын рейтинг 10 хувь­тай гарчээ. Тус нам сонгуулиар 10-аас илүү хувийн санал авбал энэ нь 76 суудлын найм буюу одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар намын бүлэг байгуулах боломжтой гэсэн үг. Бүлэг байгуулбал тэндээс Үндсэн хуулийн дагуу УИХ-ын дэд дарга “төрнө”, бас завсар­лага авах эрх эдэлнэ. Эдгээрийг Н.Энхбаяр, М.Энх­сайхан нарын эвсэлд эдлүү­лэх­гүйн тулд л урьдчилан сэр­гийлж бүлэг байгуулах босгыг 15 болгох сонирхол МАН, АН-ын аль алинд байгаа бололтой.

Ер нь үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг энэ парламент төгсгөл дээрээ их л олон буруу жишгийг эхлүүлж, танхимаараа МАХН-ын PR-ийг хийлээ. МАХН-ын рейтинг судалгаа­гаар өндөр хувьтай гараад байгаа нь олон түмний өрөвдөх сэтгэлгээ, Н.Энх­баярыг баривч­лах ажил­ла­­гааны сүр, бүдүүлэг алдаанд дургүйцсэний хариу үйлдэл гэдгийг эрх баригчид мэдэхгүй байна. Тэртэй тэргүй Н.Энх­баярын шүүх хурлыг удахгүй хийж ял өгөн нэр дэвших эрхийг нь хасна, Ардын намаас той­роггүй хоцорсон болгон МАХН руу явна, тэр хэрээр угаасаа листийн 28-д багталцаж ядан байгаа үүсгэн байгуулагчид болон М.Энхсай­ханы МҮАН-ынхан, тойроггүй болж ирсэн экс МАН-ынхны дунд зөр­чил явна гэдгийг эрх бариг­чид тооцоолж л байгаа. Тэгсэн ч эрх баригчид сандарч байна. АН нь МАН-аа зориуд сандар­гаж байна. Түү­гээр явж байсан гайг үүгээр дуу­дав гэдэг шиг тэнд явж байгаа хууль шүү­хийн ажиллагааг чуулганы тан­химд татан авчирч 14 хоног улс­төрж­лөө. Улсын Ерөн­хийлөгч байсан хүн хоригд­лоо гээд УИХ бүхлээрээ ан­хаарч болох ч энэ үйл явдал дээр МАН, АН хоёр хоёулаа сонгуулийн оноо цуг­луу­лах улс төр хийсэн нь олон түм­ний зэвүү дургүй хоёрыг зэ­рэг хүргэлээ. Энэ бүхэн нь эцэс­тээ Ц.Ням­дорж сайдыг огцруу­лах биш, Н.Энх­баярын МАХН-д л нэмэх рейтинг болов.МАХН-ын энэхүү 10 хувийн рей­тинг бол МАН, АН-д, Н.Энх­баярын баривчилгааг тойрсон алдаанд дургүйцсэн олон түмний бухимд­лын л нийлбэр. УИХ, МАН, АН хамтаараа нийлж байгаад МАХН-ын PR-ийг хийх болсон ажлынх нь нь үр дүн юм.

Төрийн бүх өндөр албанд хүр­гэсэн намаасаа урвасан, өөрөө л байхгүй бол улс орон сүйр­чих юм шиг улс төрд эргэж ноцсон, авлига авсан, өөрөө Ерөн­хийлөгч байсан хүн байж төрийн хуулийг үл хүндэтгэн улан­даа гишгэсэн гэдгээрээ Н.Энхбаяр муухай л даа. Гэх­дээ “сонгуулиас л өмнө шүү” гэж байгаа юм шиг түүнийг цаг нар­тай өрсөн яллаж байгаа хүчир­хийлэл нь бүр муухай харагдаж байна. Н.Энхбаяр баригдах байцааг­дах, хоригдох, бүр ял авах хэмжээний гэмт хэрэгтэй гэдэг нь үнэн л байх. Харин энэ бүхнийг сонгуультай тулгаж хийсэн, хуулийн бай­гуул­лагын ажиллагаанд УИХ бүхлээ­рээ хөндлөнгөөс оролц­сон, бу­сад сэжигтэнд үйлчилдэг хэрэг мар­гаан шийдвэрлэх цаг хуга­цааг товчилж байгаа зэр­гээс нь ямар ч байсан ардчилал, шудар­га ёс төгс харагдахгүй, үнэртэх­гүй байгаа. Харин ч сонгуулиас өмнө шоронд хорьж өрсөлдөгчөө намнах улс төр юм биш үү гэсэн эргэлзээ олон хүнд бий боллоо. Эрх баригчид энэ эргэлзээг тайлахын оронд хуулийн даран­гуйллаар харин ч лавшруулж байна. Үүний нэг нь УИХ-д бүлэг байгуулах доод босгыг 15 болгох тухай хуулийн төсөл юм.

Сонгуулийн босгоос өндөр босгоор, 15 гишүүнээр парла­ментад бүлэг байгуулна гэвэл энэ нь дөр­вөөс олон сул гишүүнтэй намыг пар­ламентын намд тооцож болохтой адилхан юм. Хэрвээ бусад улсын нэгэн адил заавал босгоо давсан намыг л парла­ментад суудал­тайд тооцно гэвэл мөн тэдний адил босгоо давсан нам болгон парламентад бүлэг байгуулах эрхтэй. Логик болон бусдын жишээ, жишиг ийм. Иймд байгаа, болж байгаа хуулиа оролдож суу­хаар байх­гүй, зохицуулалтгүй цоорхойгоо нөхөх нь цаагуураа бас л Н.Энхбаярын эвслийн эсрэг хийж буй хамгаалалт юм.

Жишээ нь, сонгуулиар МАХН таван хувийн босгоо давах­гүй ч байж болно. Парламентад суудалгүй учраас бүлэг байгуу­лах тухай ойлголт байх­гүй, бас Ерөнхийлөгчид нэр дэв­шүүлэх эрхгүй. Хэрвээ МАХН-ын эвс­лээс ганц, хоёр хүн сул ги­­шүү­нээр УИХ-д сонгогдвол Н.Энх­баяр хууль шүүхийн про­цессоо дуусгаад тэрхүү ганц суудлын­хаа квотоор Ерөнхий­лөгчид нэр дэвших гэнэ, намаа парламентад суудалтай гэж үзнэ. Тэр цагт:

-Н.Энхбаярыг дахин барьж хорих,

-Түүнийг ерөөсөө Ерөн­хийлөгчийн сонгууль дуустал хорих,

-Эсвэл парламентад суу­дал­тай нам гэж ямар намыг хэлэ­хийг хуульчилсан бэлэн хууль­тай болох
гэсэн гурван сонголт гишүүдийн өмнө зохи­цуулалтгүй байна. Параламен­тад суудалтай намд тооцох, бүлэг байгуулах квотыг сонгуу­лийн босготойгоо уялдуулж тогтоох зэрэг эдгээр цоорхойг сонгуу­лийн өмнө, өнөөдөр л салаа утгагүйгээр хуульчлахгүй бол сонгуулийн дараа улаан хэрүүл, ухаалаг үнэмлэх шиг сунжирсан маргаан дагуулж мэдэх л юм.

Тиймээ, МАХН-ын PR-ийн “баг”-ийнхны дараагийн ажил нь Н.Энхбаярын эвсэлд “зо­риулж” УИХ-д намын бүлэг байгуулах босгыг 15 болгох санал юм.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.