Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголын нүүрсийг ороосон ДОРНЫН ЛУУ
2012 оны 4 сарын 26 [Уншсан тоо: 55573]
Эдийн засагт, тэр дундаа уул уурхайд төрийн оролцоог аль болох багасгах ёстой гэж манайхан номлодог. Тийм л байх. Тэгсэн хэрнээ манай улсын төрийн оролцоо багасч, гадаад улсын төрийн оролцоо нэмэгдээд байдаг нь сонин. Монголын л онцлог байх гэмээр. Баялгийн эзэд нь дотроо хэрэлдээд, тэр хойгуур нь гаднынхан баялагт нь эзэн сууж дураараа зарж эзэмшиж, мөнгө босгох юм.Тэгсэн атлаа гаднын­хантай өрсөлдөж яваа үндэсний компаниудаа, өрсч лиценз авсан монголчуудаа илүүд үзнэ. Хуйвалдаж авсан лицензийг нь хураана гэж улстөржинө, хятадуудад зарчихна гэж хардана.Монголчуудын “тамын тогоо”-ны үлгэр нь энэ байх гэмээр.

Монголчууд биднийг дотроо ингэж  зодолдож байх зуур гаднынхан ашигт малтмалын ихэнх лицензийг авсан. Дараа нь дураараа зарж, хоорондоо шилжүүлж эхэлсэн.Одоо бүр тухайн салбарт нь бүхэлдээ гаднын монопольт зах зээл тогтоож эхэллээ.Үүний хамгийн тод жишээ нь нүүрсний салбар болов.

Өмнөговь аймгийн найман сумын нутгийг хамарсан дөрвөн ч том ордын нийт 29 лиценз эзэмшдэг “Саусгоби сэндс” компанийн 71 хувийг БНХАУ-ын төрийн өмчийн компаниуд эзэмших болбол манай нүүрсний  олборлогч, тээвэрлэгч, худалдан авагч нь гаднын нэг улсын-нэг компанийн гарт орно гэсэн үг. Хэрвээ “Саусгоби сэндс”-ийг “Чалько” авбал Өмнөговь орчмын, Өмнөговь гэхээрээ ер нь Монголын нүүрсний нөөцийг тэр чигээр нь, өмнө зүгийн нутгийг бүхлээр нь  Дорнын луу ороож эхэлнэ. Ингэснээр олон сая тонн нүүрсээ зарж, иргэддээ үнэгүй хувьцаа эзэмшүүлж улс нь хөгжинө, иргэд нь баяжина гэсэн монголчууд бидний мөрөөдөл хоосорч бараг лөөлөө болох нь.

Цааш уншихын өмнө, Дорнын луу Монголын нүүрсийг хэрхэн ороож буйг мэдрэхийн тулд доорхи зургийг сайтар уншина уу.



Монголчууд бид нүүрсний нөө­цөө алдсан нь үнэн. Гэхдээ хараахан бүгдийг нь тавиад туучихаагүй бай­на. “Айвенхоу майнз”, “Чалько”-гийн най­мааг зогсоох боломж, цаг хуга­цаа бас байна. Буруутныг хайж, сонгуу­лийн оноо цуглуулах улстөр хийх нь одоо хоёрдугаар асуудал. Харин наймааг зогсоох, үүгээр далимдуулж стратегийн салбарт болон гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуультай болох нь хам­гийн чухал.

БОЛОМЖ. “Саусгоби сэндс” компани нь Виржинид бүртгэлтэй. Тус компанийн байрладаг улс буюу Английн хуулиар “Саусгоби сэндс”-ийг зарж байгаа үйл ажиллагаа, худалдан авалтыг 35 хоногийн хугацаанд барьдаг. Энэ хугацаанд бусад жижиг хувьцаа эзэмшигчийн саналыг авдаг хуультай. Ямар ч наймаа хийгдэхгүй. Олон улсын энэхүү хууль, дүрмийг бид  ашиглах ёстой. Энэ 35 хоногт нь багтаад бусад улсын адил гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуультай болох хэрэгтэй. Хууль дүрэм буцаж үйлчилдэггүй нь олон улсын жишиг. Тийм учраас дээрх 35 хоног нь дуусахаас өмнө хуулиа баталбал 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нд албан ёсоор зарлагдсан “Айвенхоу майнз”, “Чалько”-гийн наймаа зогсох боломжтойг шинжээчид хэлж байна.

ХУГАЦАА. Дээрх 35 хоногийг тоолж эхлэх хугацааг манай эдийн засагчид хоёр янзаар хэлээд байгаа. Тэдний нэг хэсэг нь хувьцааны наймааг албан ёсоор зарлаж Хөрөн­гийн биржид хандсанаас хойш гэж байхад, нөгөө хэсэг нь хувьцаа түгжих гэрээ байгуулснаас хойш тоолж эхэлнэ гэдэг. Тэд ингэж хоёр хуваагдаж буй нь хөрөнгийн зах зээл Монголд эхлэлийн шатандаа яваа, энэ чиглэлээр нарийн мэргэшсэн эдийн засагчид цөөхөн, \магадгүй тэднийг нь сэтгүүлчид бид онож олохгүй байгаа\ зэрэгтэй холбоотой байх.Харин азаар “Саугоби сэндс”-ийн хувьд дээрх хоёр нь нэг өдөр тохиожээ.Өөрөөр хэлбэл, 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Айвенхоу майнз” компани нь “Саусгоби сэндс”-ийн өөрийн эзэмшлийн 57.6 зарах болсноо албан ёсоор мэдэгдэж, Хөрөнгийн биржид ханджээ. Мөн энэ өдрөө “Хувьцааны хөдөлгөөн хаах” гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд, “Айвенхоу майнз”-ын”Саусгоби сэндс”-т эзэмшиж буй 57.6 хувьд ногдох хувьцааг түгжих, мөн “Чаль­ко”-гийн санал болгож байгаа үнээр хувьцаа авах боломжийг “Саусгоби сэндс”-ийн бусад хувьцаа эзэм­шигчид олгожээ. Дээрх 35 хоногийг цаг хугацааны хуваариар дөрөвдү­гээр сарын 1-ээс ажлын өдрөөр тоолбол тавдугаар сарын  эхээр дуусна. Хэрвээ амралтын өдрийг оруулбал, хамгийн сүүлийн хугацаа тавдугаар сарын 11 ажээ. Ажлын яг арван хоног үлджээ, гишүүд ээ.

БОЛОМЖ.
Найман сумын нут­гийг хамарсан, дөрвөн том ордын 700 сая гаруй тоннын нөөцтэй нүүрс­ний ордыг эзэмшигч компанийн  57.6 хувьтай тэнцэх хувьцааг худалдаж авах нь их хэмжээний хэлцэлд багтдаг ажээ. Олон улсын хөрөнгийн биржийн бүртгэлийн журамд заас­наар “их хэмжээний хэлцэл”-ийг тухайн компанийн хувь нийлүү­лэгчдийн хурлаар хэлэлцүүлж бат­луулдаг байна. Иймд “Чалько” ком­панийн төлөвлөж буйгаар ирэх тавдугаар сарын 15-нд хувь ний­лүүлэгчдийн ээлжит хурлаа хийж  шийдвэрлэх юм байна.

ХУГАЦАА. “Чалько”-гийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг урьд­чилан товлосон тавдугаар сарын 15 хүртэл 18 хоног үлдэв. Ажлын өд­рөөр тооцвол 12 хоног шүү, гишүүд ээ. Гэхдээ “Чалько”-гийн хувь ний­лүү­лэгчдийн хуралд биш, олон ул­сын хөрөнгийн биржийн хууль жу­рамд найдсан нь илүү баталгаатай.

Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль бусад улс оронд ч түгээмэл. Жишээ нь, АНУ-д ийм хууль байдаг бөгөөд хамгийн сүүлд  2008 онд АНУ-ын “Unocal” гэх газрын тосны компанийг Хятадын Засгийн газрын  71 хувийн өмчлөлтэй CNOOC (China National Offshore Oil Corporation) худалдаж авах саналыг  Конгресс буцааж байсан тухай эдийн засагч Д.Жаргалсайхан бич­жээ. Мөн Европын хямралын үеэр мөнгө зээлэх саналынх нь хариуд Хятадын компаниуд “Рио Тинто”-гоос хувьцаа худалдаж авах санал тавьсан. Гэвч Европынхон, “Рио Тинто”-гийн төв нь байрладаг Их Британийн парламент тас эсэргүүц­сэн тухай уншиж байс­наа санаж байна. Ийм боломж бүрэн эрхт тусгаар  Монгол Улсын пар­ламентад ч бий. Хамгийн гол нь Г.Зандан­шатар нарын гишүүдийн санаачилж өргөн барьсан гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуу­лийн төслийг хурдан бат­лах хэрэг­тэй. Ингэвэл зөвхөн нүүр­сээ төдий­гүй, бусад баялгаа Дорнын луу ороо­хоос, ер нь гаднынхнаас хамгаалж баялагтаа эргээ хашсан эзэн нь юмшиг үлдэж чадна. Ажлын арван хоног л үлдсэн шүү, гишүүд ээ. Маргааш 9, ирэх нэгдэхэд 8, цаашаа 7, 6, 5. . . . . .



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn