Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Үнэний өмнө үгэн сум хүчгүй
2012 оны 4 сарын 11 [Уншсан тоо: 43260]
Хувьсгалыг ухаантнууд хийж, үр дүнг нь адгийн шаарууд хүртдэг гэж үг бий. Тийм, үгүйг мэдэхгүй. Шинжлэх ухаанаар батлах боломжгүй. Практикаар батлагдсан нь бас үгүй. Харин би нэг зүйлийг баттай мэднэ. Мэдэрч амьдарч байгаа учраас баталж бас чадна. Энэ цагийн монголчууд бид хувьсгал хийсэн ухаантнаа үнэлэхгүй, хүндлэхгүйюм. Хүлээн зөвшөөрөхгүй нь ч байна. Хэрвээ ухаантнууд хувьсгал  хийдэг, хувьсгалын үр дүнг бусад нь хүртэж амьдардаг нь үнэн л юм бол тэднийхээ гавьяаг үнэлж хүлээн зөвшөөрч яагаад  болдоггүй юм.
 
Түүхийн хүрдийг  нэг их урагш нь эргүүлэх албагүй. Наахнаас эхлэхэд л хэрвээ 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөн гараагүй, ардын хувьсгал мандаагүй, тусгаар тогтнолыг НҮБ хүлээн зөвшөөрөөгүй, 1990 оны ардчилсан хувьсгал ялаагүй байсан бол Монгол гэж улс дэлхийн газрын зурагт ямраар тэмдэглэгдэн үлдэх байсныг өнөөдөр хэн ч эс мэднэ. Тэгэхээр эдгээр хувьсгалыг санаачилсан, гардан хийлцсэн эр зоригтнууд бол монголчуудад үл мартах гавьяатай мөнхийн баатрууд юм. Тэдний өмнө мэхийе.



Хувьсгал гэдэг дандаа зэв­­сэгт тэмцэл биш. Энэ цаг үед л гэхэд Монголын хөгжлийн төлөө, мон­голчуудын элбэг хангалуун амьдралын төлөө эдийн засгийн хувьс­гал­­ санаачилсан, гардан хий­сэн хүмүүс олон бий. Гэтэл тэд­нийгээ байгуулсан гавьяа­ных нь хэмжээнд үнэлэн нэ­рийг нь тодруулж, хийсэн хувьсгалынх нь үр дүнгээс хүр­тэж буйгаа хүлээн зөв­шөөр­дөг бил үү, бид. Эсрэгээрээ, харин ч хувьсгал са­наа­чил­сан, гардан хийсэн баат­рууд маань цагийн саал­тан дор нэг л мэдэхэд адгийн шаарууд болчих юм. Адгийн шаар болго­чихсон байх юм. Үүнийгээ “Монголчуудын та­мын тогоо­ны үлгэр” гэж өөрөөсөө зай­луул­на. Буруу нь хүн­дээ биш, угаасаа л монгол хүн бүрт байдаг уламжлалт зан юм байх. Жишээ нь:

1. Д.Бямбасүрэнгийн Зас­гийн газар малыг малчдад үнэ­гүй хувьчилсан. Энэ нь ард­чилсан Монгол Улсад анх­ны хувийн өмчтнүүдийг төр бодлогоор төрүүлсэн хэрэг юм. Өнөөдрийн мянга мянган мянгат малчид, 40 гаруй сая мал, малын буяныг эдлэн амь­дарч байгаа бизне­мэнүүд чухамдаа тэрхүү шийд­вэрийн амьдрал дээрх бодит тусгал билээ. Мэдээж, тэр үеийн пар­­ла­­мент дэмжиж хамтаа­раа хийсэн ч, гардсан “хувьс­гал”-чид нь Ерөнхий сайд Д.Бямба­сүрэн, Шадар сайд нар болох Да.Ганболд, Д.Дор­лиг­жав нар байлаа.

2. 1996 онд залуу ард­чил­лагчид түүхэндээ анх удаа засгийн эрх барив. Дөрвөн жилийн хугацаанд тэд олон Зас­гийн газар сольсон, алд­сан, оносон. Гэхдээ дараа­гийн сонгуулиар засгийн эрх шил­жих мөчид олон хүн ху­вийн өмчтэй болсон байв. Тэд­гээрээс М.Энхсайханы Зас­гийн газар орон сууцыг үнэгүй хувьчилсан нь түүхэнд тод мөртэй үлдэх нь гар­цаа­гүй. Иргэдээ үл хөдлөх хө­рөн­гө­тэй, түүнийгээ барьцаалан бизнес эрхлэх санхүүгийн эх үүсвэртэй болгосон энэ “хувьсгал”-ыг дэмжиж хууль­чил­сан нь тэр үеийн парла­мент ч, санаачилж гардан гүй­цэтгэсэн нь М.Энхсайхан, түүний Засгийн газрынхан юм.

3. 2000 онд МАХН пар­ла­ментад үнэмлэхүй олонхийн суудал авлаа. Н.Энхбаяр Ерөнхий сайд болж, газар хувьчлах шийдвэр гаргав. Өмнөх парламентын үед газ­рыг хувьчлах санаачилга хэд хэ­дэн удаа гарч байсан ч, пар­ламент дахь хүчний харьцаа ойролцоо учраас эрх бариг­чид санасандаа хүрч ча­даа­гүй юм. Харин Н.Энхбаярт тийм хөндлөнгийн эсэргүүцэл байсангүй. Нам нь УИХ-д 72 суу­далтай, өөрөө намын да­р­га, Ерөнхий сайд учраас тэ­рээр парламент, засаг, нам гурвыг гурвууланг нь нэг гараар төвөггүй зангидаж бай­лаа. Бүр сөрөг хүчнийхэн нь түү­нийг дэмжиж, Баабар “хэрвээ Н.Энхбаяр газрыг хувьчилж чад­вал түүнд ал­таар хөшөө босгож ч болно” гэж бичиж бай

4. Н.Энхбаярын Засгийн газ­рын бас нэгэн гавьяа нь ОХУ-д манай улсын төлөх ёстой шилжих рублийн их өрийг тэглүүлсэн явдал юм. Ард­чил­сан намынхан энэ өрийг төлөх ёстой, ёсгүйн тухай улс төр хийж байсан ч, энэ намын хам­­гийн хүчирхэг лидер  Ерөн­­­хийлөгч болсон хойноо дутууг нь гүйцээн төлсөн. Энэ нь их өр гэж байсан, түүнийг манай улс заавал төлөх ёстой байсныг илтгэдэг. Хэрвээ Н.Энхбаяр зо­риглон санаа­чилж, одоо­гийн Ерөнхий сайд \тэр үед Га­­даад хэргийн дэд сайд\ С.Батболд, УИХ-ын гишүүн \тэр үед ОХУ-д Элчин сайд\ С.Баяр  нар тэргүүлэн  Гадаад яам, Сангийн яамны чадвар­лаг мэргэжилтнүүд ажиллаж их өрийг тэглээгүй, хаагаагүй байсан бол монгол­чууд бид өдийд Оюутолгойгоо гурав­дагч орны хөрөнгө оруу­лагч­дад эзэмшүүлж, Таван­тол­гой дээрээ өөрсдийн ду­раар тен­де­рийн нөхцөл тул­гаж чадах бай­сан уу. Хэрвээ их өрийн гинж­нээс мултраагүй байсан бол Монгол Улс “Эрдэнэт” дэх хувиа нэмж, тө­мөр замд зэргэцүүлэн төрийн өмчит компани байгуулж дөн­гөх үү. Төмөр замынхан  Амери­­­кийн Мянганы сорилын сан­гаас 188 сая ам.долларын бу­цалт­гүй тусламж авах эрх­тэй болсон. Гэвч төмөр замын нөгөө талын хөрөнгө оруулагч болох оросууд зөвшөөрөөгүй, болиулсан. Энэ тухай  Оро­сын төмөр замын дарга Яку­нин “үнэгүй бяслаг зөвхөн хав­ханд л байдаг юм” гэж хэлж бай­лаа. Манай улстөрчид түү­ний энэ үгийг олон юман дээр  зүйр­лэн хэлсэн ч, оносон нь цөөхөн. Хэрвээ Монгол Улс их өрийг хаагаагүй байсан бол оро­суудад Оюутолгой, Та­ван­­­­­толгойг үнэгүй бяслаг болгон авах жинхэнэ хавх нь тэрхүү их өр болох байсныг үгүйсгэх аргагүй юм.

5. С.Батболдын Засгийн газрын өнгөн дээр Монголын эдийн засаг түүхэндээ анх удаа 17 хувь өслөө. Энэ өн­дөр өсөлт жирийн иргэдийн амьд­ралд төдийлөн наал­дахгүй, мэдрэгдэхгүй л бай­гаа. Гэхдээ Монгол Улс энэ өсөл­төөр  дэлхийн номе­р нэг э­дийн засагтай их гүрэн Хята­дын өмнө гишгэсэн нь, хөнд­лөн­гийн экспертүүд Монголыг хөгжлийн гараан дээрээ ир­лээ гэж дүгнэж байгаа нь үнэн билээ. Монголын компаниуд анх удаа  дэлхийн дэвжээнд гарч, дэлхийн дүрмээр тоглох болсон, монголчууд Хөрөн­гийн бирж, хувьцаа ярьдаг “дэлхийн иргэд” болж эхэлсэн нь бас үнэн билээ. Эдгээр боломжийг уул уурхай, Оюу­тол­гой, Тавантолгой олгов. УИХ, Засгийн газар, Ерөн­хий­лөгч гурвуулаа хамтарч зүт­гэсэн нь хоёр парламент дам­жин гацсан Оюутолгойн төс­лийг эхлүүлэх, хөрөнгө оруу­лал­тын гэрээг батлахад хүч­тэй дэмжлэг болсон юм. Оюу­тол­гойн төслийг эхлүүлэх санаа­чил­­га, дэмжлэг нь ард түмэн, төр засаг байсан хэдий ч, ачаа­ны хүндийг үүрч хамаг “гал тогоо”-ны хар бор ажлыг гард­сан “хувьсгал”-чид нь С.Бая­рын Засгийн газрын за­луу сайд С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар бай­лаа. Оюутол­гойн гэрээг баталс­наар Монго­лын эдийн засаг өслөө. Төс­вийн орлого нэмэгдлээ. Оюу­тол­гойд 12 мянган монгол хүн ажилл­аж, 2400 гаруй  аж ахуйн нэгж төслийн дагалдах бизнест оролцож нэг тэрбум шахам ам.долларын ажил гүйцэтгэж байна. Ерөнхийдөө Д.Зоригт сайдын тэргүүлдэг эрдэс баялаг, уул уурхайн салбар төсвийн орлогыг  олж цуглуулж, бусад нь хуваан тарааж зарлагаддаг  боллоо. Оюутолгой,Тавантолгойн мөнгөөр оюутнуудад цалин олгож, ахмадуудад сая төгрөг амлаж, иргэдэд 21 мянган төгрөг, үнэгүй хувьцаа та­рааж, улстөрчид сонгуулийн бэ­лэн мөнгөний амлалтаа эд­гээр ордын орлогоос хааж байна. Эмнэлэг сургууль, 100 мянган айлын орон сууцны сан­хүүжилтийн эх үүсвэр эн­дээс л гарч байна. Ерө­н­хийлөгч Ц.Элбэгдоржийн онож хэлснээр Оюутолгойн гэрээг баталснаар монгол­чууд үнэхээр улсаараа ураг­шаа нэг алхжээ.

6. Нэгэн үе төрсөн бие нь бараг төрийн өмч байсан мон­голчууд өнөөдөр  эрх чөлөө­тэй, хувийн өмчтэй, үл хөдлөх хөрөнгөтэй,  эдийн засгийн эх үүсвэртэй болсон нь үнэхээр гайхамшигт үйл явдал. Бид­ний 20 жилийн дотор олж авсан, хүрсэн энэ гайхам­ш­гийн төлөө зарим улс орон хэ­дэн арван жил тэмцэж, дайн байл­даандаа хүрч, хэдэн мянган хүний амь нас төлөөд ч санасандаа хүрээгүй явна. Араб, Хойд Америкт дөнгөж одоо л, биднийг бодвол ха­маа­гүй их хохирол, өндөр үнэ­тэй өнгөт хувьсгалуудаар эхэлж байна. Гаднынхантай хамтарч баялгаа ашиглана гээд бүр гадагшаа алдчихсан улс ч бий. Баялагтайгаа хамт хүний эрх чөлөө, улсынхаа тусгаар тогтнолыг тавиад туучихсан нь ч байна. Эдгээр­тэй харьцуулахад монголчууд бид үнэхээр азтай, амны хишигтэй ард түмэн.

Харин заримдаа л “Алтан загасны үлгэр”-ийн эмгэн шиг аашлах гээд байх юм. Өөрөө л байхгүй бол дэлхий сөнөж, улс орон сүйрчих гэж байгаа юм шиг улс төрд дахин дахин зүтгэдэг хүмүүс олон болов. Ганцаараа шударга,  бусад луйварчин юм шиг, би л болж байна, бусад нь болохгүй бай­на гэж “би”-гээр өвчилсөн, бусдадаа үргэлж сэтгэл дун­дуур явдаг нь ч байна.  Гэхдээ л ард түмний олонхи нь, бүр хэт олонхи нь уранхай ноор­хой хувцастай, өлөн зэлмүүн ч бай эцсийн дүндээ амар амгалан амьдрал, эрх чөлөө л хамгаас чухал гэдгийг сайн ойл­годог. Тэд өндөр өндөр ши­лэн байшин, гоё ганган машин, тансаг хаус бол ердөө л хэрэглээ, дайвар асуудал болохыг маш сайн мэддэг. Тийм учраас олонхио хүндэт­гэж, том зургаа харж, зарим­даа ч болов улс орны хэм­жээнд болж бүтэж байгаа юман­даа сэтгэл хангалуун өөдрөг тэмүүлэлтэй амьдарц­гаая. Болгож бүтээж байгаа хүмүүстээ хааяа ч болов талархая. Тэдний хувь хүнийх нь алдааг шүүмжилж болох ч, бүхлээр нь адгийн шаар болгож,  улс орны хэмжээнд байгуулсан урьдын гавьяаг нь баллуурдах хэрэггүй.

Н.Энхбаяр, М.Энх­сай­ха­ныг буруутгаж, Л.Гансүх, С.Баярцогтыг баалж, Д.Зориг­тыг огцруулах гэдэг хүмүүс бүг­дээрээ л хувьдаа байртай, газартай, бас малтай, аягүй бол Оюутолгойн дагалдах бизнестэй холбоотой л  нэгэн бай­гаа. Тэгсэн атлаа ийм бо­ломж олгосон авторыг нь үгүйс­гэдэгт л улстөрийн бохир нь байдаг байх. Ер нь бид нийгмийн шилжилт таарсан түүхийн нэн сонин цаг үед олон мундаг, түүхэн  хүмүүс­тэй мөр зэрэгцэн амьдарч бай­гаадаа бахархмаар. Гэтэл заримдаа харин ч тээр шаах янз­тай. Жишээ нь, Ц.Элбэг­дорж, Баабар, Н.Жан­цан­но­ров, Б.Лхагвасүрэнг дэлхий тоож байхад монголчууд бид тэднийг тогоон дотроо мянга муулаад яах юм. Зарим улс оронд соён гэгээрүү­лэгч­дээ төрөөс орон байраар  үнэ­гүй хангаад дараа нь гэр музейг нь болгож алдар­шуул­даг гэж уншсан. Мал, байр, газрыг хувьчилж, их өрийг хааж, Оюутолгойн гэрээг хө­дөл­гөсөн автор нь үнэн л юм чинь  үгэн су­маар мянга шүршиж үгүйсгээд яах юм. Үнэний өмнө үгэн сум хэзээд хүчгүй шүү дээ.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn