Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Хэвлэлийн эздийн УИХ-д нэр дэвших эрхийг түдгэлзүүлье
Ардчилсан нийгэмд хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй. Гэтэл манай дарга нар, ялангуяа улстөрчид гахай илүү эрхтэй гэдэг шиг энгийн иргэдээс илүү эрх эдэлдэг. УИХ-ын гишүүн хүн үйлдэл дээрээ гардуулаагүй л бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүйгэж парламент нь хууль баталсан. Иргэдийн гомдлоор Цэц энэ заалтыг хүчингүй болгосон ч, УИХ хүлээж авахгүй гэж гэдийсэн. Прокуророос шалгая гэхээр УИХ-ын гишүүний дархан эрхэнд халдлаа гэж айлгана. Цагдаагаас дуудахаар “эхлээд тэрийг шалгачих, тэрэнтэй хамт шалгуулна” гэж барьцана. Шүүхээс цагдан хорих шийдвэр гаргахаар эмнэлэгт очоод хэвтчихнэ. Тэгэхээр “хуулийн өмнө хүн бүр адил тэгш эрхтэй” гэдэг зарчим нь амьдрал дээр тунхаг төдий ажээ.

Ардчилсан нийгэмд хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Манайд шүүхээр шийтгүүлсэн ялтай, татварын өртэй, хугацаа хэтэрсэн зээлтэй хүмүүсийн сонгогдох эрхийг хуулиар хязгаарладаг. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Х.Баттулга архи, тамхины бизнес эрхлэгчдийн  сонгогдох эрхийг хасах тухай хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барив. Нийгмийнхээ хөгжлийн онцлог, цаг үеэс хамаараад Герман, Энэтхэг, Унгар, Иран зэрэг улсад зарим хүний сонгогдох эрхийг түдгэлзүүлдэг, хасдаг тухай танилцуулгадаа дурджээ. Х.Баттулга гишүүн нэхэл хатуутайгаар дөрөв дэх удаагаа өргөн барьж буй уг төслийг дэмжиж гарын үсгээ зурсан гишүүдийн тоо 11-д хүрчээ. Эндээс хоёр дүгнэлт хийж болно. Нэгд, бусад улсын тэдгээр жишээ нь сонгогдох эрхийг хуулиар хязгаарладаг жишигдэлхийд байдгийг харуулна. Хоёрт, Х.Баттулга гишүүний энэ төсөл, 11 гишүүний дэмжлэг нь манайд ч тийм жишгийг эхлүүлж болохыг дээрээсээ буюу  хууль тогтоoгчид өөрсдөө санаачилж байгаа хэрэг.

Энэхүү хоёр дүгнэлтээс санаа, урам авч хэвлэлийн эздийн УИХ-д нэр дэвших эрхийг түдгэлзүүлэх асуудал дэвшүүлж болмоор санагдлаа. Сонгогдох эрхийг нь бүр хасъя гээгүй шүү. Энэ бол хүмүүсийн өмчлөх эрх, чөлөөт хэвлэлийг хааж боож байгаа хэрэг огтхон ч биш. Нийгмийн сайн сайхан, нийтийн эрх ашгийн төлөө түр л түдгэлзүүье. Монголын маргааш өнөөдрөөсөө сайхан болно. Тэр болтол, Монголын улс төр, бизнес хоёр салтал хэвлэлийн эздийн улс төрд сонгогдох эрхийг түдгэлзүүлье. Хариуцлагатай, хараат бус сэтгүүлзүй жинхэнэ утгаараа хөгжтөл сонин, телевиз, сайтын эздийг улс төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвшүүлэх, томилохыг хуулиар хориглоё.

Яагаад гэвэл улс төр, бизнес хоёрыг салгаж чадаагүй байтал дээрээс нь хэвлэл нийлчихлээ. Энэ бол яавч сайн зүйл биш. Улстөр, бизнес хоёр нийлэхээрээ олигархи болдог. Үүнийг ард түмэн амьдрал дээр  хангалттай мэдэрч, улстөрчид камерийн өмнө өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл улстөр, бизнес, хэвлэл гурав нийлэхээрээ юу болох вэ. Хэрхэн онож тодорхойлохоо сайн мэдэхгүй юм. Эдийн засгийн онолд үнэ ханшид дураараа нөлөөлж чадахуйц цөөн тооны нийлүүлэгчтэй зах зээлийг олигопол гэж тодорхойлдог. Үүнийг улс төр рүү, Монголын өнөөгийн нийгэм рүү хүчээр хөрвүүлж ойлговол нийгэмд хүссэнээрээ нөлөөлж, төрд хүссэнээрээ засаглаж чадах цөөн тооны олигопол-олигархийг улстөр, бизнес, хэвлэл гурав нийлж байж төрүүлдэг бололтой. Энэ нь ард түмний, олонхийн засаглал биш. Энэ бол улс төр, бизнес, хэвлэл гурав нэг шуудайд орсны л гай. Нэг шуудайд хийсэн “үхрийн эвэр” эв түнжингүй, багталцдаггүй л гэдэг. Гэтэл манайд, бие биеэ хянаж тус тусдаа явах учиртай улс төр, бизнес, хэвлэл гурав ганц шуудайд эв түнжинтэй багталцаж байна гэж жигтэйхэн. Бүр гурвуулаа нэг хүн шиг яваад байгаа нь гайхмаар. Мөнгөтэй нь дуртай хөгжмөө захиалдаг нь үнэн л байх. Гэхдээ өнөөдөртөө Монгол Улс Хойд Солонгос биш л юм бол улс төр, бизнес, хэвлэл гурав нь нэг удирдаачийн дохиураар зэрэг хөдөлтлөө, зэрэг дуугартлаа хөгжлийн манлайд хүрчихээгүй явна. Хэрвээ улс төр, хэвлэл хоёр байх ёстой байрандаа байж чадвал харин ч чөлөөт, хараат бус,хариуцлагатай сэтгүүлзүй жинхэнэ утгаараа хөгжинө.Сэтгүүлзүй нь хараат бус, хариуцлагатай байж л улс төрд, улстөрчдөд хөндлөнгийн шударга хяналт тавьж чадна.Улс төр нь шударга хяналттай бол бизнесийн орчин эрүүлжинэ. Хэрвээ хувийн өмч буюу бизнес, чөлөөт хэвлэл, төлөөллийн ардчилал бүхий улстөр гурвыг ардчиллын тулгуур, тулгын гурван чулуу гэвэл тэд тус тусдаа үүрэгтэй. Нэг, юмуу хоёр тулгууртай солгой ардчилал гэж байхгүй. Нэг юмуу, хоёр хөл дээр тогтдог тулга гэж үгүй. Гурвуулаа нийлж нэг талаас нь тулаад ч тогтоодог тулга ч гэж байхгүй.

Гэтэл өнөөдөр хэвлэл, улстөр, бизнес гурав гурвуулаа хамтдаанэг баг болсон учраас бие биеэ чөдөрлөн аль алиныхаа хөгжлөөс хойш нь чангааж байна. Гурвуулаа нэг шуудайд орсон учраас нийгмээ бүхлээр нь татаж унагаж байна.

Тийм учраас л хэвлэлийн эрх чөлөө улстөрчдийн халааснаас гарч, сэтгүүлчдийн тархинд иртэл хэвлэлийн эздийн сонгогдох эрхийг түр түдгэлзүүлье.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.