Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Женко, MCS хоёр
Зундаа олон хүн “Цонжин бол­дог”-т очдог. Очих бүртээ  эзэн Чин­гисийн морьт хөшөөг хараад  сүрд­дэг. Их хаа­ны бага залуудаа ташуур олсон гэх түүхэн газар нь босгосон энэ бай­гууламжийг  “дэлхийд хам­гийн том морьт хөшөө” гэдгээр хэн хүнгүй бахарх­даг. Монгол хүн бүр их түү­хэ­э­рээ омогших, гаднын жуулч­дад гай­хуу­лан үзүүлэх түүхийн дурс­гал бү­тээс­­нийх нь төлөө Женко \Х.Баттулга\-д талархдаг, баярладаг.

Өвөлдөө “Скай резорт” цанын баа­зыг зүглэх олны хөл бараг л  тасар­даггүй. Нэг хэсэг нь хотын утаанаас дайжиж, нөгөө хэсэг нь цанаар гулгах гэж долоо хоногийн зургаан өдөр ажилладаг тус баазыг зорьдог. Олон улсын стандарт үйлчилгээтэй, очоод чөлөөт цагаа өнгөрөөчих орчин үеийн жишигт нийцсэн, Монголдоо анхны  ийм иж бүрэн цогцолбор байгуулсных нь төлөө “MCS”-ийнхэнд баярладаг, талархдаг.

2008 оны наймдугаар сарын 14-нд Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн аваргатай болов. Олимпод оролцсоноос хойш 44 жилийн дараа авсан энэ медаль Монгол Улсыг бүрэн эрхт тусгаар тогтносон улс болохыг дэлхийд дахин зарлан нотолсон юм. Олимпийн алтан медаль сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хоёр тийшээ харчихсан намуудыг хүртэл зөвшилцлийн ширээний ард суулгаж, монголчуудыг бүхлээр нь ангаж цангаж явсан эв нэгдэлд нь дуудсан билээ. Ингэж олимпийн тэнгэрт тусгаар Монголын төрийн  далбаа мандаж, дэлхий дахинд монгол төрийн дуулал эшиглэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн гол төлөөлөгчдийн нэг нь Женко байсан гэ­дэгтэй хэн ч маргахгүй. Түүний хү­зүүнд олимпийн алтан медаль гялал­заагүй ч, энгэрт нь монгол хүн бүрийн талархал багталцаж ядаж байлаа.

Монголчуудыг “алтан дээр суусан гуйлгачин” гэж өмнөх нийгмийн үеэс л шоолдог байлаа. Тэрхүү алтыг нь олж харж чаддаггүй, алт болгож мэддэггүй учраас монголчууд бид хариуд нь ийм үг хэлсэн гадныхныг эргүүлээд шоолдог байв. Үүнээсээ болж Заамар, Бороо гээд мөн ч их алтаа суудал дороосоо гаднынханд алдаж, хойно нь харамсаад үлдсэн дээ. Тавантолгойг тэдний араас алдалгүй Монголдоо авч үлдсэнийх нь төлөө “MCS”-т талархахаас аргагүй.  Бас монголчууд өөрсдөө уул уурхайн баялгаа мөнгө, мөнгийг бүтээн байгуулалт болгож чаддагийг бодитоор харуулж яваа нь ч “MCS”-ийнхэн. Олон зуун монгол залуусыг ажлын байраар хангаж, орчин үеийн техник технологи эзэмшүүлж, ардчиллын үеийн анхны цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, орон сууцны хороолол гээд элсэн говийн эзгүй талд босгосон Ухаахудагийн их бүтээн байгуулалтаар хэн бүхэн бахархана. Ухаахудагт ч, Улаанбаатарт ч бүтээн байгуулсан нь, ийм амжилтад хүргэ­сэн менежмент нь, улсад төлдөг  татварын хэмжээ нь  эдийн засгийн өрсөлдөөнд яваа шинэ Монголын “хөгжлийн монгол стандарт”-ын манлайлагчдын нэг нь “MCS” болохыг нотолно.  Олон улсын хөрөнгийн бирж дээр анх удаа  хөрөнгө босгож, дэл­хийн номер нэг, хоёрт явдаг эдийн засагтай улс орны компаниуд­тай эн зэрэгцэн түншлэн тоогдож яваа үндэсний компаниудын түүчээ нь мөн л “MCS”-ийнхэн.

Эдгээр нь  Женко, MCS хоёрт буй  хэн ч үгүйсэхгүй үнэн. Тийм ээ, тэд хоёулаа эх оронч үзэлтэй, улс Монго­лоо гэсэн сэтгэлтэй. Женко Х.Баттул­га Монголоо монголоор нь авч үлдэх тухай ярьдаг бол “MCS”-ийн Д.Од­жар­гал монгол үндэстнийг үндэсний компаниуд л хөгжүүлнэ гэж зүтгэдэг. Тэд хоёулаа ганзага үүрэх үедээ үүрч, бор зүрхээрээ босч ирсэн шинэ үеийн Монголын үндэсний хөрөн­гөт­нүүд. Бас бизнесийн өрсөлдөгчид. Ха­рин тэднийг нэгтгэдэг, хэн хэнд нь эрхэм байдаг улс Монголынх нь үнэ цэн юу вэ, юунд оршдог вэ.

Мэдээж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал. Гэтэл сүү­лийн үеийн тэд­ний хэрүүл, ялан­гуяа Х.Баттулга ги­шүүний эхлүүлсэн, бас үргэлж­лүүлж байгаа тэмцлийн далд нь ил гарч, ил нь савнаасаа хали­лаа. Хоёр компанийн бизнесийн өр­сөл­дөөнд нэг нь сайдын суудлаа ашиг­лаж, нө­гөө нь сайд нарыг ашиг­лан тэмцэл­дэж  байснаа одоо зав­сарт нь МАН, АН татагдаж, Засгийн газар нөгөө талыг төлөөлөн “дайн”-д орлоо. Нэг нь нууц гэрээ байгуул­сан хэрэгт унаж, нөгөө нь түүнийг нь но­толж, төрийн бодлогын дэлгэж бо­лох, дэл­гэж болохгүй юмсаар баахан  хөлөө жийлцэв. Хэрвээ тал­цал энэ эрчээ­рээ цааш явбал  жоо­моо алах гээд байшингаа шатаав гэдэг шиг бараг л хамтарч засаглаж байхдаа бай­гуулсан жаахан амжил­таа бу­цааж нураах шинжтэй.



Нөгөө, монгол хүн бүрийн эр­хэм­лэдэг  тусгаар тогтнолд үнэ цэн­тэй, тул­ганаасаа үл гадагшлах учир­тай мон­гол төрийн бодлогын нууц­лал, хам­гаалалт хаачив аа. Энгийн нэгэн сайд нь Ерөнхий сайд, Засгийн газ­рынхаа зөвшөөрөл, шийдвэргүй­гээр ганцаараа очоод нууц гэрээ бай­гуу­лах хэмжээнд хүртлээ Монголын төр сульдчихсан хэрэг үү. Гурван жил хам­тарч идсэн тогоотой хоол руу­гаа эргэж нулимдаг тийм жудаг­гүй мон­гол эр үү, Х.Баттулга. Гурван жил то­хой залгаж хамт суусан нөх­рийн­хөө араас нууцыг гэнэт дэлгэх нь Ц.Ням­дор­жийн шударга зан уу, на­маа л хам­гаалах улс төрийн даал­га­вар уу. Гурван жил нэг танхимд тас тэв­рэл­дэж суучихаад салж нийлсэн хойноо бие биеийнхээ сайн мууг дуудалцаж байгаа тэдний  үйлдлийг олон хүн сонгууль угтсан улс төр л гэж харна. Түүнээс бус, хэнийх нь үнэн, зөв болохыг олох гэж хичээж үзэж уншиж байгаа нь хэд бол. Тэ­гээд ч тэдний хэрүүл дундаас үнэн худ­лыг ялгах арга, хэн нэгэнд нь ит­гэх боломж алга. Тэд зүгээр л мэ­дээл­лийн террор, мэдээлийн бөм­бөг­дөлтөөр олон түмнийг залхааж, зэвүү, дургүй хоёрыг нь зэрэг хүргэж байна. Сонгуулийн дараа хөлсөө гартал тэврэлдэж, сонгуулийн өмнө­хөн цусаа гартал зодолдоно гэдэг энэ ажээ. Гэхдээ маргаан хэрүүлийн цаад эх сурвалж нь компаниудын бизне­сийн өр­сөл­дөөнөөс үүдэлтэй бөгөөд өнгөө ху­вирган улстөрд орж ирсэн нь энэ гэд­гийг олон хүн мэддэг бо­лолтой.

Засгийн газар, намууд, компани оролцсон энэ гурвалжин дөрвөлжин хэрүүл Монголыг, монголчуудыг юунд хүргэж, хэн хожих вэ. Хамгийн гол нь санхүүгийн том бүлэглэлүү­дийн энэ зодоон сонгуулийн дуулиа­наар улам өдөөгдөж, эцэстээ гад­нын­ханд олз, өгөөш болох вий.  Яа­гаад гэвэл тийм суурь хөрс нь Мон­голд байна.

Нэгд, Монголд асар их баялаг, сул мөнгө байна. Монголчууд бид л “хоёр толгой” Монголыг хөгжүүлнэ гэж өөдрөгөөр бодоод байдаг.  Гэтэл гадныхны сонирхолтой “хоёр толгой Монголыг минь залгих вий” гэдэг бол­гоомжлол үргэлж хамт явах ёс­тойг мартдаг. 

Хоёрт,  ард түмний олонхи нь  амьдрал ядуу, эдийн засгийн өндөр өсөлт энгийн нэгний  амьдралд наал­даж өгөхгүйд бухимдалтай явна.  Баян, ядуугийн ялгааг хэмждэг жини коэф­фицент гэж бий. Итали эрдэмт­ний но­толсоноор энэ үзүүлэлт 0.40-өөс дээш гарахад эдийн засагт тогт­воргүй байдал үүсч, 0.47 хүрвэл хувьсгал гардаг гэжээ. Үүнийг батлах мэт үйл явдлууд өнгөрсөн жилд ол­ноороо бол­лоо. Ливид энэ үзүүлэлт 0.60-д дө­хөж иргэний дайн дэгдэв. Америкт 0.43 хувьд хүрсэн учраас Уолл Ст­рийтийг эзлэх хөдөлгөөн өр­нөжээ. Хариуд нь Ливийн ард түмний бухим­дал эхлээд үймээн, дараа нь гаднын­ханд олз болж Каддафийн дэг­лэмийг унагасныг, Америкт Ерөн­хий­лөгч нь баячуудаас өндөр татвар авах хуу­лийн төсөл санаачилсныг олон хүн мэднэ. Манайд энэ үзүү­лэлт 0.40-д хүрсэн гэж зарим суд­лаач хэлдэг бол, эрх баригч МАН-ын­хан 0.36 хувь­тай гэж мэдэгдсэн. Аль нь ч бай­сан, энэ нь ард түмний дунд бухимд­лын хөрс бэлтгэгдэж байна аа л гэ­сэн үг. Хэрвээ дээгүүрээ сууд­лаа олох­гүй бол энэ доогуурхи бухимдал улам л өдөөгдөнө гэдгийг том улс­төр­чид эрхбиш тооцоолмоор л юм. Эсвэл мэдсээр байж мэдэн бу­дилж олон түмний бухимдлын шар­хан дээр нь давс цацаад байгаа хэ­рэг үү.

Гуравт, сонгууль угтсан намуу­дын талцал эрүүл бус өрсөлдөөний хэл­бэрт бараг шилжив. МАН зүүн аймагт Засаг даргыг цагдаад өгвөл АН баруун аймагт Засаг даргыг нь сөр­гүүлэн АТГ-д өгдөг боллоо. АН дол­­­дугаар сарын 1-ний хэрэгт холбогд­сон цагдаагийн дарга нарыг Ерөн­­хийлөгч, ерөнхий прокурорын байр сууриар шүүхээс түрүүлж ял­лахад, МАН нь хараат бус шүүхийг цагдаагийн нийт бие бүрэлдэхүүний бойкотоор буулгаж авах гэж зүтгэх жи­­шээтэй. Энэ мэтээр сонгуульд байх ёстой бодлогын эрүүл өрсөл­дөөн идсэн ууснаа дуудалцсан, урьдын явдлыг нь ухаж төнхсөн, хуу­лийн дарангуйллаар айлгаж сүр­дүүл­сэн өш хонзонгийн гэмээр тал­цал болох шинжтэй. МАН 200 мянга, АН 160 мянган гишүүнтэй гэдэг. Асууд­лаа ши­рээний ард шийдэж ча­дахгүй, хэв­лэлээр хэрэлдсэн явган улс­төр нь энэ олон мянган гишүүнээ тал­цуулан үндэсний үймээнд түлх­вэл яана. Сон­гуулийн талцал бол яг хөлбөм­бө­гийн фанатуудын хувааг­дал  шиг  хортой гэдэг нь санаандгүй хэлсэн үг бас биш л байх. МАН, АН хоёр  эрх мэдлийн төлөө бүтэн гур­ван жил хамтарч чадсан хэрнээ, энэ Монгол Улсынхаа тогтвортой байд­лын төлөө гуравхан сар учир зүйгээ олоод шударгаар сонгуульдаж бол­доггүй нь үнэхээр олон түмний  бухимдлыг төрүүлж байгаа.

Тэгэхдээ тэд  бухимдал, үймээн хүсээгүй байхад улстөрчид нь өдөөж турхираад байх нь яавч ардчилал биш. Бухимдлыг үймээн болгохын тулд шүдэнз зураад хаях л дутуу,  ас­га­сан бензин адил бэлэн хөрс бол дээрх гурван шалтгаан. Үүнийг өдөөх хэрэггүй, өдөөвөл гадныхны олз, шал­­таг л болно гэдгийг Женко, MCS хоёр ч, МАН, АН-ынхан ч мэдмээр юм. Жишээ нь, өнөөдөр Монголд хүс­­сэн хүсээгүй гадаадын хөрөнгө оруу­лалтаар Хятад улс тэргүүлдэг. Магадгүй бидний тооцоолсноос ч, албан ёсны мэдээнээс ч их байж бо­лох юм. Тус улс гадаадад байгаа өөрийн хөрөнгө оруулалтаа шаард­лага гарвал цэргийн хүчээр хамгаа­лах Батлан хамгаалах номлолтойг өндөр боловсролтой бизнесмэнүүд, төрийн эх оронч түшээд мэдэх л байх. Энэ бол мэдэж, сэрэмжилж бай­­­­хад илүүдэхгүй л нэгэн бол­гоомж­лол.

Тийм учраас л сонгууль болох гэж байгаа тусмаа, асар их баялаг­тайгаа мэдрэх тусмаа  монголчуудад эв нэгдэл, эрүүл хамтын ажиллагаа юу юунаас эрхэм бөгөөд чухал. Түү­нээс бус, хүчирхийллээр хэзээ ч шу­дарга ёсыг авчрахгүй. Хүчирхийлэл хэзээ ч ялалт, баяр авчирдаггүйн хам­гийн сүүлийн жишээ нь долдугаар сарын 1-ний хэрэг явдал болс­ныг монголчууд бид дөрвөн хүний алтан амь төлөн байж биеэрээ мэ­дэр­сэн шүү дээ. Тийм учраас л Жен­ко MCS хоёрын эвлэрэл, ойлголцол бүр их хэрэгтэй. Яагаад гэвэл, энэ хоёрын нэг нь улстөрд, намдаа хүч­тэй нөлөөтэй улстөрч бол нөгөө нь улстөрд нөлөөлж чаддаг компани нь үнэн билээ. Тэр утгаараа Женко, MCS хоёрын дунд энх тайван тог­тоогүй цагт МАН, АН-ын сонгуулийн өмнөх хүйтэн дайн бүр ширүүсэх нь ч бас үнэний хувьтай билээ. Хүссэн хүсээгүй, энэ хоёр намын ойл­голц­лоос Монголын улс төрийн тогтвор­той байдал хамаарна. Зүйрлэвэл,  МАН, АН  нэг хүний гарын хоёр алга гэхэд Мон­голын улс төрийн  тогтвортой бай­­дал нь энэхүү хавсарч нийлүүл­сэн хоёр алганы дунд буй түүхий өн­дөг л гэсэн үг. Хэрвээ аль нэг нь хав­сарсан алгаа татвал өндөг хагарна. Улстөрийн тогтворгүй байдлаас улс ор­ны тусгаар тогтнолд ч тогтворгүй байдал үүсч болно. Үүнийг хүсээгүй л бол хувь хүмүүсийн нэг нь ган­цаа­раа баяжиж, нэг нь хоцорч үлдсэндээ хорсч, намуудынх нь болохоор  дан­гаа­раа хэмжээгүй засаглах гэж мон­гол хүн бүрийн үнэ цэнтэй “эд”-ээр өгөөш хийж, бооцоо тавиад хэрэггүй. Сонгуулийн дараа нар мандана. Ард түмэн  ядуу ч гэсэн сонгууль шударга болж, засаглал тайван үргэлжлэхийг хүснэ. Тэд хоёр хүнээс, хоёр намаас ч илүү ухаантай. Хэрвээ улс орны  тус­гаар тогтнолд, тайван амьдралд нь тогтворгүй байдал үүсгэвэл хэдэн олимпийн аварга төрүүлж, хэдэн Ухаахудаг байгуулаад ч уучлахгүйгээ тэд \ард түмэн\ мэднэ. Өөрийг тань өлгийдөж өдий зэрэгт хүргэсэн мон­гол үндэстнээ бит­гий л талцуулаа­рай, үндэсний хөрөнгөт­нүүд \Женко, MCS хоёр\ минь.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.