Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Долдугаар сарын 1-нээсээ ч дор ШҮҮХИЙН ЭМГЭНЭЛ
2008 оны долдугаар са­рын 1-ний жагсаалыг зохион байгуулсан нь одоо шүүгдэж байгаа цагдаагийн удирд­лагууд яавч биш. Энэ бол хэн бүхний өмнө ил байгаа хөдөлш­гүй үнэн. Жагсаалыг үймээн болгосон нь цагдаа бол бүр биш. Мөргөлдөөнийг намжаах гэж, тараах гэж нүц­гэн гараараа тэмцсэн манай үеийн баатрууд нь харин ч өнөө муу цагдаа нар. Гэхдээ  ардчилсан нийгмийн полиция нар жагсаалыг тараахдаа хуучны үеийн милиция шиг хандсан, аашилсан, аягласан. Энэ үеэр дөрвөн энгийн иргэн бууны суманд амиа алдсан нь баттай үнэн билээ. Тэднийг цаг­­даа буудсан уу, үгүй юү, бууд­сан бол хэний тушаалаар вэ гэдгийг  тогтоох л шүүхийн  процесс явж байгаа, энэ өд­рүүдэд. Хэрвээ цагдаа бууд­сан бол эдгээр дарга нар ту­шаал өгсөн, өгөөгүйнхээ үнэ­нийг тогтоолгож, тухайн үед тушаалаар ажилладаг бай­гуул­лагыг удирдаж байсны­хаа, дарга явсныхаа албан ту­ш­аалын  хариуцлагыг шүү­хээр шийдүүлэх гэж байгааг олон хүн ойлгоно. Түүнээс бус, долдугаар сарын 1-ний бүх бурууг энэ дөрвөн хүнд үүрүүлэх боломжгүйг, хэсэг хүний үйлдлээр цагдааг бүхлээр нь яллахгүй байх гэдэгт түүнээс ч олон хүн найдаж байгаа.

Гэтэл юу болов оо. Долду­гаар сарын 1-нээсээ ч эмгэ­нэл­тэй жүжиг боллоо. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой цагдаа нь дарга нараа хорихгүй гээд ажлаа хий­сэнгүй л гэнэ. Шүүхийн шийд­вэрийг гүйцэтгэх газрынхан нь хорих руу хүргэх машинаа явуулсангүй л гэнэ. Эцэстээ Ганцхудагт биш, эмнэлэгт хо­рилоо л гэнэ. Өвчтөн бараг эцсийн мөчид машинаар очдог эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт цагдаа­гийн дарга нар буюу шүүгдэг­чид өөрсдөө хөлөөрөө явж очоод хэвтлээ л гэнэ. Цагдаа­гийн хамгаалалт дор ар гэрээ­сээ  эргэлт авч байна л гэнэ. Тэгснээ хэдэн өдрийн дараа “гомдолгүй” гэж гарын үсгээ зураад өөрсдөө эмнэлэгээсээ бараг оргож Ганцхудаг руу ачигдсан ардын баатрууд болох гэж ч байх шиг. Юун жүжиг вэ. Энгийн хэн нэгэн бай­сан бол ийм эрх эдэлж чадах уу. Хамгийн гол нь манай шүүх, цагдаа, гүйцэт­гэлийнхэн ийм эрх эдлүүлэх үү. Энгийн иргэн байсан бол тэд ямар хурдан ажиллах бол. Шүүгдэгчдийг танхимд сууж байгаа ар гэрийнхэнтэй нь уулзуулах битгий хэл, хоёр үг ч солиулахгүй чирч гулдран сүрийг үзүүлэн авч одож байхыг олон сурвалжлагынхаа үеэр харсан даа.  Тэр бүрт шүүхийн хүч нь энэ байх. Шүүхийн шийд­вэр гармагцаа хүчин тө­гөл­д­өр гэдгийн утга нь эндээ лбайхгэж ойлгож сүрдэж явлаа. Тэгсэн өнөө муу нь муу­даа дээрэлхүү гэдэг нь тэр  байжээ. Хуулийн хатуу чанга нь ядарсандаа үйлчлээд задарснаа тойрдог гэдэг нь энэ байжээ.

Ер нь буудуулж амиа алд­сан залуусын ар гэрийн хагац­лын зовлон, буудлууж зодуулж тахир дутуу болсон залуусын амьдын зовлонгийн дэргэд дөрвөн даргын дөрвөн жил цагдаа шүүхээр явлаа гэдэг гомдол бол үнэндээ жар­гал шүү дээ. Тэдний цаг­даад генерал, хурандаа болт­лоо зүтгэсэн гавьяаг үгүйс­гэхгүй. Заримынх нь чөмгөө дундартал хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэдэгт ч эргэлзэлгүй итгэж байна. Тэгэхдээ дахиад долдугаар сарын 1-нийх  шиг юм боло­ход намайг хамгаа­лах цагдаа­гүй болно гэдэг байдлаар асуудалд хандаж ч болохгүй. Монголын уран сайхны “Сэ­рэлт” кинонд эцэг нь өвч­тэй охиныхоо эцсийн горьдлого болгож “Тэр орос докторт нь очоод үзвэл яасан юм” гэхэд эх нь “Хэрэггүй биз дээ, лам ахын сэтгэлд юм хий­чихнэ” гээд амьд охиныхоо үхэл­тэйн эвлэрдэг хэсэг бай­даг даа. Яг түүн шиг намайг хамгаалдаг цагдаагаа гомдоочихно гэж асуудалд ханд­вал төрийн онцгой хамгаа­лалт /Онц байдал/ дор дөрвөн иргэнээ буудсныгаа зөвтгө­сөнтэй адилхан болно. Тэгэх­гүй тулд л жаахан ч болов шу­дарга ёсыг эрхэмлэж, зарчим ба­римт­лах нь чухал. Хэрвээ цаг­даа буудсан, бүр тушаа­лаар буудсан нь үнэн л юм бол ардчилсан нийгмийн полиция-г иргэдийнхээ өөдөөс бууны ам шагайдаг милиция даргаар удирдаж болохгүйг тогтоох нь чухал. Амьтан бүхэн тэгш эрхтэй, тэдэн дун­даас гахай илүү эрхтэй хэ­мээн өгүүлдэг Жорж Оурвэл­лийн “Амьтны ферм” зо­хиолыг Монголд “хүн бүр хуу­лийн өмнө тэгш эрхтэй, тэ­дэн дундаас цагдаагийн дарга нар илүү эрхтэй” гэсэн барим­тат үйл явдал болгож  болох­гүй гэдэг нь чухал. Болох уу ч гэж, бараг болчихлоо.



Энэ хэрэг дээр цагдаа нарт өөр хэлэх үг, хийх ажил алга гэж үү. Жагсаалыг тараах гэж явсан олон арван цаг­даа хүндээр шархадсан, бэртсэн. Зарим нь энэ сайхан албандаа эргэж ажиллаж чадахааргүйгээр эрүүл мэн­дээ­рээ хохирсон. Зарим нь эн­дээс олсон шархныхаа шууд нө­лөөгөөр бурхны оронд од­сон. Энэ утгаараа цагдаа нар ч энэ хэргийн хо­хирогч. Дарга на­раа шүүхээс хамгаа­лан сүр­жигнэж бай­хаар Дер­рикүүд нь цагдаад үхлийн шарх өгсөн жагсагч­дыг илрүүлэн баривчлаад дарга нар­тай­гаа зэргэцүүлэн яллуулж яагаад болдоггүй, чаддаггүй юм. Цагдаа бууд­сан буудаа­гүйн аль нь ч бай­сан удирдла­гууд нь хамтын ха­риуц­лага хү­лээнэ гэдгээр  дөр­вөн даргыг нь яллаж бай­гаа бол штабыг ахалсан  албан тушаалтанг яагаад ялла­даггүй  юм. Энэ дөрвөн даргыг цагдаатай нь хамт шууд удирдаж байсан штабын дарга сугарч үлдэх нь  шударга ёс уу.

2008 оны долдугаар сарын 1 бол ардчилсан Мон­голын түүхийн хар өдөр. Энэ өдөр дөрвөн иргэн Онц бай­дал нэртэй төрийн хамгаа­лалт дор амиа алдсан. 1990 онд эх­лүүлсэн олонхийн ардчиллын романтик үе энэ өдрөөр дууссан. Олонхийн ардчилал цаасан дээр үлдэж амьдрал дээр цөөнхийн засаглал эхэлсэн. Сонгуульд хуулиар олонхи болсон нь засгаа бай­гуулж чадахгүйд хүртлээ хамтарсан нэртэй цөөнхийн за­саг­лал эхэлсэн. Энэ бол 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн эмгэнэл байлаа. Тэг­вэл энэ өдрийн үйл явд­лаас улбаатай 2012 оны гуравду­гаар сарын 14-ний өдрийн шүүх хурлын эмгэнэл нь юу байв аа.

Энэ өдөр хүн бүр шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй гэдэг нь тунхаг байсан нь илэрсэн. Шударга шүүхийг тусдаа, бие даасан хараат бус засаглал гэж Үндсэн хуульдаа тунхаг­ласан ч, амьдрал дээр Цаг­даа­гийн бүгд найрамдах улстай гэдгээ мэдэрсэн. Олон орны шүүхийн практикт “жиш­гээр яллах” гэдэг ойлголт хуу­лиас хүчтэй оршдогийг хууль­чид сайн мэднэ дээ. Ижил төрлийн гэмт хэргийг урьд өмнө яаж яллаж байсныг жишиг болгож шүүх шийдвэ­рээ гаргах нь түгээмэл. Энэ талаас нь бодсон ч, хэрвээ хүн бүр шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй нь үнэн л юм бол цаашид хэн нэгэн шүүхийн заасан зүгт биш, өөрийнхөө хүссэнээр эмнэлэг рүү алхаад очиж болох жишиг энэ өдрөөс эхэллээ. Өөрийн хүсээгүй шийд­вэрийг Төрийн нэрийн өмнөөс сонссон хэний ч да­ралт ихэснэ. Улстөрчид шүү­хийг шударга байлгахын тулд шүүгчдийг авлигаас ангид байлгах ёстой л гээд байдаг. Авлигаас ангид байлаа гэхэд амьд явах эрх нь баталгаагүйг энэ өдөр бас харууллаа. Ер нь явж явж шүүх гэж том, сүр­жин нэртэй л болохоос шийдвэрийг нь биелүүлдэг хамгаа­лалтын цагдаагаасаа ч хүчгүй жижигхээн байгууллага л юм байна ш дээ. Юун засаглал!


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.