Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
Эзэн бүтэн, сэтгүүлч хагас эрх чөлөөтэй сэтгүүлзүй
НЭГ

Аливаа хувьсгалд 15-20 жилийн дараа зас­вар ордог гэдэг үнэн ажээ. Ийм хугацааны өмнө нэгэн цул явсан ардчиллын төлөөх намууд өнөө­дөр саллаа. Бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй бай­сан намууд засагт МАНАН болж хамтарч үзлээ. Ийм хугацааны турш намдаа хаан явж төрийн бүх өндөр албан тушаалыг ээлжлэн хашсан хү­чир­хэг улстөрч намаа орхиж ши­нийг байгуулав. Эрх баригчид эдийн засгийн хувьсгал эхлүү­лэ­хээ зар­лалаа. Намаас нам дамжиж яваад эргэн ирж буй экс иргэний нийг­мийнхэн ямар ч хамаагүй өнгөт хувьс­галд уриалах болов.

Салбараараа бусдаас үргэлж хоцордог, 20 жил урсгалаараа  явсан Монголын сэтгүүлзүй ч энэ засварт өртөх бололтой. Энэ нь хэвлэл мэ­дээл­­лийн байгууллагуудын дахин хуваа­рилал­таар илэрч байна. Тусдаа бие даасан редакцаар явж ирсэн сонин, телевиз  сайтууд нэгдэж груп­пийн зохион байгуулалтад орж эхлэв.  Анх мөн л 15 жилийн өмнө нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны бий болго­сон “Өнөөдөр” сонин, “25 дугаар суваг те­левиз”-ийг багтаасан хэвлэл мэ­дээл­лийн “Монгол ньюс” групп өнөө­дөр  олон дүүтэй бол­жээ. “Зууны мэдээ”, “ТВ-9” телевиз нэг блок, “Ар­дын эрх” сонин, “Боловсрол”, “Ийгл” теле­ви­зүүд, “News.mn”  сайт нэг групп, С1 телевиз, “Ард­чилал”, “Монголын мэдээ” сонинууд бас нэг баг. “НТВ” телевиз, “Time.mn” сайт ч нэг эзэнтэй. Груп­пийн зохион байгуу­лалт Монголын сэт­гүүл­зүйн хөгжил, дэвшил мөн үү гэвэл мөн. Зөв ч ханд­лага. Гэхдээ шинэ группүүдийн санхүү­жүү­лэгч, өмчийн эзэд нь дандаа улстөрчид байгаа нь сэтгүүл­зүй бүхлээрээ хэний халаасанд явааг, цаашид явж магадгүйг илтгэнэ.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Лу.Болд, Х.Баттулга, Г.Батхүү нар одоогоор хэв­лэл мэдээл­лийн хамгийн том сүлжээг үүсгэж  хэв­лэлийн магнатууд болжээ. Тэднээс гадна дангаа­раа яваа хүчирхэг хэвлэлүүд ч ардаа дандаа улстөрч эзэдтэй. Тэднийг нэрлэхийн өмнө өнөөдөр сонин, телевизүүдийн ард бодит, бүртгэ­лийн, бодлогын гэж  гурван төрлийн эзэн байгааг тодотгоё. Жишээ нь, “Зууны мэ­дээ”,”ТВ-9" телевиз өөр хүн дээр бүртгэлтэй ч, бо­дит эзэн нь Н.Энхбаяр гэдгийг бүгд л ярьдаг. Хуу­лийнхан хүртэл түүнийг эдгээр хэвлэл мэ­дээллийн хэрэгслийн  бодит эзэн нь болохдоо хууль зөрчсөн эсэхийг нь шалгаж байна. “Зууны мэдээ”, “ТВ-9” телевизийн бодлогын эзэн нь мөн л экс Ерөнхийлөгч болохыг сониных нь хуудас, телевизийнх нь эфирээс харж болно. Улстөрч Лу.Болд “Ардын эрх” сонин, “Боловсрол”, “Ийгл” телевизүүд, News.mn  сайтдаа бодлогын ч, бодит ч эзэн нь. Эдгээр хэвлэл мэдээлэл түүний гол хувьцааг нь эзэмшдэг “Бодь” группийн охин ком­паниуд болохоор тэр бас бүртгэлийн ч эзэн нь. Х.Баттулга, Г.Батхүү нар тус бүрийн хэвлэлийн групп­тээ ийм оролцоотойг гадуур мэддэг, хэв­лэлийнхэн “гал тогоо”-н дотроо үргэлж л ярьдаг.

Группүүдээс цааш жижигрүүлж харвал өдөр тутмын сонины зах зээлд том орон зайтай “Өдрийн сонин” Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараан сүүдэр тусгаж байсныг ер уншаагүй, “Өнөөдөр” сонин экс Ерөнхийлөгч Н.Багабанди, С.Баяр нарыг шүүмжилж байхыг нь хараагүй. Анх төрийн мэдлийн хэвлэлүүдийг хуулиар хаа­хад тэр үеийн УИХ-ын гол хоёр намын нөлөө бүхий улстөрчид болох Н.Энх­баяр “Зууны мэдээ”-г, Ц.Элбэгдорж “Ардын эрх”-ийг сонины баазтай нь, өмчтэй нь, бараг сэтгүүлчидтэй нь харилцан тохиролцон хувьчилж авс­ныг олон хүн ярьдаг, өөрсдөө ярилц­лагадаа нэг бус хэлсэн удаатай. Ц.Элбэгдорж энэ утгаараа “Өдрийн сонин”-ы, Ц.Балдорж агсантай найз байж, нэгэн үе Монголын улс төрд “БОБ” Багабанди, Отгонбилэг, Бал­дорж-ын гэх бүлэг үүсгэж  хүчирхэг явсан гэдгээрээ Н.Багабанди, бас С.Баяр нар “Өнөөдөр” сонины бод­логод эзэн биш юмаа гэхэд энгийн хэн нэгнээс илүү нөлөөтэйг мэдээлэлд ойр хэсгийнхэн, бас манай хэвлэ­лийнхэн сайн мэддэг. Түүнчлэн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар “Өдрийн шуудан” сонин болон нэгэн шинэ телевизийн бодлогын, бас бодит эзэн нь гэдэг. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өнөөдрийн тойм” гэж сонинтой, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “B”  телевизтэй, хотын дарга Ч.Мөнхбаяр саяхнаас “Нийслэл таймс”-ын бүртгэлийн эзнийх нь арын бодит эзэн болсон гэх яриа бий. Мөн сэтгүүлч эзэд нь аль нэгэн улстөрийн намд албан тушаалтай, гишүүнч­лэлтэй учраас “танилын нүүр халуун” гэдэг зарчмаар  редакцын бодлого нь  тодорхойлогддог хэвлэлүүд бас бий. ТВ-5, ТВ-8 телевиз, “Өглөөний сонин”, “Хүмүүс”, “Сэрүүлэг” гэх мэт.

ХОЁР

Ер нь өдөр тутмын шинэ сонин, шинэ телевиз хаана мэндэлж  байна, түүний цаана заавал нэг улстөрч байгаа гэх ойлголт хэний ч толгойд  бараг рефлекс болон буудаг болжээ. Улс төрөөс өөр зорилго байх боломж­гүйг илтгэх хоёр үндэслэл энд бий. Нэгд, өнөөдөр Монголын зах зээлд цэвэр сэтгүүлзүйн зорилгоор гарч, сэтгүүлзүйн зарчмаар яваад  бие даан оршин тогтнох орон зай бараг байхгүй. Өөрийн сайн мэдэх өдөр тутмын сонины жишээн дээр ярихад одоо өдөр бүр гарч байгаа  15 сонины, тэнд ажилладаг хэдэн зуун  сэтгүүлчдийн олоогүй мэдээлэл, огт хөндөөгүй сэдвийг маргааш гарах  шинэ сонин, шинэ баг бичнэ, мэдээлнэ гэж бараг л байхгүй. Шинэ сонин 10 хоног, магад­гүй нэг сар  сайн гарч, уншигчдад содон л харагдах байх. Харин нэг сараас  цааш зүгээр 16 дахь нь болоод явах тийм л орчин, хувь заяа шинэ со­ниныг угтдагийг, тэгж явдгийг ма­найхан тун сайн мэднэ дээ. Хоёр дахь үндэслэл нь бизнесийн зорилгоор эдийн засгийн ашиг олох гэж сонин гаргаж болох. Сэтгүүлзүй бол улстөр, бизнесийн бүлэглэлээс ангид, үнэ­нийг эрхэмлэсэн, нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг онцгой салбар. Тийм учраас бусад улс оронд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь зар суртал­чилгааны орлогоосоо ашгаа олдог. Үүн дээр сонинууд захиалгын төлбө­рөө нэмэрлэдэг байх. Монгол Улс өдөр тутмын 15, долоо, арав хоног тут­мын 20 гаруй сонин, мөн тооны теле­виз,  түүнээс ч олон сайтыг  санхүү­жүүлээд явах хэмжээний зах зээлтэй орон мөн үү. 126 сая хүн амтай Япон л  гэхэд өдөр тутмын 3-4 сониныг арай ядан санхүүжүүлж байхад шүү дээ.13 сая хүнтэй Токиод 2-3 өдөр тутмын сонин байхад сая хүнтэй Улаанбаа­тарт өдөр тутмын 15 сонин байх юм.  Манай улс гурван сая хүрэхгүй хүн амтай, тэдний 20 орчим хувь нь албаны үгтэй өдөр тутмын сонин унших насандаа хүрээгүй яваа бага­чууд. Зар сурталчилгааны зах зээл гэвэл алдарт “Кока Кола”-ныхаас ч бага. Энэ бүгдийг харгалзаад Монго­лын хэвлэлийн зах зээлийг  2-3 өдөр тумын сонин, мөн тооны телевиз л чадан ядан өрсөлдөн багталцах эзлэхүүнтэй гэж гаднын судлаачид тодорхойлсон байдаг. Гэтэл манай хэвлэлийнхэн  энэ жижиг зах зээлдээ тав  арав дахин олуулаа мөртлөө хоорондоо өрсөлдөхгүй, харин ч хамтран  зохицож амьдраад л явна. Яаж гэдгийн нууцыг  монголчуудаас, бүр нарийн яривал хэвлэлийн эздээс өөр хэн ч мэдэхгүй “гайхамшиг”. Өдөр тутмын сонины захиалагчдын тоо өнөөдөр хамгийн ихдээ 10-12 мянга л хүрдгийг энэ зах зээлд олон жил оршин тогтнож байр сууриа эзэлсэн “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонины сүүлийн үеийн захиалгын дүн бэлхнээ харуулдаг. Гэтэл тэднээс бараг тав, зургаа дахин цөөн захиа­лагч­тай мөртлөө илүү олон сэтгүүлч ажиллуулж, илүү цалин олгодог сони­нууд яаж амьдраад байдгийг, өдөр тутмын сониныг автомашины сугалаа болгон тарааж үнэхээр  л ардаа “Аж­най” Бат-Эрдэнэ, эсвэл “АПУ”-гийн санхүүжилттэй байх гэж хардахаас аргагүйгээр  мөнгөөр зодоод байгаа­гийн цаад нууцыг бас эзэд л мэднэ.

Тэгвэл  Монголд хэвлэл мэдээл­лийг, зах зээлийн эрэлтээсээ хэт дав­сан энэ их нийлүүлэлтийг хэн санхүү­жүүлж, амь зогоогоод байна вэ. Олон­хи нь мэдээж эзэн-улстөрчид. Улс­төр­чид яах гэж хэвлэлийн бизнес эр­хэлж, сэтгүүлзүй рүү хошуураад бай­на вэ. Хэвлэл мэдээлэл бол АПУ, “Талх чихэр”, “Голомт” шиг мөнгө ол­дог бизнесийн ашигтай салбар биш шүү дээ. Тэд нийгмийг эрүүлжүүлэх буяны үйлст хөрөнгө хаяад байна уу, эсвэл хувийн зорилгодоо хүрэх гэж хэвлэлд сонгуулийн хугацаатай амь тариа залгаад явна уу. Хувьдаа телевизтэй нь намын удирдах зөвлөлд ордог, сонинтой нь УИХ-д нэр дэвшиж намын Бага хуралд сонгогддог боло­хоор тэдний жишгээр яваад байна уу. Эсвэл мэдээлэл бол хүч учраас улстөрд удаан оршиж гол дүрд тоглох боломж олгодог уу. Хувийн хэвлэл нь эзнийхээ улстөрийн карьерын гиш­гүүр тулгуур уу. Энэ мэтээр олон асуулт гарна. Хамгийн гол нь хариул­тууд нь асуултууд дотроо бэлэн явдаг.

Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, хамаагүй. Улстөр­чид хэвлэлийн эзэн байж болохгүй гэсэн хууль ч байхгүй. Гэхдээ хам­гийн хортой нь хувьдаа хэвлэлтэй эдгээр улстөрчид өнөөдөр улстөрд ид яваа учраас сэтгүүлзүйг улстөрийн дуу хоолой болгох нь түгээмэл байна. Зарим сэтгүүлч эздийн эрх ашгийг хамгаалснаа сэтгүүлзүй гэж андуурах бо­лов. Эзэн ямар албан тушаал хашиж байна тэр институц, салбар, улс­төрийн талцал, бүр фракцынх нь “хэвлэл мэдээллийн алба”-ны үүргийг  бүхэл бүтэн редакцаараа сайн дураа­раа гүйцэтгэх юм. Намын хэвлэл гэж ганц “Монголын үнэн” сониныг л ад үзээд байдаг. Гэтэл ачир дээрээ “Монголын үнэн” сониноос ч илүүгээр нэг улстөрчийн, нэг фракцын дуу хоолой болж байгаа хэвлэлүүд бий боллоо. Ийм санхүүжилттэй “сэтгүүл­зүй” улстөрчдийг, нийгмийг талцуу­лахаас өөр олигтой үүрэг гүйцэтгэхгүй. Дээхнэ үед сониноор дарга, ялаа хоёрыг алдаг байв. Одоо бол сони­ноор эзний өрсөлдөгчийг л балбадаг, “алдаг” болжээ. Хэвлэл эрх мэдлийг хянадаг болохоос сохроор хамгаал­даггүй. Хэвлэл бол нөгөө гурван засаг­лалаа хянадаг дөрөв дэх засаглал болохоос УИХ Засгийн газрын араас аялдан дагаж дөрөвдүгээрт нь явдаг, хэрэг гарвал  борооноос хамгаалдаг шүхэр биш билээ.  

ГУРАВ

Сонинууд бүх дугаар, нүүрээ, телевизүүд эфирийн бүх цагаа зөвхөн эзнийхээ төлөө зориулдаг гэвэл дэндүү худлаа, хэт үгүйсгэл болно. Манайхан ер нь л улстөр, эдийн засгийн бүлэглэлийн сонирхол ороо­гүй үйл явдал, сэдвийг нийгмийн төлөө тэнцвэртэй л хүргэдэг. Харамсалтай нь энэ тэнцвэрээ улс төр, эдийн зас­гийн сэдэвт  эрхэмлэдэг, ноён нурууг эрэлхийлдэг нь цөөхөн дөө. Тэдгээр цөөхний, тийм байхыг хичээд­гийн нэг нь “Үндэсний шуудан” сонин юм.

Манай  сонины бүртгэлийн, бодит, бас бодлогын эзэн нь ерөнхий эрхлэгч Б.Ганболд. Эдгээр давуу эрхийг нь түүнтэй хэн нэгэн хуваалцаж, нөлөөлж байхыг  энэ сониныг анхнаас нь байгуулж, одоо хүртэл хамт яваа сэтгүүлчид бид өнөөдрийг хүртэл хараагүй. Харин ч тэрээр бодлогын эзэн байх эрхээ ихэнхдээ сэтгүүлч­дэдээ алддаг бөгөөд үүнийх нь төлөө мэргэжил нэгтнүүд маань заримдаа бидэнд атаархдаг юм. Манай сонин захиалгын тоогоор эхний гуравт, ухарлаа гэхэд дөрөвт ордгийг энэ салбарынхан мэднэ. 16-20 нүүрээр хэвлэсэн сонины талбайн 5-8 нүүрийг зар сурталчилгаа эзэлдгийг уншигч, захиалагчид мэднэ. Бидний санхүү­гий­н орлого ердөө л энэ. Үүнийгээ чадварлаг баг бүхий  цөөн сэтгүүлч­дийнхээ цалинд чадан ядан хүргэдэг. Ерөнхий эрхлэгч,  санхүүгийнхэн, сэтгүүлчид нь өөрсдийн машиныг нийлүүлж барьцаалаад Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч цалингаа тавьж, хэвлэх үйлдвэрийн өрөө төлж явсан үе  бидэнд байдаг л юм. Бусад сэтгүүлч биднийг сониныхоо  бодло­гын эзэд байгаад атаархдаг бол бид бусдын сониныг хөрөнгөлөг санхүү­жүүлэгчтэйд нь атаархдаг үе бас бай­даг л юм. Гэхдээ ажил мэргэжилдээ эзэн байх нь ямар ч зузаан хэтэвчнээс эрхэм бөгөөд илүү үнэтэйг манайхан бүгдээрээ сайн мэддэг.

ДӨРӨВ

Чөлөөт хэвлэл бол ардчиллын амин сүнс. Тэр үнэн. Монголчууд мэднэ. Америкийн хэвлэлийн эрх чөлөө гэж хамгийн их мөнгөтэй 200 хүний л эрх чөлөө гэдэг үг бий. Энэ бас үнэн ажээ. Монголчууд мэдэрч эхэлж байна. Үүнийг өөрийн улс  дээр буулгавал  Монголын хэвлэлийн эрх чөлөө гэж хамгийн их мөнгөтэй 20 гаруй хүний л эрх чөлөө болжээ. Хэдхээн жилийн өмнө энэ эрх чөлөө арай олон хүнийх байсан даа. Олон улсын байгууллагаас Монголыг хэв­лэлийн хагас эрх чөлөөтэй гэж дүгнэ­сэн. Бид 2011 онд 24 байраар ухарч 178 орноос 100-д жагсчээ. Манай улстөрчид гэж  тийм хагас эрх чөлөө­тэй хүмүүс мөн бил үү. Тэдэнд төрийн хууль хүртэл үйлчилдэггүй үе, то­хиол­дол хүртэл байдаг даа. Өмчийн эзэн хүссэнээ бичүүлж, дургүй хүр­гэс­нээ хусуулж байхад сэтгүүлчид ийм эрхгүй. Сэтгүүлч хэн нэгнийг, ямар нэгэн үйлдлийг шүүмжилж магтахдаа хүрвэл, эрэн сурвалжилж олсноо сонссоноо бичихдээ тулбал эзний зөвшөөрөлгүйгээр үзэг цаас нийлүүлэх эрхгүй. Сонины холбоо, сайт, ТВ-үүдийн холбоо, Өдөр тутмын сонин холбоо ч эздийн, эрхлэгч нарын л холбоо. Энэ утгаар нь бодсон ч, бодит байдал  дээр харсан ч,  Монго­лын сэтгүүлзүйд  эзэн бүтэн, сэтгүүлч хагас эрх чөлөөтэй яваа гэвэл нэг их ташаарал болохгүй байх. Чоно цатга­лан, хонь бүрэн гэж үг байдаг даа. Түүн шиг, эрх чөлөөгөөр эзэн цатга­лан, сэтгүүлч хагас өлсгөлөнд яваа. Эдийн засгийн орлого, санхүүгийн хуваарилалт ч иймэрхүү байгаа. Тэгсэн атлаа эцсийн хариуцлага, муу нэр нь сэтгүүлч дээр ирдэг. Эзэн, захиалагч ард нь нуугдаад үлддэг.

Монголын сэтгүүлзүй ийм байд­лаар хэр удаан явах вэ. Сэтгүүлчид бид биеэ, гэрээ засаад төрөө зас, улстөрд ор, албан тушаалд оч гэж үргэлж бусдад зааварддаг, тулгадаг. Гэтэл бидний гэр орон ямар байна вэ. Өөрийн гэр нь хог новш, хир буртагтай, хариуцлага, санхүүгийн шог хуваа­рилалттай байхад өрөөлийн гэрийн сайхан муухайг, санхүүгийн зөв бу­рууг шүүмжлэхэд хэр олон хүн итгэх вэ. Сэтгүүлчид бид бусад салбарын шинэчлэл удаан байгааг, бүр огт хийгдэхгүй байгааг байнга л бичдэг,  ярьдаг. Харин манай салбарт, Монго­лын сэтгүүлзүйн шинэчлэл ямар төвшинд байна вэ. Хэвлэлийн бай­гуул­лагууд группийн зрхион байгуу­лал­тад орж, сэтгүүлчид их хурлаа хийж дарга нараа сольсон нь шинэч­лэл үү. Энэ бол өмчийн хуваарилал­тын хэлбэр талын өөрчлөлт болохоос сэтгүүлзүйн агуулгын шинэчлэл ха­раахан биш ээ. Улстөрч-эзэд нь өм­чөөрөө л хэвлэл мэдээллийн хэрэгс­лийн  магнатууд болж байгаагаас биш, Б.Ганболд шиг, Ц.Балдорж агсан шиг, Ж.Мягмарсүрэн шиг бусдад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлзүйн магна­тууд болоогүй байна.

Бүгдэд эзэн буруутай гэвэл бас худлаа. Эзний цензурыг аваад хая­чих­вал сэтгүүлчид нийгмийн төлөө бичээд байна гэвэл эндүүрэл. Үнэн­дээ бол сэтгүүлчид бидний ур чадвар, ёс зүй, ухамсрын асуудал өнөөдөр еэвэнгийн нэг тал болчихоод байна. Нийгмийг анагаах үүрэгтэй байтал бидний “уран бүтээл” заримдаа нийг­мийг сэдрээх юм. Жишээ нь, “утаагүй зуухтай айлуудын гудамжинд утаа бүрэн арилжээ” гэж бичих юм. Эзний даалгавар, найз нөхдийн гуйлтаар бичлээ бичлээ гэхэд ингэж зусардаж болох уу. Эсвэл ур  чадвар нь дутжээ гэх үү.  Огт ямар ч зуух хэрэглэдэггүй орон сууцны хороолол хүртэл утаан­даа дарагдчихаад байхад “ийм бү­тээл” сэтгүүлзүйд ямар нэр хүнд авчрах нь тодорхой. Түүнийг сэтгүүлч гэх үү, эсвэл улстөрийн ажилтан гэх үү. Утаагүй зуух тараадаг төслийн PR-ын мэргэжилтэн үү. Аль нь ч байж болох ч, ил цагаан үнэнийг илэрхий гуйвуулахгүй байх хувь хүний наад захын ёс зүй түүнд байна уу. Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах ёстой. Энэ бол олон улсын жишиг. Гэтэл манай сэт­гүүлчдийн зарим нь үүнийг  “онцгой эрх” гэж андуурдаг. Эх сурвалжаа хам­гаалах нь сэтгүүлчийн онцгой үүрэг болохоос эрх биш шүү дээ. Ер нь л манайхны заримд сэтгүүлч гэдгээрээ түрий барьсан, давуу эрх эдлэх, онцгой байх гэсэн хандлага хааяа ажиглагдах юм. Жишээ нь, сэтгүүлчтэй холбоотой  нэгэн хэргийн анхан шатны шүүх хурлын дараа “сэтгүүлч ялагдсанд харамсч байна” гэх улстөржсөн мэдэгдлийг манай сэтгүүлчдийн байгууллагаас гаргаж байсныг санаж байна. Сэтгүүлч хүн, эсвэл эмч шүүх дээр ялагдаж болох­гүй гэсэн хууль дүрэм байхгүй. Хүн л юм чинь алдаж болно. Үүний оронд сэтгүүлчийн алдааг эрүүгийн биш, иргэний журмаар шийддэг олон улсын дүрэм журмыг хуульчлуулахын төлөө дуугарвал өөр хэрэг.

ТАВ

Миний бие энэхүү нийтлэлээр сууж байгаа мөчрөө хөрөөдөх гэсэн­гүй. Харин ч  хамгаалахын тулд хөнд­лөө. Алдаагаа өөрсдөө эхэлж харах­гүй, засахгүй бол бидний мөчир дээр өөр хүмүүс суучих гээд байна. Хүний тархиар дамжиж зүрхэнд хүрдэг энэ мэргэжил, энэ ажилдаа би, бид дур­тай, хайртай. Өөрсдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинж­чихаад улсын төсвийн хуваарилалтын “тэнгэрийн тоо”-гоор амьдардаг, Та­вантолгойн 536 ширхэг хувьцааг 1072 болгохыг шаарддаг, өөрийнх нь ар гэрт өчнөөн проблем байхад улс орны л юм ярьж явдаг “том амьтад” шүү дээ, бид. Удахгүй болох Цагаан сарын шинийн нэгний өглөө л гэхэд аав ээждээ золгоогүй байж “гурван ду­рак”-ийг дагаад ажлаа хийж явдаг, төрлөө тоодоггүй хүмүүс гэвэл сэт­гүүл­чид л байх. Олны дунд сайн муу аль аль нь байдаг. Харин хүний тархиар дамжиж хэтэвчинд нь хүрэх гэдэг хандлага сэтгүүлзүйд давам­гайлж болохгүй. Энд дурдсан бүхэн шинэ соргог биш бөгөөд бидний хэсэг бүлгээрээ нийлж суухаараа, редакц дотроо ярьдаг л зүйлүүд. Хүн өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн гэдэг шиг сэтгүүлч бид л өөрсдийнхөө алдааг олж залруулахгүй бол хэн ч хийхгүй. Улстөрчид, эзэд бол бүр хийхгүй. Бид галт тэргэн доторхи зодооныг л тойрч бичсээр байх зуур бидний-сэтгүүл­зүйн галт тэрэг маань өөр зүгт явчих гээд байгаа юм биш үү. Магадгүй сэтгүүлзүй ийм байвал Монгол Улсын минь суусан галт тэрэг өөр зүгт явчихаж ч мэдэх юм. Тэгүүлэхгүйн төлөө л сэтгүүлчид бид үг үнэлэгдэж, үзэг элэгдтэл бичдэг, цаашид ч бичих болно.

Гэхдээ “чөлөөт хэвлэл ардчиллын сүнс” гэдэг дан ганц тунхагаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бүрэн хангах­гүй. Хууль эрхзүйн зохицуулалт дав­хар хэрэгтэй. Одоо УИХ-аар хэлэл­цэж байгаа Хэвлэл мэдээллийн эрх­зүйн байдлын тухай хууль Монголд хариуцлагатай сэтгүүлзүйн эхлэл болохыг сэтгүүлчид бид чин сэтгэлээ­сээ хүсч буй. Үүний тулд заавал шийдэх гурван зүйлийн саналаа “гал тогоо”-н дотроос нь, сэтгүүлчдээ төлөөлөн хүргэе.

НЭГ. СЭТГҮҮЛЧИЙН АЛДААГ ЭРҮҮГИЙН ЖУРМААР БУС, ИРГЭНИЙ ЖУРМААР ШИЙДДЭГ БОЛОХ.

Монгол Улс ардчилсан, ардчил­лаар үлгэр болдог орон мөн л юм бол сэтгүүлчээ эрүүгийн журмаар шийтгэ­дэг, хорьж ялладаг байж болохгүй. Ардчилсан орнуудын хамтын нийгэм­лэгийг тэргүүлж байх энэ хугацаандаа ардчиллын амин сүнсээ эрүүгийн журмаар хорьж ялладаг хуулиасаа татгалзах нь гишүүн орнууддаа үлгэр болно. Харин үүнийхээ оронд хэвлэлд гарсан эрүүгийн шинжтэй мэдээлэлд заавал эрүү үүсгэн шалгахыг хуульч­лах нь нийгэмд хэрэгтэй. Хэрэв ингэхгүй бол сэтгүүлчид эрүүгийн шинжтэй мэдээллийг барьж зүрхлэх­гүй, бичлээ гэхэд эрсдэлийг өөрөө хүлээж мэдэх өнөөдрийн хуулийн зохицуулалт хэвээр үлдвэл эрэн сурвалжлах сэтгүүлзүй жинхэнэ утгаараа хөгжихгүй.

ХОЁР. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭЗДИЙГ ЖИЛ ТУТАМ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАДАГ БОЛОХ.

Сэтгүүлзүй олон нийтийн төлөө л  юм бол эзэд, хөрөнгө оруулагчид нь ил байж л олны итгэлийг хүлээнэ. Редакцын бодлого бол эзний бодлого биш. Ил зарласан эзэн, редакц хоёрын дунд хараат бус байдлын гэрээ байгуулахыг хуульчлах нь чухал. Ингэснээр өмч, бүртгэл нь эзнийх, уран бүтээл нь сэтгүүлчийнх байх боломж бага боловч гарч ирнэ. Огт байхгүй байснаас л дээр.

ГУРАВ. СЭТГҮҮЛЧДИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЭРХИЙГ СЭТГҮҮЛЧДИЙН БАЙГУУЛЛАГАД ОЛГОХ

Өнөөдөр хэвлэл мэдээлэл хэтэр­хий замбараагүй, сэтгүүлчид бид ур чадвар, ёс зүйгээрээ заримдаа сэтгэг­дэлч­дээс ч дор байгаа тал бий. Үүнээ­сээ болж эзний, дарамтлагч, захиал­гат, худалдагдсан  сэтгүүлзүй гэж янз бүрийн нэр хоч зүүдэг. Сэтгүүлч ядуу болохоор мөнгө авч байна, мөнгөний өмнө хэвлэл буруугүй, мөнгөний өмнө сэтгүүлч хүчгүй байна л гэх юм. Тийм байж магадгүй. Заримдаа мөнгөний өмнө эзэн ч хүчгүйддэг байх. Ер нь саятнууд ч авлига авдаг. Тэгэхээр мөнгө бол маршалл гэдэг шиг мөнгө­ний өмнө хэн ч хүчгүйддэг байх. Харин мөнгөний өмнө хэвлэл хүчгүй байж бо­лохгүй. Үүний тулд сэтгүүлчийн тар­хийг хэн нэгний хэтэвч биш, ёс зүй нь тархиа захирдаг тийм сэтгүүлчдийг бэлтгэх, ажиллуулах нь манайхны өөрсдийн хийх ажил юм. Тэгж байж л бид хариуцлагатай сэтгүүлзүй хэмээх хоёр дахь хувьсгалаа хийж чадна. Хэвлэл эдийн засгийн хувьд бие даах, бодлого сэдвийн хувьд  эзнээс хараат бус болох боломжийг энэ хувьсгал л олгоно.
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.