Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Сү.БАТБОЛД: НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ШИНЭЭР СОНГОНО
2008 оны сонгуулийн дараа С.Баяр Ерөнхий сайд болмогцоо АН-ыг засагт хамтарсны бонус болгож намын даргад нь тусгайлан Тэргүүн шадар сайдын орон тоо гаргаж байлаа. 2012 оны сонгуулийн өмнө, анх зориулсан эзэн нь намтайгаа засгаас гарч явчихаад байхад МАН-ынхан Тэргүүн шадар сайдын орон тоог хадгалахын зэрэгцээ ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг энэ албан тушаалд нэр дэвшүүлэв. Энэ нь шинээр томилогдох зургаан сайдынхаа томилгооноос ч илүү сонирхолтой улс төрийн  үзүүлбэр болов. Эндээс намын дүрмээр орон тооны байх ёстой ерөнхий нарийн бичгийн дарга нь Тэргүүн шадар сайдыг хавсрах уу, эсвэл У.Хүрэлсүх намын ажлаас завсарлага авав уу гэх мэтээр олон асуулт гарна.Үүнд хариулт эрэхийн өмнө, магадгүй үйл явдал нь бүхлээр энэ бүгдийн тайлал болох нэгэн хаалттай хуралдааны зарим мэдээллийг хүргэе. Энэ бол уржигдар буюу өнгөрсөн даваа гаригт болсон, сайд тодруулсан МАН-ын бүлгийн хуралдаан. Хаалганы цаана нэлээд “юм” болжээ.

Бүлгийн хурал эхлэхэд Ерөнхий сайд Сү.Батболд товч танилцуулга хийж, зургаан сайдын гурвыг УИХ-ын гишүүдээс, гурвыг парламентын гаднаас томилохоор шийдсэн. УИХ-аас томилох гурван сайдад Удирдах зөвлөлийн бодлого гэж байхгүй. Иймд та бүхэн хэнийг ч нэр дэвшүүлж болно гэжээ. Намын дарга нь  наана ил тэгж хэлсэн ч цаагуураа  бол удирдлагын ч гэх юм уу, фракцын гэх юм уу ямар ч гэсэн Ардын намын “алтан гурвалжин” аль хэдийнэ  тохиролцоогоо хийчихсэн байв. Бодлого бол Сү.Батболд Сангийн сайдад, хотын бүлэг буюу М.Энхболд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад, У.Хүрэлсүх Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлэх, бие биеийнхээ саналыг хуваалцахгүй байхаар аль хэдийнэ тохирсон байжээ.

Үүнийг Ц.Даваасүрэн, Р.Буд, Н.Ганбямба, Х.Бадам­сүрэн нарын гишүүд мэдэрсэн бололтой,  дарга нар дээгүүрээ хувааж авчихаад доогуур нь ингэж өрсөлдүүлсэн болж нэр дэвшүүлэн жүжиглэх хэрэг байна уу, УИХ-ын гишүүдээр тоглолоо гэх зэргээр бухимдав. Гэвч Ардын намын гишүүдийн хувьд даргын үг үргэлж үнэн байдаг, бас горьдлого сүүлийн мөчид л унтардаг учраас гишүүд нэр дэвшүүлж эхэлсэн байна.
Эхлээд Сангийн сайдад:
Ч.Улаан гишүүн өөрийгөө,
Д.Хаянхярвааг Х.Наранхүү гишүүн,
Ц.Даваасүрэнг Д.Балдан-Очир гишүүн,
Д.Бямбацогтыг Ж.Сүхбаатар гишүүн тус бүр нэр дэвшүүлэв. Тэднээс Ц.Даваасүрэн гишүүн “би Улаан сайдын удирдлагад олон жил ажилласан, түүнийг хүндэтгэж байна. Гэхдээ би Бямбацогтыг дэмжинэ” гэж мэдэгдээд нэрээ татжээ. Энд сонир­холтой нь Дарханаас сонгогдсон хоёр гишүүний нэг нь Ерөнхий сайдын бүлгээс бодлогоор Сангийн сайдад нэр дэвшиж байхад нөгөө нь түүний эсрэг өөр хүн нэр дэвшүүлээд явж байсан байх юм.

Дараа нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад:
Ц.Дашдоржийг Д.Очирбат гишүүн,
Р.Будыг Н.Ганбямба гишүүн,
Ц.Цэнгэлийг Э.Мөнх-Очир гишүүн,
Н.Ганбямбыг Д.Лүндээжанцан гишүүн,
Р.Рашийг Х.Наранхүү гишүүн,
Х.Бадамсүрэн гишүүн  өөрийгөө,
Х.Баделханыг А.Тлейхан гишүүн тус бүр нэр дэвшүүлжээ.

Тэднээс Р.Раш гишүүн нэрээ татаж, “намын удирдлага дэмжвэл татгалзах юм алга. Сайд боллоо гэхэд ажлыг нь зогсоочихгүй аваад явчихаж дөнгөх л байх. Гэхдээ манай нам залуу хүмүүсээ гаргаж ирж таниулах хэрэгтэй” гэжээ.

Эцэст нь Батлан хамгаалахын сайдад:
Ж.Энхбаярыг Г.Занданшатар гишүүн,
Д.Загджавыг  мөн Г.Занданшатар гишүүн,
Х.Жекейг бас Г.Занданшатар гишүүн,
Ц.Батбаяр, Д.Одбаяр, Д.Очирбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин нарыг Д.Лүндээжанцан гишүүн нэр дэвшүүлжээ. Тэрээр ингэж бөөндсөн шалтгаанаа “намын Удирдах зөвлөлд сайдад өрсөлдөхөө илэрхийлж 28 хүн мэдэгдсэн. Тэд хэн нь намайг нэр дэвшүүлэх бол гэж нүд нь бүлтэгнээд суух шиг байна.Тиймээс би нэр гараагүй бусад хүнийг дэв­шүүл­чихье” гэсэн байна. Тэднээс Д.Од­баяр “намд дотоод ардчилал хэрэгтэй гэдэг үүднээс би өрсөлдөхөө мэдэгдсэн. Бүлгийн олон гишүүн ч тэгж зөвлөсөн. Гэвч намд эв нэгдлийн асуудал байгаа юм байна гэдгийг энэ өдрүүдэд анзаарсан шүү. Иймд сонгуулийн өмнө намын эв нэгдлийг бодож нэрээ татаж байна” гэж мэдэгдээд нэрээ татжээ.

Энд сонирхолтой нь Д.Лүндээ­жанцан гишүүний үгээр бол гурван сайдын төлөө МАН бүлгийн 45 гишүүний 28 нь өрсөлдөхөө мэдэгд­сэн байх нь. Сонгууль дөхсөн, зургаан сарын “настай” гуравхан суудлын төлөө ийм тооны гишүүд өрсөлдөх хүсэлтэй байсан нь тус бүлгийн гишүүдийн 50 хувиас илүү нь сайд болж чадаагүйдээ, зөвхөн УИХ-ын гишүүнээр дөрвөн жилийг үдэж байгаадаа сэтгэл гонсгор явж, хүрд эргүүлэх сүүлчийн боломжийн төлөө ийнхүү бөөнөөрөө дайрсан бололтой юм. Нийт 28 гишүүн өрсөлдөхөө мэдэгдэж нэр дэвшээд тэднээс Ц.Даваасүрэн, Р.Раш, Д.Одбаяр гэсэн гурван гишүүн л сайн дураараа нэрээ татсан нь бас л чамлалттай үзүүлэлт. Ц.Даваасүрэн гишүүн хэдхэн сарын өмнө намын даргаа Ерөнхий сайдаас  огцруулах бичиг өргөн барьж явсны хувьд бантаж, танхимынх нь сайдын төлөө өрсөлдөөд ялахгүй гэдгээ мэдэрсэн л байх. Р.Раш гишүүний хувьд өрсөлдөөд ялагдсанаас төрд олон жил ажилласан хүний ноён нурууг үзүүлэх нь нэрэнд цэвэр гэдгийг мэдсэн л байх. Д.Одбаярын хувьд удирдлагуудынхаа тохиролцоог мэдэрсэн учраас намын бодлогод халдаж сонгуулийн өмнө намынхаа эв нэгдэлд угаасаа байгаа асуудлыг улам  дэврээхээс болгоомжилсон л байх. Гэхдээ л тэд нэр дэвшсэн бусдаасаа, өрсөлдөөд бодлогод ялагдсан хэдээсээ өөр харагдаж чадлаа.

Нэрээ татсан гишүүдээс гадна Д.Очирбат гишүүн “хэрвээ Эрүүл мэндийн сайдыг УИХ дотроос гэсэн бол би өрсөлдөх байсан юм”, Д.Арвин гишүүн “би УИХ-д гурав сонгогдлоо, хэрвээ ирэх сонгуульд ялаад ирвэл баараггүй сайдад үзнэ шүү”, Д.Оюунхорол гишүүн “УИХ-аас томилох гурван сайдынхаа аль нэгийг эмэгтэй гэж жендер заагаач, эсвэл УИХ-аас томилох гурван яамныхаа нэгд Байгаль орчин, аялал жуулч­лалын яамыг оруулаач” гэх зэргээр хувь хувийнхаа л байр суурийг илэрхийлсэн байх юм. Түүнчлэн бүлгийн нэгэн эмэгтэй гишүүн Удирдах зөвлөлийн нэг эмэгтэйтэй хэрэлдэх хэлцэхийн хооронд маргаж, Э.Мөнх-Очир гишүүн “гишүүд бид  намын Удирдах зөвлөлийн хуралд суудаггүй. Удирдах зөвлөлийн гишүүд намын бүлгийн хуралд суудгаа болих хэрэгтэй. Энд парламентын бүтэц ажиллаж байна” гэх зэргээр дарга нараа  хөөж  үзжээ.

Хурлын төгсгөлд гишүүн Ц.Ням­дорж, Ц.Мөнх-Оргил, А.Тлейхан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан тооллогын комисс ажилдаа оров. Тэд санал хураалтыг хоёр үе шаттай явуулахаар шийдсэн бөгөөд 50 хувиас дээш санал авсан нь шууд ялагч, аль нь ч 50 хувийн санал аваагүй бол хамгийн олон саналтай хоёрыг дахин өрсөлдүү­лэхээр болжээ. Санал хураалтын дүнг гаргахад Сангийн сайд Д.Хаянхярваа 53 хувийн санал авч шууд ялав. Харин Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдад 15 санал авсан Ц.Дашдорж, 11 санал авсан Р.Буд нар, Батлан хамгаа­лахын сайдад 15 санал авсан Ц.Батбаяр, 11 санал авсан Ж.Энх­баяр нарын төлөө хоёр дахь шатны санал хураалт болжээ. Эндээс Ц.Дашдорж гишүүн 23 саналаар Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигчээр тодорч, Батлан хамгаалахын сайдад Ц.Батбаяр, Ж.Энхбаяр нар тус бүр 21 саналаар тэнцэв. Тэдний хайныг намын Удирдах зөвлөлийн 30 гишүүн хагалахад Ж.Энхбаяр олонхийн санал авсан байна. Энэ бүгдийн дараа гадна талдаа МАН дотоод ардчилалтай, сайд нараа өрсөл­дөөнөөр тодруулсан боловч эцсийн дүндээ гурван сайдад гурвууланд нь “алтан гурвалжин”-гийн тохиролцоо, намын Удирдах зөвлөлийн бодлого л ялав. Сайд нарыг өрсөлдүүлж тодруулсан уу, тодруулсан. Дотоод ардчилалтай харагдсан уу, харагд­сан. Эцсийн бүлэгт тохиролцоо ялсан уу, ялсан. Нөгөө, чоно цатга­лан, хонь бүрэн гэдэг энэ ажээ. Харин Ж.Энх­баяр, Ц.Батбаяр нарын өрөслдөөнд хотын бүлгийнхэн тохиролцоогоо жаахан эвдэж, мессеж  PR-аар тохи­ролцоог эвдэх гэж оролд­сон нь  цаа­шид “алтан гурвалжин”-д сэв суулгах эсэхийг одоогоор хэлэх боломжгүй.

Харин Говь-Алтай аймгаас хоёр сайд зэрэг тодорсноор тэд хоёулаа УИХ-д тойрогтой болох болмжтой боллоо. Сонгуулийн шинэ хуулиар Говь-Алтай аймаг нэг мандаттай болж байгаа. Одоо тэгвэл, хамгийн гол нь Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд болсноор  Ц.Дашдорж аймагтаа хуучин тойрогтоо үлдэж, харин Ж.Энхбаяр Батлан хамгаалах яамаа түшиж Баянзүрх дүүрэгт нэр дэвших боломж гарч ирж байх шиг байна.  

Ж.Энхбаярын олонхийн санал авдаг Удирдах зөвлөлийн хурал дээр намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг Тэргүүн шадар сайдад нэр дэвшүүлэв. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга бол орон тооны байх тус намын дүрэмтэй. Урьд өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга нар ч тийм байсан. Харин энэ удаа У.Хүрэлсүхийн улс төрийн нүүдэлд одоогоор гурван янзын дүгнэлт хийж болох юм.

Нэгд, хувь хүнд тохиолдсон хүнд өдрүүдээ чоно шиг хийморьтой давсныхаа дараа намын ерөнхий нарийн бичгийн дарга болсон У.Хүрэлсүх намынхаа байрыг бариулж дуусаад сонгуулийн өмнө намаа хаялаа. Ирэх сонгуульд яг таг оноосон тодрхой тойроггүй явсан учраас тойрог олж авахын тулд Тэр­гүүн шадар сайд болсон байж болох.

Хоёрт, У.Хүрэлсүх намаасаа хөндийрлөө, түүнийг хөндийрүүллээ. Одоо Сү.Батболд  ерөнхий нарийн бичгийн даргад өөрийнхөө хүнийг нэр дэвшүүлнэ.  Ингэснээр Сү.Батболд намдаа власть-ийг авсан шиг авах гэж байна. Тэрээр алгуурхан, зөөлөн нь хатуугаа идэх маягаар МАН-ын дарга болж байна.

Гуравт, У.Хүрэлсүх нэгэнтээ намын нэр сольсны, нам сонгуульд ялагдсаны хариуцлагыг би хүлээнэ гэж ил тод мэдэгдсэн.МАН-ын дараагийн даргад яахын арагагүй яригдах тэрээр энэ үгээсээ бултаж байна. Өөрөөр хэлбэл, хүлээх ха­риуц­­лагаасаа, хэлсэн үгээсээ тэрээр бултаж байна, эсвэл түүнийг түр бул­туулж байна. Ингэсэнээр 2012 оны сонгуулийн дараа МАН ялсан ч, ялагд­сан ч намын даргад өрсөлдөх шинэ боломж түүнд гарч ирж байж болох.

Энэ мэтээр улс төрийн ажиглаг­чид У.Хүрэлсүхийн үйлдлийг  янз бүрээр дүгнэж байгаа ч, намын дарга Сү.Батболд нэгэн мэдэгдлийг УИХ дахь бүлгийн гишүүддээ баттай хэл­жээ. Удирдах зөвлөл УИХ-ын гаднаас томилох гурван сайдаа тодруулсны дараа намын бүлэгтээ танилцуулсан. Энэ үеэр Д.Загджав гишүүн “намын ерөнхий нарийн бичгийн дарга бол орон тооных байх ёстой. Үүнийг яаж зохицуулах вэ” гэж ауужээ. Үүнд нь намын дарга Сү.Батболд “бүх асуудлыг намын дүрмийн хүрээнд шийднэ. Намын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргыг Бага хурлаас шинээр сонгоно” гэж мэдэгджээ.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.