Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
АН ГАРЛАА, ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ УУ
АН хамтарсан Засгийн газраас гарах нь тодорхой бол­лоо. 2008 оны сонгуулиар өгсөн сонгогчдын санал одоо л нэг юм 3.4 жилийн дараа байр бай­рандаа очих нь сайн хэрэг. Энэ сайнаас гадна уул уурхайн их мөнгө­ний урсгалд, хөгжлийн гараан дээрээ зогсч байгаа Монголын төрд шударга хяналт хамтарсан засгаас ч илүү хэрэгтэй. Харин АН-ынхны замын дундаас салахын цаад зорилго нь энэ зүгт, засагт улс орныхоо төлөө хам­тарсан гэдэг шигээ байж чадах уу. Үгүй л болов уу. Суганд хавчуулаг­даж яваад сонгуульд амжилт үзүү­лэхгүйгээ мэ­дэрч, сон­гуу­лиас хагас жилийн өмнө, тов­ло­сон хугацаандаа гарч байгаа нь л энэ байх. Тэдний тайл­ба­раар  АН 3.4 жил улсаа бодож за­сагт, албан тушаалд  хамтар­чээ. Одоо бидний харж буйгаар сонгуулийн өмнөх зургаан сард намаа ч юм уу, амиа бодож тус­даа явахаар шийджээ. Улс тө­рийн талаасаа дөрөв таван сар сайд явснаас дараагийн дөр­вөн жилийн турш сайд байх өр­сөл­дөөнд бэлтгэх нь зөв л дөө. Тус намынхан гур­ван оны турш засагт хамтарсан шалт­­гаанаа тайлбарлаж ирсэн бол үлдэж буй хагас жилд  засгаас яагаад гарснаа зөвтгөх  ажил­тай боллоо.  

АН засгаас гарснаар ний­гэмд хоёр чухал асуулт гар­на. Нэгд, Засгийн газар огцрох уу. Хоёрт, АН Засгийн газраас гар­сан нь зөв, буруу тухай. Эх­ний асуултын хариултыг хуу­лиас харж, хуулийн хү­рээнд шийдэх боломжтой. Ха­рин хоёр дахь асуул­тын эц­сийн хариултыг 2012 оны сон­гуу­­лийн дүн л ха­руул­на. Үнд­сэн хуульд Засгийн газ­рыг бү­рэн бүрэл­дэхүүнээр нь огц­руу­лах гурав дөрвөн үндэслэл бий.


ЭХНИЙХ НЬ, ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ЕРӨНХИЙ САЙД ҮЗЭЖ УИХ-Д ХАНДВАЛ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ОГЦРУУЛНА

Үндсэн хуулийн энэ заал­тыг Монголын парламент хэ­рэг­лэж байсангүй. 1990-1992 онд Д.Бямба­сү­рэнгийн тэр­гүүл­сэн эвслийн Засгийн га­зарт итгэл үзүүлэх эсэхийг  Улсын Бага Хурал хэлэлцэж байсан удаатай. Мөн Ж.Наран­цацралт агсан Ерөн­хий сай­даас огцрохдоо танхим нь үүрэг гүйцэтгэгчээр ажил­лах бо­ломж­гүйг мэ­дэгдэж байв.

Тухайн үеийн Ард­чил­сан холбоо эвслийн дотоод зөр­чилд бухимдсан тунирхлаа л Ж.На­ран­цац­ралт агсан илэр­хий­лсэн нь тэр. Түү­нээс бус, нэгэнт Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулж байгаа учраас угаа­саа Засгийн газар тан­химаараа огцрох л байлаа. Ха­чир­халтай нь түүнийг чуул­ганы индэрт энэ үгээ хэлж бай­хад өөрийнх нь сайд болгож өөд гаргаж ирсэн сайн эрс нь Ж.На­ран­­цацралтаас урваж, өөр өрөөнд “ийм Ерөнхий сайдтай  хам­тарч ажил­лахгүй” гэх мэдэг­дэлд гарын үсэг зурж суус­ныг хувь заяаны шог­лоом гэх байх.

Ерөнхийдөө тэднийг  улс төрийн шийдвэрээр зуруулсан нь тодорхой л доо. Харин Хууль­зүйн сайдаар ажиллаж, намынхаа гурван нөхрийг ка­зиногийн хэргээр шоронд хори­ход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэх, үүнээсээ болж угаасаа намдаа орон зайгүй болж яв­сан Л.Цог гарын үсэг зураа­гүй. Бас сайд С.Мэндсайхан тэр үед Монголд байгаагүй ба да­раа нь ирсэн хойноо “ би гарын үсэг зурах л байсан” гэж ярилцлага өгч байв. Гэтэл хамтарч ажиллахгүй гэсэн “ийм Ерөнхий сайд” нь 2000 оны сонгуулиар ардчиллынх­наас ганцаараа УИХ-д сонгог­дов. Энэ бүхэн унаж босч, туршлагажиж явсан залуу ардчиллагчдад том сургамж болж үлдсэн юм.

Өнөөдөр АН явлаа гээд Ерөнхий сайд С.Батболд Үнд­сэн хуулийн энэ заалтыг хэ­рэглэж Засгийн газраа бүрэл­дэхүүнээр нь хугацаанаас өмнө огцруулахгүй нь хэнд ч тодорхой. Ерөнхий сайдад тийм шалтгаан, бусдад тийм шалтаг олдохгүй.

УДААХЬ НЬ, ЕРӨНХИЙ САЙД ОГЦОРВОЛ ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРНО

Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж, гүйцэтгэх засаглалыг парламентын өмнө Ерөнхий сайд төлөөлдөг. Ингэж Ерөнхий сайдаа дагаж танхи­маараа огцорсон то­хиолдол хэд хэд бий. Гэхдээ Ерөн­хий сайдын алдаанаас бус, голдуу улс төрийн шийд­вэрээр АН-ынхан М.Энх­сайхан, Ж.Наран­цацралтыг, МАН-ынхан М.Энх­болдыг Ерөнхий сайдаас  тан­химтай нь хамт огцруулж байлаа.

АН засгаас гарсан нь С.Бат­б­олдыг Ерөнхий сайдаас огц­руулах шалтгаан болохгүй юм. Хэрвээ түүнийг Ерөнхий сай­даас огцруулна гэвэл тэрээр намын даргын албаа ч өгөх ёстой болно.  Учир нь МАН-д дарга нь хүлээх хариуцлага­тайгаа дүйцэх хэмжээний эрх мэдэл бүхий  албан тушаал хаш­даг онцлогтой.  Өмнөх үе үеийн  дарга нар ч тийм бай­сан. Тус намын дүрмээр Ерөн­хий сайдыг огцруулах, нэр дэвшүүлэх бүх процедур Бага хурлын шийдвэрээр  явна. Намын даргаа солих дээрээ тулбал Их хурлаа хуралдуул­на. Сонгууль дөхсөн учраас тийм цаг хугацаа байхгүй. Иймд АН-ынхан гарлаа гээд намын даргаа Ерөнхий сай­даас огцруулах цаг хугацааны боломж, улс төрийн далим МАН-ынханд гарахгүй нь.

БАС НЭГ ҮНДЭСЛЭЛ. ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙН 50 ХУВЬ НЬ НЭГЭН ЗЭРЭГ ОГЦОРВОЛ ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРНО

Улс төрд түүх зарим талаа­раа давтагдах нь элбэг бөгөөд сонин. 2005 онд Ц.Элбэг­дор­жийн тэргүүлсэн их эвслийн Засгийн газар Үндсэн хуулийн яг энэ заалтаар огцорсон. Түүний танхимын 50 хувийг МАХН-ын сайд нар бүрдүүлж байсан бөгөөд  тэд өнөөдрийн АН-ынхан шиг гэнэт л улс төрийн шийдвэр гаргаад явж байв. Ялгаа нь, тэр үед явсан хэсэг нь Засгийн газрын ги­шүү­дийн 50 хувь байсан  уч­раас Ерөнхий сайд нь, тан­химын гишүүдийн үлдсэн  50 хувь нь хүсээгүй байхад л засаг бүрэлдэхүүнээрээ ог­цор­сон. Харин өнөөдөр явж байгаа хэсэг бол С.Батболдын танхимын 40 хувь учраас Үнд­сэн хуулийн дээрх заалтад хамаарахгүй юм.  2005 онд их эвслийн Засгийн газрыг задлахгүй гэж АН-ынхан тэр үеийн МАХН-ыг баахан гуйж, гэрээ ярьж байлаа. Одоо МАН-ынхан нь АН-аа гуйх цаг иржээ. Спортоор бол харьцаа нь 1:1 болж байгаа юм уу даа.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ДӨРӨВНИЙ ГУРАВ БУЮУ 19 БА ТҮҮНЭЭС ОЛОН ГИШҮҮН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ӨРГӨН БАРИВАЛ УИХ ХЭЛЭЛЦЭЖ ОЛОНХИЙН САНАЛААР ШИЙДДЭГ

МАН, АН засагт хамтарч бүдүүн бүлэг үүсгэсэн учраас гуравдагч хүчнийхэнтэй засагт хонзогногчид, хоёр намын гомдогчид, эсэргүүнүүд ч нийлээд 19 хүрдэггүй байлаа. Одоо АН  биеэ дааснаар пар­ламентад 30 гаруй хүнтэй асар хүчирхэг сөрөг хүчний өргөн фронт үүслээ. Тэглээ гээд тэд 19-өөрөө нийлж Ардын намыг улам хүнд байдалд оруулахын тулд Монгол Улсын Засгийн газрыг унагах богино зайн улс төр хийхгүй болов уу. Хэрвээ АН-ын зүгээс ийм алхам хийх, түүнийг дэмжих нь хамтарсан Засгийн газарт хам­таараа хийснээ үгүйсгэ­сэн­тэй адил­хан. Ёс суртахууны хувьд бол бүр адгийн амьтад болж хараг­дана. Иймд энэ арга ч явуургүй.

Энэ бүгдээс өөр онгорхой зай Үндсэн хуульд байхгүй учир АН байрандаа очлоо гээд Засгийн газар огцрох, огцруу­лах үндэслэл алга. МАН-ынхан одоо явж байгаа Засгийн газ­рын гишүүдийг намаасаа нө­хөн томилоод энэ Ерөнхий сайд, энэ танхимтайгаа  цааш явж сонгууль хүргэх эрхзүйн бололцоотой юм. Харин ч сохорсон биш завшив гэдэг  шиг зарим нэгэн цомхотгол, шинэчлэл хийх боломж бүрдэж байна. Жишээ нь, АН-тай хамт зургаан сайд, долоо найман  дэд сайдын орон гарна. Зас­гийн газрыг огцруулах тухай яриа гарах бүрт “Одоо томи­логдох сайд нар юу ч хийж чадахгүй. Салбартайгаа  та­нил­цаж ч амжилгүй сонгууль­тай золгоно” гэх тайлбарыг МАН-ынхан байнга хэлж ирсэн. Тэгвэл одоо томилогдох сайд, ялангуяа дэд сайд нар  салбартайгаа ч танилцалгүй шууд сонгуультай золгож, сонгуулийнхаа заваар ажлаа хийх байх. Гэтэл зургаан сар ч хамаагүй сайд хийгээд шуур­хайхан ажиллачих хүсэлтэй хувь хүмүүс, сайд болж  өөрий­гөө таниулаад  нэр дэвших горилогчид МАН-д олон бий. Дөчин найман хүнд давуу эрх олгосон УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар нэр дэвших бо­ломж нь хаагдсан, нэр дэвшээд ч ялах магадлал нь багассан, мандат нь хасагдсан, намын шинэ байранд өргөсөн  ханди­вынхаа шанг хүлээгчид нь ч бий. Тэр бүгдийн хүсэлд ний­цүүлж, ам хааж, өр төлөх маягаар сул гарсан сайд, дэд сайд нарыг орыг гүйцээж то­милох уу, Тэргүүн шадартай хамт дэд сайд нарыг цомхотгох уу гэдэг нь МАН-ын л асуудал. Хэрвээ Тэргүүн шадар сайд одоо огт хэрэггүйтэй адил АН засгаас гарсан далимаар чуул­ганд салбараа төлөөлөх ч эрхгүй шагналын дэд сайд нарыг цомхотгож чадвал сайн нэр нь МАН-д л ирнэ. Ийм улс төрийн эр зориг Сү.Бат­болдоос, МАН-аас гарах уу, үгүй юү мэдэхгүй.

Харин хашаанаас нь явлаа гээд МАН-ын хувьд АН бол цэнэг нь дууссан батарей биш юм. Хамгийн гол нь тэд сөрдөг биш, шударга хяналттай, хам­тарч ажилладаг сөрөг хүчин байж чадвал АН-ын шийд­вэрийг, МАНАН сарнисныг олон хүн зөвтгөх нь гарцаагүй. Дундаа нэг Засгийн газартай сонгуульд хамтдаа орж “хо­нины найр” хийж байснаас л дээр. Гэхдээ нэгэнт гарахаар шийдсэн л бол явах хүнээр ачаа татуулдаггүй монгол уламжлалаар цаг алдаж, хойшоо сунжрах шаардлагагүй. Анх хамтрах томилог­дохдоо гаргаж байсан АН-ын хурд хагацаж салах, огцроход ч хэрэгтэй. МАН-ынхан ч явуулахгүй, гэрээгээ эргэж хар, харамсч байна гэж матрын нулимс унагаад хэрэггүй. Улс төрийн өнцгөөс нь харвал энэ удаа АН-ынхан бүхэл бүтэн 76 мандаттай УИХ-ын ээлжит сонгуулийн төлөө гарч байхад МАН-ынхан 2005 онд 65 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ялалтыг хамтарсан засгийн туслалцаатайгаар авчихаад \тэр үед хамтарсан засагтай гээд АН-ынхан нэр дэвшүүлээгүй юм\ зорилгодоо хүрлээ гээд гарч байсан шүү дээ. Тэд орой нь хуралдаж шийдвэрээ гаргаад ердөө маргааш өглөө нь танхимаа орхиод гарч байлаа. Бялуу тэнд хжваах учраас засаг салсныг талархан хүлээн аваг­чид харин ч  МАН-д АН-ынхаас хавьгүй  олон байж магадгүй.

Огцрохгүй ч гэсэн засаг сална гэдэг онцгой нөхцөл. Түүн­члэн  2012 онд хийж гүйцэтгэх бүтээн байгуулалтын тенде­рийн шалгаруулалт эхэлж, нийслэл аймгууд төсвөө ярьж  байгаа энэ чухал үед дээрээ удаан бужигнаж хүлээлт үүсгэх нь хаана хаанаа хэрэггүй л дээ. Энгийн иргэд бид “АН Монголын ардчиллыг  аврахын тулд түүхэн шийдвэр гаргалаа” гэж хошгороод,  “МАН тулдаа л улс орноо бодож бууриа сахиж үлдлээ” гэж өрөвдөн улстөрчдийн наанаа ярьж байгаа гоё үгст нь итгээд ч хэрэггүй. Цаанаа аль аль нь намаа, 2012 оны сонгуулиа бодож л шийдвэр гаргаж ярьж яваа нь тодорхой.  Харин намуудын энэ тоглоомоос улс орон, олон түмэн л хохирол, хожигдол багатай гараасай даа. 

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.