Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
76 СУУДЛЫН ТӨЛӨӨ 48 ХҮН Л ӨРСӨЛДӨХ НЬ
Сонгуулийн яг ямар хууль батлах гэж буйгаа гишүүдийн нэг хэсэг нь  үнэндээ мэдэхгүй сууна. Хэрвээ Сонгуулийн хуу­лийг энэ чигээр нь баталбал парла­мент, гүй­цэтгэх засаглал хоёр нь холилд­сон Үндсэн хуулийн өнөөгийн хямрал хэвээр үлдэх, тус хуульд оруулсан дордохын долоон өөрчлөлтийг буцаах гишүүдийн санал унах, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болохыг хуульчла­хаа Бага хурлын илтгэлдээ мэдэгдсэн МАН-ын дарга Сү.Батболдын амлалт нурах магадлал өндөртэйг гишүүдийн нэлээд хэсэг нь анзаа­раа ч үгүй явна.  Үүнийг тодотгохын өмнө одоо батлах гэж буй, хоёр намын то­хиролцсон сон­гуулийн хуулийн тухай өгүүлье.

УИХ-ын 76 мандатын 48-ыг тойрогт нэр дэвшигчдээс, үлдсэн 28-ыг намуу­дын авсан саналд хувь тэнцүүлэн хуваа­рилна. Мажоритор, пропорционалийн аль аль элемент орсон учраас үүнийгээ холимог тогтолцоо гэв. Гадна талаас нь харвал тийм нь тийм юм. Харин намуу­дын авсан саналд хувь тэнцүүлэн 28 мандатаа хуваарилж байгаа нь “холимог” гэх тогтолцоотойгоо бүрэн нийцэхгүй байна.

Намууд тойрогт нэр дэвшүүлсэн 48 хүнээ намын листээр жагсах 28 хүнийхээ өмнө эрэмбэлнэ. Тойрогт нэр дэвшигч олонхийн санал авбал шууд ялна. Энэ шударга уу, шударга. Харин тойрогт ялж чадаагүй ч, намын листээр авсан саналаар УИХ-д орох боломжийг тойрогт нэр дэвшигчдэд олголоо. Энэ шударга уу, шударга бус. Сонгуульд нэр дэвшигчдэд алтан медалийн тавцанд зогсох ганцхан л боломж бий.Тэр нь бүгдийг ялж байж л ялагч болох. Нэр дэвшигч бүр ийм ижил эрхтэй. Сонгуулийн, сонгогдох эрхийн тэгш эрхийн зарчим гэж энэ. Гэтэл тойрогт нэр дэвшсэн хүмүүс тойрогтоо ялагдсан ч, намын нэрээр авсан саналаар шилжин сонгогдох, бүр листэнд байгаа 28 хүний өмнө эрэмбэлэгдэж сонгогдох боломжтой болов.

Нэг аймаг-нэг тойргоос гарч ча­даа­гүй хүн намын санал ног­дох улсын хэм­жээний манда­тыг  УИХ-д тө­лөөлөх ёс сурта­хуу­ны эрх­­гүй баймаар. Гэтэл тойрогт нэр дэвших 48 хүнд тойрогтоо ялж сонгогдох, ялагдвал намын нэ­­рээр сон­гог­дох хоёр болом­жийн аль аль нь байх юм. Үүгээ­рээ сон­гуу­лийн хо­ли­мог биш, зөв­­хөн 48 хүнд сон­гогдох хоёр бо­­­ломжийг зэ­рэг олгосон мажо­ритор тог­тол­­цоо юм биш үү. Одоо энэ хуулийг батлах, той­рог тус бүр­тээ 3.5 тэрбум төг­рөг зар­цуулчихсан, тойрогт нэр дэв­ших 48 мандат нь хан­галт­тай хүрэлцэж байгаа хоёр на­мын УИХ-ын гишүүдэд бүр ч их давуу эрх олгосон ашиг­тай хууль гарч байна.

Тойрогт ялагдсан нэр дэв­шигч намын санал руу шилжи­хэд 28 хувийн босго тогтоо­жээ. Тойрогт ялагдсан ч сон­гогч­дын­хоо 28-аас илүү ху­вийн санал аваагүй нь шил­жих­гүй болж бай­­гаа юм. Ин­гэс­нээр тойрогт ялагд­­сан бү­хэн намын лист рүү шил­жих­гүй, намын листэнд бай­­гаа 28 хүнээс намын сана­лаар УИХ-д орох магадлал нэ­мэгдэх сайн талтай. Гэхдээ ялагд­сан бо­­ловч авсан санал нь 28 хувьд хүрсэн нь  намын авсан саналд шилжих боломж бийг дахин са­нуулъя. Ингэж шил­­жих шил­жих­дээ намын лис­тэд жагсаа­сан 28 хүний өмнө эрэм­бэлэгдэх давуу эрхтэй. Жи­­шээ нь, МАН улсын хэм­жээнд нийт сонгогч­дын 40 ху­­вийн санал авчээ. Тэг­вэл 28 ман­­датын 40 хувь нь буюу 11 суу­дал тус намд ногдо­но. Энэ 11 суудлаа намын лис­тийн 28 хү­нийхээ эхний 11-д ху­ваа­ри­лах ёстой боловч тойрогт 28 ху­вийн босго давж ялагдсан хүн байвал тэд эхэлж давуу эрх эдэлнэ. Тойрогтоо ялагд­сан, тэ­гэхдээ 28 хувийн босго давсан гур­ван нэр дэвшигч бай­лаа гэ­хэд МАН дээрх 11 сууд­лынхаа эхний гур­выг тэд­гээр ялагдагс­дад шууд хуваа­рилж, үлдсэн най­мыг нь намын листийн эх­ний найман хүнд хуваарилна л гэсэн үг. Ин­гэс­нээр 40 хувийн санал ног­­дох 11 суудалд хуваа­ри­лаг­дах ёс­той листийн эхний 11 хү­ний 9, 10, 11-д жагссан хү­мүүс той­рогт ялагдсан гур­ван шо­роо­той бө­хөд жийгдэж бай­гаа юм.

Ер нь томсгосон тойрогт олон өрсөлдөгч үзэж байхад сонгогчдын 28 хувийн саналыг авсан нэр дэвшигч ялагдах уу. Ялангуяа нэг, хоёр мандаттай тойрогт юм уу, хотод тойр­гийн­хоо сонгогчдын 28-аас илүү ху­вийн саналыг авчихсан хүн ял­на уу гэхээс ялагдах нь их  л хо­вор. Жишээ нь, Сүх­баа­тар дүүр­гийн нийт сонгогч­дын гур­ван хүн тутмын \28 гэ­дэг бараг 30 хувь гэсэн үг\ нэ­гийн саналыг авчих­сан хүн ял­на уу гэхээс ялаг­дах­гүй. Ингэ­хээр тойрогт 28 хувийн босго дав­чихаад ялаг­дах хүн их л цөөхөн гара­хаар ч юм шиг. Гэ­тэл намын лис­тэнд бичигдэх 28 хүн бол тог­лоомын нэр дэв­шиг­чид бө­гөөд тоглоомонд огт орол­цох­гүй ч юм шиг.  Ингэж нэг талаас тойрогт нэр дэвших 48 хүнд да­вуу эрх олгож бай­гаа ч юм шиг, нөгөө талаас 28 ху­вийн босгыг давж ялагдах нэр дэв­шигч их цөөхөн гарах ийм нөх­цөлд “шил­жих” гэдэг нь огт хэ­рэг­гүй, толгой эргүү­лэ­хээс цааш­­гүй ч юм шиг. Үү­ний оронд 48 хүн нь тойрогтоо нэр дэвшиж өөрсдөө эрсдэлээ хүлээж, на­мын нэрээр авсан саналд ног­дох суудлыг намын листэнд би­чигдсэн 28 хүндээ эрэмбээр ху­ваарилах нь хам­гийн шударга бө­гөөд илүү ойл­гомжтой санаг­дах юм. На­мын листэд намын дарга нар нь жагсана уу, эсвэл шинэ за­луу­саа жагсаана уу ту­хайн на­мын л дотоод асуудал. Даанч өөрт нь ашиггүй боло­хоор ги­шүүд энэ хувилбарыг дэм­жих­гүй байх л даа. Угаасаа ойл­гомж­гүй холимог тогтолцоон дээр “шилжих” гэж юм орж ирэ­хээр муу дээр муухай гэдэг шиг бүр ойлгомжгүй, сайн чанарын ган­гаар хийсэн хал­бага ч хутгаж ча­дахгүй хугар­маар бантан шиг боллоо. Одоо байгаа гишүүд­дээ, ер­дөө 48 хүнд л давуу эрх олгох гэж Сонгуулийн хуулиар ингэж хонины найр хийх ямар хэ­рэг байна аа. Сонгуульд нэг на­маас 48 биш, 76 хүн өрсөлдө­нө, бас 1.5 орчим сая хүн са­нал өгнө гэдгийг тооцохгүй байна.

Өнөөгийн төр, засгийн төв­шинд байгаа засаглалын хям­ралын гол буруутан хэн бэ. Хам­­тарсан Засгийн газар уу, УИХ нь Засгийн газартайгаа хо­лилд­соных уу, эсвэл Сон­гуу­лийн хууль уу. Аль аль нь л байх. Хам­­­гийн ноцтой нь аль нь вэ. Ми­­­ний хувьд УИХ, Зас­гийн га­зар хоёр холилдсон, асууд­лыг УИХ-ын гишүүдийн ер­дийн олон­­­хи буюу зарим­даа 19-хөн ги­­­­шүүний сана­лаар шийдэж бай­­­гаа Үндсэн хуу­лийн хямра­лыг нэрлэнэ. Дордохын долоон өөрчлөлт нэр­тэй энэхүү хямра­лыг заса­хаар нэр бүхий 15 ги­шүүн са­наачилга гаргасан. Тэд Үнд­сэн хуульд 2000 онд оруул­сан долоон өөрчлөлтийг хүчин­гүй болгоё гэж байгаа. Үүнийг нь Зас­гийн газар дэмжсэн. Дэмж­­сэн учраас Ерөнхий сайд Сү.Бат­­болд намын Бага хур­лын улс төрийн илтгэлдээ “ма­най нам засаглалын хямралыг засч, Засгийн газрын гишүү­дийн гу­рав­н­ы нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж бо­лох” хууль ба­тална гэдгээ мэ­дэгдсэн. Энэ бол улс төрийн та­лаасаа том бөгөөд улс оронд үнэхээр хэ­рэг­тэй, за­саг­лалын хямралыг арил­гахад чу­хал амлалт. Үнд­сэн хуу­лийг өөрчлөх  замаар л энэ амлал­таа биелүүлнэ. Гэтэл Сонгуу­лийн хуулийг энэ хэвээр ба­тал­бал, МАН-ын даргын ам­лалт, Үндсэн хуулийг өөрчлөх нэр бүхий 15 гишүүний санаа­чилга нурах магадлал өндөр­тэй бол­но. Жишээ нь, 2012 онд 15 ги­шүүнтэй Засгийн га­зар бай­гуул­лаа гэхэд гуравны нэг гэ­хээр \хэрвээ МАН ам­лалт­даа хүрч, УИХ Үндсэн хуульд өөрч­лөлт оруулбал шүү дээ\ тав хүр­тэлх сайд нь УИХ-ын гишүүний дав­хар албатай байж болох нь. АН энэ таван суудал дээр сайд та­вих боллоо гэж бодъё. Тэгвэл энэ тав дээр тус нам ямар ги­шүү­­­­нээ сайдаар давхар ажил­луу­­­лах вэ. Тавуулаа тойргоос сон­­­гогдсон хүмүүс байна гэ­вэл тухай тойрогт дахин сон­гууль явуулах болно. Нөхөн сон­гууль явууллаа гэхэд АН-ынхан ялагд­вал яах вэ. Ялагд­сан ч, тэр­хүү нэр дэвшигч нь 28 ху­вийн босгоо давчихсан бай­вал яах вэ, лист рүү шилжих үү. Шилж­лээ гэхэд намын листээр орж ирсэн бас нэг хүнээ УИХ-аас гаргах уу. Ин­гэвэл нэг сай­дыг томилох гэж УИХ-ын хоёр гишүүний суудал хөн­дөгдөнө. Эсвэл таван сууд­лынхаа зари­мыг листэнд жаг­саа­сан хүмүү­сээ­сээ оруулна гэ­вэл намын лис­тийн эхэнд сайд болох хэм­жээний улстөрчдийг жаг­саах хэрэгтэй болно. Гэтэл дар­га нар нь бүгд тойрогт нэр дэв­­ших шаардлага­гүй болно. Энэ мэ­тээр хөөвөл Сонгуулийн хуу­­­лийг энэ хэвээр нь баталлаа гэ­хэд Үндсэн хууль дордохын до­­лоон өөрчлөлттэй­гөө хэвээр үл­­дэж, МАН-ын дар­гын амлалт, 15 гишүүний “эцэг” хуулийг өөрч­лөх санал нурж унахаас өөр сайн хувилбар тө­дийлөн ха­раг­дахгүй байгаа юм. Өө­рөөр хэл­бэл, сон­гуулийн хуу­лийн өөрч­лөл­­төөр Үндсэн хуу­лийн хям­ра­лыг хад­галж үлдэх магадлал өн­дөртэй боллоо. Тэгдэггүй юмаа гэхэд эд­гээр \нэг нэр дэв­шигчид хоёр бо­ломж олгосон зэрэг\ эр­гэлзээ нь за­рим хүнийг Сонгуу­лийн хуу­лиар Цэцэд өргөдөл би­чи­­хэд сай­хан далим шалтаг болно.

Уг нь болдогсон бол, улс тө­рийн эр зориг нь байдаг бол той­рогт нэр дэвшсэн 48 нь  ялагд­сан ч намын санал руу шил­жих­гүйгээр, намын саналд ног­дох мандатыг зөвхөн лис­тийн 28 хүндээ хуваарилахаар Сонгуу­лийн хуулиа ойлгомжтой бол­гож, дээр нь Засгийн газрын ги­шүүдийн гуравны нэгээс илүү­гүй нь УИХ-ын гишүүн байж боло­хыг хязгаарласан хууль баталж чад­вал улс төрийн хувьд том ши­нэчлэл болно доо. Засагт хам­тарсны ач холбогдол ч гар­на. Ядаж л сонгуулийнхаа сур­тал­чилгааны үеэр яриад явж бай­хад сайхан сонсогдоно.
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.