Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
ХАЛАМЖ ХЭРЭГТЭЙ, КОЛОНЧЛОХОД БҮР Ч ХЭРЭГТЭЙ
Бэлэн мөнгө амлахгүй гэж хууль­чилсан ч сонгуулийн популизм аль хэ­дийнэ эхэл­жээ. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд Оюутолгойн Монголын талд ногдох 34 хувийн арвыг ард түмэнд өгөх санаа­чилга гар­гав. Гишүүн С.Бямбацогт одон­той эхчүүдийн мөнгийг хоёр дахин нэмэгдүүлж 500-гаас нэг сая төгрөгт хүргэх хуу­лийн төсөл санаа­чилжээ. Мөн хоёр, гурав дахь хүүх­дээ төрүүлсэн эхчүүдийг хөдөл­мө­рийн хөлс­ний доод хэмжээ­ний то­дор­хой хувиар урам­шуу­лах төсөлтэй гишүүн ч бий.

Сонгууль дөхөхөөр  өөрөө л улс төрд байхгүй бол  галав юүлэх юм шиг, энэ Монгол Улсын орших, эс орших нь шийдэгдэх гэж байгаа юм шиг сэтгэдэг, нэг насаараа улс­төрч явах “төрмөл” заяатай хүмүүс ол­ширдог. Сул иргэн болсон хувь заяа­тайгаа, улс төрөөс авсан түр зуурын завсарлагатайгаа эвлэрч чадахгүй дөрвөн жилийн турш шар махтайгаа хатдаг нь ч бий. Тийм улстөрчдийн түрүүч дээрх гишүүд биш ч, сүүл­чийнх нь бас биш билээ. “Би л ард тү­мэнд таалагдаж байвал, улсын эдийн засагт галав юүл­сэн ч ха­маагүй шүү” гэмээр сонгуулийн популизм цаашид улам нэмэгдэнэ.

Л.Болд сайд Оюутолгойн арван хувийг ард түмэнд өгөх саналаа хоёр жи­лийн өмнө, уг ордын гэрээг анх бай­гуулж бай­­хад гаргаж байхгүй яасан юм.

Өнөөдөр, сонгуулийн өмнө гэнэт ингэж сэрсэн нь түүний дөрвөн жилийн өмнөх сонгуулийн суртал­чил­гааны хугацаанд зорилгоо бие­лүүлээд унтарсан, Монголын бүх иргэнийг баяжуулна гэсэн “Баян Монгол” кор­порацтай нь адилхан сонстож байна. Өмнө нь улстөрчид өөрсдийнхөө мөнгөөр сонгуульд амладаг байлаа. 2000 оноос хойш ард түмний татва­рын мөнгийг ард түмэнд нь буцаан амлаж сонгуульддаг болсон. Харин ирэх сонгуульд газрын доорхи баял­гийг хэрхэн тараах амлалтаар өрсөл­дөх бололтой. Үнэндээ бол  Сү.Бат­болдын Засгийн газрын өгөх гэж байгаа Тавантолгойн хувьцаа ч, Л.Болд сайдын санаачилсан Оюу­тол­гойн 10 хувь ч ард түмний өмч. МАН-ын сонгуульд амлаад цонхны цаа­наас чихэр долоолгох адил увуулж цувуулан өгч байгаа 1.5 сая төгрөг ч таны, миний татварын мөнгө. Харин сүүлийн үед Засгийн газар нэг су­маар хоёр туулай буудах гээд байгаа бололтой. 1.5 сая төгрөгийг бэлнээр өгнө гэж сонгуулиар амласан. Та­ван­толгойн хувьцаанаас иргэн бүрт 536 ширхгийг үнэгүй олгоно гэж УИХ-ын 39 дүгээр тогтоолоор баталсан. Гэтэл энэ хоёрын аль нэгийг л сонгох эрх­тэй, сая төгрөгөө авбал Таван­толгойгоос хувьцаа авахгүй, хувьцаа авбал сая төгрөггүй үлдэхээр 2012 оны төсөвт суулгалаа. Сургалтын төл­бөртөө сая төгрөг авчихсан оюут­нууд, удахгүй гар дээрээ сая төгрөг авах ахмадууд Тавантолгойн хувь­цаагүй, хувьцаа авах иргэд сон­гуу­лийн амлалтын  сая төгрөггүй үлдэнэ. Эсвэл оюутнууд сургалтын төлбөртөө авчихсан сая төгрөгөө буцааж төлж байж хувьцаа авах эрхтэй болох нь. Үүнийг улс төрийн талаас нь харвал 1.5 сая төгрөгийг бэлнээр өгнө гэсэн МАН-ын амлалт унаж, байгалийн баялгаас сая төгрөгтэй тэнцэх хувь­цаа олгох АН-ын амлалт биелж бай­гаа мэт боловч энэ нь улсын эдийн за­сагт халалт үүсгэхгүй, инфляцийг хөөр­гөхгүй хамгийн зөв арга ажээ. Эрх баригчид одоо бэлэн мөнгө  өгнө гэ­сэн сонгуулийн амлалт, үнэгүй хувь­цаа олгоно гэсэн УИХ-ын тогтоол хоё­роо нэг болгох гэж, зөвтгөх гэж  тал еэвэнгийн үлгэр баахан ярих л байх.

Үнэгүй юм авах сайхан л даа. Тэр тус­маа бусдын өмчийг дээрэмдэж аваад ард түмэнд үнэгүй тараадаг туульсын баатруудын тухай уншиж өссөн, Робингүүдийг үлгэрлэн дуу­риа­даг уламжлалт сэтгэлгээтэй мон­голчууд бид үнэгүй юманд нугасгүй нь ч үнэн. Улстөрчдийн засагт тогтох, УИХ-д ахин сонгогдох гол хэрэгсэл нь хавтгайруулсан халамжийн бод­лого болсон нь ч үнэн. Монголд ха­лам­жаас өөр ийм өргөн хүрээтэй, олон хүн хамрагддаг, ийм хүчтэй тө­рийн бодлого бараг байхгүй нь ч үнэн.  Гэтэл бидний амьдарч байгаа цаг үе, байгуулахаар зорьж яваа нийгэм маань өөр. Тэнд үнэгүй өгсөн нь хо­жиж, үнэгүй авсан нь хожигддог. Улс­төрчдийн бэлэн мөнгөний  амлалтын, бэл­нээр тараасан  70, 21 мянган төг­рөгийг горыг, хожигдлыг ард түмэн бид үнийн өсөлтөөр дамжуулан хэд да­хин нугалж төлж байгаа. Хэрвээ УИХ-д сонгогдоход эдийн засгийн утга­тай амлалт авахаас өөр сайн арга байдаггүй юм бол түүнийгээ бэлнээр тараахгүй, татварын хөнгөлөлтөөр үзүүлж яагаад болдоггүй юм бол. Жишээ нь, 1.5 сая төгрөг дээр оюут­нууд сургалтын төлбөртөө ав­чих­лаа, ахмадууд бэлнээр авна. Тэгвэл үлдэж байгаа хэсгийг нь цалингаас авдаг нийгмийн даатгалын нэг сая төг­рөгтэй тэнцэх  шимтгэлээс чөлөөлөх мая­гаар зохицуулж яагаад болоогүй юм. Төрөөс төрөлтийг дэмжих нь чу­хал. Одонтой эхчүүдийн мөнгийг хоёр дахин нэмнэ, төд дэх хүүхдээ тө­рүүл­бэл төдөн төгрөг олгоно гэж нэг урамшууллыг хэдэн янзаар дэмжиж олон автор, тойрог тойрогтоо од болох гэж зүтгэх юм. Манайд ингэж ха­лам­жийн тоо, нэр төрлийг олон болгож бай­хад  Сингапурыг хөл дээр нь бос­госон Ерөнхий сайд Ли Куан хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эхийг цалин­гаас нь авдаг ашгийн татвараас чө­лөө­лөх, гурав дахь хүүхдээ төрүүл­бэл нөхрийг нь давхар чөлөөлөх зэр­гээр гэр бүлээр нь дэмжсэн, гэр бүл салалтыг хүртэл төрөлттэй уяж шийдсэн байх юм. Үүнийг хэрэг­жүүлж яагаад  болдоггүй юм бол.

Зах зээл дээр үнэ өсөх нэг хэрэг. Дотоод асуудал. Гэтэл гадаад ертөн­цөд үүнийг өөрөөр харж эхэлж байна. Дайн байлдаанаар эзэлж чадаагүй улс гүрнийг, үндэстнийг халамжийн бод­логоор устгасан түүхийн тухай ярих болов. Үүнийг дагаад колонч­ло­лын тухай шинэ ойлголт гарч ирлээ.  Хуучин цагийнх шиг газар нутгаар нь эз­лэх тухай ойлголт байхаа больж, дэл­хий нийтээрээ даяаршсан энэ цагийн нийгэмд эдийн засгийг нь, зах зээ­лийг нь эзлэхийг шинэ цагийн ко­лончлол гэж үзэх болов. Шинэ цагийн колончлол санаачилгагүй, ажил хийх сонирхолгүй, идэвхгүй амьдралыг үн­дэстний өмнө тулгадаг байна. Үү­ний, шинэ цагийн колончлолын хам­гийн хүчтэй зэвсэг нь хавтгайрсан халамж ажээ. Муу ёрлож, туйлширч байгаа юм биш шүү. Дээрх шинжүү­дээс Монголд өнөөдөр байна уу, бай­на. Гаднын, тэр дундаа өмнөд хөр­шийн бараа бүтээгдэхүүн манай улсын зах зээлийг, үйлчилгээний сал­барын  ихэнхийг эзэлсэн үү, эзэл­сэн. Мон­голын эдийн засгийн өсөл­тийг  то­дорхойлж байгаа зэс, нүүрс­ний экспорт гадаад ертөнцөөс, тэр дун­даа нэг улсаас хамааралтай юу, хамааралтай. Ажилгүйдлийн төвшин өндөр үү, өндөр. Нийгмийн хамгаа­лал,  хөдөлмөрийн яамны мэдээгээр давхардсан тоогоор манай улсын 1.6 сая хүн 66 төрлийн халамж авдаг байна. Хэдийгээр давхардсан тоо ч, энэ бол гурван сая хүрэхгүй манай ул­сын хүн амын 50 хувь шүү дээ. Бэл­нээр тараасан мөнгө хэзээ ч бая­лаг бүтээдэггүй. Харин бусдын бү­тээснийг нэмүү өртөг шингээснээр нь худалдан авч бусдын эдийн зас­гийг л  тэтгэдэг. Бид 1990 оноос хойш, мөн сонгуулийн энэ цикльд тараасан 70, 21 мянган төгрөгөөр  урд хөр­шийнхөө эдийн засгийг тэтгэсэн үү,  одоо ч тэтгэж байгаа.

Үүнээс гадна хавтгайрсан халамж үн­дэстнийг залхуу болгохоос гадна сэтгэлгээний ядууралд оруулдгийг олон хүн ярьж хэлдэг ч ойлгож байгаа нь цөөхөн. Өмнөх нийгмийн үед гур­ван хүн тутмын хоёр нь дарга байсан. Ардчилалд шилжсэн эхний он жи­лүү­дэд гурван хүн тутмын хоёр нь улс­төрч болсон. Өнөөдөр гурван хүн тут­мын хоёр нь уул уурхайчин боллоо. УИХ, Засгийн газар энэ дөрвөн жилийн турш 1.5 сая төгрөгийн ам­лалтынхаа боол болж ирсэн шиг  мон­голчуудыг хэдэн уурхайнхаа боол мэ­тээр амьдруулах гаднын сонирхол байж болно. Гэтэл дотоодод,  ард түмнээ өөрсдөөсөө хараат амьд­руулах сонирхолтой намууд, улс­төр­чид бай­гаа нь бүр ч  харамсалтай. Тэд­ний энэ сонирхол хавтгайрсан ха­ламж, сон­гуулийн популизмаар илэр­дэг.

Бидний сайн мэдэх, Монголыг минь 300 жил колончилсон манж үн­дэстнийг устгахад халамжийн бод­лого үнэтэй “хувь нэмэр” оруулсан тухай түүхэн баримт ч бий.  

Хятадын төрийн нэгэн түшмэл гурван заалттай хууль санаачилж хэрэгжүүлсэн нь угтаа Хятад орноо Манжийн дарлалаас чөлөөлөх халам­жийн бодлого байв. Нэгд, манж хүн тэнгэрийн гаралтай учир энгийн иргэн бус заавал ноён байх ёстой. Нэг тосгонд хоёр ноён байх боломжгүй учир манж эр бүр өөр өөрийн тосгон, албатай болж Хятадаар тархан суурь­шиж, харин Манжийн нутаг эзгүйр­чээ. Хоёрт, манж хүн тэнгэрийн хүү учир хар ажил хийхгүй, бас насан туршдаа цалин пүнлүүтэй байхаар хууль­чилжээ. Удалгүй газарт ажиллах манж хүн үгүй болж бүх ажлыг нь хятадууд хийдэг болов. Гуравт, манж эр хүн тэн­гэрийн гаралтай учир ямар ч гур­ван хятад хүүхнийг инж төлөлгүйгээр өөрийн хүслээр эхнэрээ болгон авч бо­лохыг дархлав. Тэр үеийн Хятадад сайхан хүүхнийг худалдан авахад их мөнгө төлдөг ёс байсан  ч  манж эр хүнд энэ ёс хамаарахгүйг хууль­чил­сан байна. Хэдэн жилийн дараа хятад хүүхэд олноор төрж манж эрийн удам тасарчээ. Манж Чин улсын их хааны дэргэд ажиллаж, манж хүнийг “бур­хан мэт шүтэж”  тэднийг хавт­гай­руу­лан ха­ламжлах хуулийг гаргасан тэр түш­мэлийг Хятадын ард түмэн ур­ваач, шарваачаар нь дуудан үзэн ядаж байсан ч 100 жилийн дараа л  түү­ний энэ их ухааныг ойлгожээ. Учир нь тэр үед манж  үндэстэн хавт­гайр­сан ха­лам­жийн бодлогодоо уусан алга бол­сон байлаа. Америкийн ин­диа­нуудын, Австралийн аброге­нуу­дын устсан түүх ч иймэрхүү, устгасан зэв­­сэг нь ч хавтгайрсан халамжийн бод­лого байлаа. Эзнээ олсон халамж хэ­рэгтэй ч, хавтгайруулж, хэмжээг нь хэт­­рүүл­бэл колончлоход, үндэстэн мө­х­өхөд  бүр ч хэрэгтэйг эндээс харж болно.

Энэ түүхийг монголчууд бид дав­тахгүй, дайрахгүй л дээ. Гэхдээ тэр зүгт явчих гээд байна гэдгээ ойлгох нь, ойлгуулах нь 2012 оны сон­гуу­лийн ганц ялагч байх ёстой.  Дэлхийн долоон тэрбум хүний дунд гурван сая хүрэхгүй монголчууд яаж байр суу­риа олж, уул уурхайн баял­гаас өө­рөөр юугаар өрсөлдөж амьд­рахыг  сис­темийн төвшинд харсан бодлого л энэ удаагийн сонгуулийн ялагч байх ёстой. Ирэх сонгуулиар МАН, АН-ын аль нь ялагдах нь тийм чухал биш. Ха­ламжийн бодлого, 2000 оноос хойш хавтгайрсан, нэг хэ­сэгхэн нь ха­­ламжилж сонгогддог, нэ­лээд хэсэг нь халамжлуулж соногддог бараг уламжлалт болж байгаа сэт­гэлгээ ялагдах нь чухал. Өмнөд хөр­шийнхөө бараа бүтээгдэхүүнийг ад үзэж, хүнийг нь муучлахаасаа өмнө до­тоо­дод хавтгайрсан халамжаа хумих нь монголчууд бидний хувьд асуудал бол­сон юм биш үү. Халамж бол эзнээ ол­сон, зорилтот бүлэгт зориулсан тө­рийн бодлого болохоос хавтгай­руулж тараадаг  улс төрийн арга хэм­жээ биш. Засгийн газар ч ард түмэн­дээ төрийн үйлчилгээ үзүүлдэг болохоос ард түмний татвар, уул уурхайн мөнгийг хурааж аваад бу­цааж та­раадаг “Халамжийн төв” биш билээ.
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.