Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
СҮ.БАТБОЛДЫГ УНАГАЖ, УЛСАА НУРААЖ ТОГЛОЁ
2011 оны 10 сарын 17 [Уншсан тоо: 32536]
    Ерөөсөө л Сү.Батболдыг огц­руулъя. Тэр их азтай Ерөнхий сайд байна. Монголын уул уурхайн салбар дэлхийн анхаарлын төвд орж, байгалийн баялгаараа мөнгө босгож эхэлж байгаа үед ажиллаж таарс­наараа азтай. 1990 оноос хойшхи Ерөнхий сайд нарын дэргэд Монгол Улсын хамгийн их мөнгөтэй, хамгийн арвин ургацтай  үеийн Ерөнхий сайд гэдгээрээ азтай. Сөрөг хүчин нь Засгийн газарт хамтарч улс төрийн харьцангуй тогтвортой үеийн Ерөнхий сайд учраас  азтай. Түүнийг засаг тэр­гүүлж байх хугацаанд ган зудгүй өнө­тэй өвөл, зуншлага сайхантай зун таарч байсан нь хүртэл азтай. Эдгээр аз  нийт монголчуудыг биш, зөвхөн Сү.Батболд гэж ганц хүнийг  тойрч  ивээ­гээд байгаа учраас түүнийг унагая.

 Сү.Батболд бас азгүй Ерөнхий сайд. Боломжгүй гэмээр, боломж гаргалаа гэхэд өсч яваа эдийн засгаа татаад унагачих хүний өөрийн намын бэлэн мөнгөний  амлалтуудыг биелүү­лэх  үүрэгтэй  нь азгүй. Энэ үүргээ биелүүлэх гэж сонгуулийн бүрэн эрхийн хугацааны талаас буюу замын дундаас залуур дээр сууснаараа азгүй.  Өөр Ерөнхий сайдын зөвшөөр­лөөр байгуулсан Оюутолгойн гэрээ­ний өмнөөс хариуцлага нэхүүлэх нь  азгүй. Гэхдээ хар хүний өмнөөс шар хүн болж явах нь түүний хувь заяаны шоглоом гэхээс илүүтэй өөрийнх нь л улс төрийн сонголт. Яагаад гэвэл  улс төр бол багийн тоглолт. Засгийн ажил ч  залгамж чанартай. Тийм учраас азгүйдлээ бусад руу бухах эрх, буцах зам түүнд байхгүй. Энэ азгүйдлийнх нь төлөө, бэлэн мөнгөний амлалтыг өгч, цалин тэтгэврийг 53 хувь нэмэх гээд байгаа учраас  Сү.Бат­болдыг Ерөнхий сайдаас хусъя. 

Ерөнхий сайд Сү.Батболд бодитой нэг зовлонтой. Түүнийг азгүйдэл гэх юм уу, энэ үеийн Ерөнхий сайдад л тохиосон ховор завшаан гэх юм уу, мэдэхгүй. Оуютолгой, Тавантолгойн томоохон төслүүд дээр бүхнийг эдийн засгийн утгаар мөнгө болгон харж болохгүй. Их гүрнүүдийн сонирхлыг хадгалах, бодитой зах зээлээ олох,  чадалтай  хөрөнгө оруулагчийг сонгох, эдгээр тэнцвэрийн өмнө Монголынхоо эрх ашгийг эрэмбэлэх ёстой. Энэ бол­гоноо ил тайлагнаж, илэн далангүй дэлгээд байх боломжгүй. Өөрөөс нь үл хамаарах энэ зовлонгоор нь  улс төр хийж, хийснийг нь үгүйсгэж Зас­гийн газрын тэргүүнээс нь огцруулъя.  Эзэн Чингис хаанаас хойш Монгол Улс анх удаа хэнд нь юу өгөхөө өөрсдөө мэдэж, их гүрнүүдэд хөзөр хуваах түүхэн үе таарлаа. Энэ нь нийт мон­голчуудын бахархлыг төрүүлж байгаа ч, УИХ-ын арав гаруй гишүүнийг бу­хим­дуулж байгаа учраас Оюутолгойн гэрээг  хүчингүй болгож, Тавантолгойг зогсооё. 

Сү.Батболд азтай, азгүйн дунд сул  ганхаж зүгээр суухгүй  байна.  Хийсэн ажлууд дотроос нь  хөрөнгийн зах зээ­лийн хөгжлийн бодитой эхлэл, боловс­ролын салбарт дөнгөж эхлүүлж буй шинэ стандартыг нь хүлээн зөвшөө­рө­хөөс аргагүй. Гэхдээ эрх мэдэлд хү­рэх гэсэн цөөн хүмүүсийн улс төр  “илүү чухал” юм бол эдгээр зөв эх­лэлийг зогсоож Сү.Батболдыг л огц­руулъя. Өөрөө компанитай байж Та­ван­­толгойн арван хувийг татвараа төл­дөг 23 мянган компанийн цаана бай­гаа 2700 эзэнд давуу эрхээр өгөхгүй, 2.7 сая иргэндээ тэгш хуваа­рилна гэж новширсны төлөө түүнийг унагая. Угаасаа л цаад шалтгаан нь зас­гийг унагах болохоос  АН-ыг зас­гаас гаргах, Оюутолгойн гэрээг зас­вар­лах энэ тэр бол ердөө л шалтаг шүү дээ. 

Хамгийн гол нь энэ бүхний дараа юу болох вэ. Эндээс хэн хожиж, хэн хо­хирох вэ. Сү.Батболдын Засгийн газрыг огцруулсны, Оюутолгойн гэрээг хүчингүй болгосны маргааш нар мандахгүй хэрэг үү. Эдийн зас­гийн өсөлтөө хадгалах, хөгжлөө түр­гэтгэх шаардлага Монгол Улсад байх­гүй  юу. Богино зайн улс төр, ирээ­дүйгээ харсан эдийн засгийн өсөлт хоёрын аль нь монголчуудыг сайхан амьдралд хүргэх юм. Жоомоо л алж байвал дотор нь амьдрах байшин хэрэггүй хэрэг үү.

Ардчилсан нийгэмд хэн нэгнийг халж солих нь ердийн үзэгдэл. Тэр тусмаа Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулах дээр монголчууд бид бусдад сургамж болох хэмжээний арвин их туршлагатай. Ямар, алтан цээжтэй бурхан биш Сү.Батболдыг огцруулж яагаад болдоггүй юм. Засгийн газрыг ч унагах амархан.  Гэтэл огцруулж, бужигнаж болохгүй үе гэж байдаг ажээ. Үүнийг энгийнээс нь эхэлье. Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ 14 хоногийн дотор хэлэлцдэг. Энэ нь хэлэлцэж эхлэх болохоос хэлэлцэж дуусна гэсэн үг биш.   Өнөөдөр аравдугаар сарын 17.  Үүнээс цааш 14 хоногоор тооцвол  Засгийн газрыг огцруулах гэсээр байгаад арваннэгдүгээр сар гаргана.  Дараа нь шинэ Засгийн газрыг байгуулахын тулд МАН  Бага хурлаа зарлана,  хуралдуулна. Тэндээс да­раа­гийн Ерөнхий сайдад нэр дэв­шүүлнэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Ерөнхийлөгч шинэ Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулна. Энд хамгийн хурдандаа  долоо хоног зарцуулна.  Шинэ Ерөнхий сайд танхимын сайд нараа тодруулна. Эхлээд намын удирдах зөвлөл дээр ярьж, дараа нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. УИХ-д оруулна, томилуулна. Заавал явах ёстой эдгээр процедурт хамгийн багадаа дахиад долоо хоног хэрэгтэй. Ингээд бодохоор АН-ыг засгаас гаргаж, шинэ Засгийн газрыг МАН дангаараа байгуулахад л хамгийн багадаа ахиад 14 хоног хэрэгтэй. Амралтын өдрүүдээ нэмж тооцвол шинэ Засгийн газрыг байгуулах гэж  арваннэгдүгээр сарын 20-ныг лавтай хүргэнэ.  Хэрвээ АН-тай дахин эв­сэнэ гэвэл үүнээс ч урт хугацаа орно. Нэгэнт Сү.Батболдын  Засгийн газрыг огцруулж байгаа учраас явах хүнээр ачаа татуулдаггүй монгол уламж­лалаар 2011 оны төсвийн тодотгол, 2012 оны төсвийн хэлэцүүлэг УИХ-ын төвшинд бүрэн зогсч, шинэ Засгийн газрыг байгуулсны дараа эхэлнэ. Энэ нь арваннэгдүгээр сарын 20-ноос хойш гэсэн үг.  Хуулиар бол ирэх оны төсвийг арванхоёрдугаар сарын 1 гэхэд баталсан байх учиртай. Өмнө нь мөнгөгүйн зовлонтой үедээ сарын дотор засгийг сольж, төсвийг сарын дотор багтаан баталж амждаг л байлаа. Одоо бол бид мөнгөтэйн зовлонг үзэж яваа, тэгээд сонгуулийн жилийн 5.1 их наядын орлоготой төсвийг аравхан хоногт  УИХ-ын нэгдсэн чуулганы дөрвөн удаагийн хэлэлцүүлгээр баталж амжих уу. Гурилддаггүй л юм бол амжихгүй.  Амжлаа гэхэд энэ оны төсвөөс илүү гарсан 600 гаруй тэрбум төгрөгөө хэзээ нь тодотгож хуваарилах вэ. Эндээс хэн хожих вэ.  Гишүүд яах вэ, гурилдсан төсвөөсөө тойрогтоо тус бүр нэг тэрбум төгрөг батлуулж аваад бараг түүгээрээ  сонгуульдаад алга болно. Харин ард нь төсвийн тодот­голоор хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтууд бүгд  зогсоно. Бүх аймаг ирэх оноо төсөвгүй, төрийн албан хаагчид, эмч багш нар цалингүй угтана. Цалин тэтгэврийн нэмэгдэл хойшилно. Засгийн газрыг огцруу­лахад нэг сар хэрэгтэй бол, шинэ Засгийн газар ажилтайгаа танилцахад бараг хагас жил хэрэгтэй. Энэ нь Сү.Батболдын танхимыг унагалаа гэхэд дараагийн Засгийн газар ажилтайгаа танилцаж явсаар 2012 оны сонгуультай золгоно гэсэн үг. Үгүй бол, цаг хугцацааны энэ шахалт дор үүрэг гүйцэтгэгч  де-факто Засгийн газартай явсаар 2012 оны сонгууль хүргэнэ. Энэ тохиолдолд тэртэй тэргүй явах нь тодохой болсон үүрэг гүйцэтгэгч сайд нар жинхэнэ шигээ хариуцлагатай ажиллах уу. Тэгээд сонгуулийн жилд шүү.

Хэрвээ Сү.Батболдыг,  Засгийн газрыг огцруулбал цаад зорилгодоо хүрэх шалтаг  болгож байсан Оюу­толгойн гэрээг  ичсэн нэрэндээ ямар нэгэн байдлаар хөндөнө. Зогсоо­доггүй юмаа гэхэд гацаана. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай дахиж ярил­цах, гэрээнд засварлах юм бий л байх. Энэ бүгдийг яриа хэлэлцээний замаар харилцан ойлголцож хийхийн оронд улс төрийн аргаар хүч хэрэг­лэж шийдэх гэвэл  эндээс гарын үсэг зурсан 20 гишүүн биш, монголчууд нийтээрээ хохирно. Яагаад гэвэл дэрлүүлж тавьсан даалуунуудын нэгийг унагахад бүгд налж нурдаг даа. Яг тийм схемээр Оюутолгойн төсөл аль хэдийнэ Монгол Улсын эдийн засагтай, монголчуудын ирээдүйтэй холбогдсон. Эдгээр “даалуу”-ны дунд улс төрийн аргаар шууд хүч хэрэглэх гээд байгаа  гишүүдийн амьдрал, үр хүүхдийнх нь ирээдүй ч бий. Оюу­толгойн орд  Монгол Улсынх л боло­хоос дэлхийн эдийн засгийн халуун цэг, хэмжүүр болсон. Тийм учраас байгуулсан гэрээгээ нэг талын со­нирх­лоор нөгөө талдаа шууд тулгах замаар өөрчилбөл Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө найдваргүй түнш л болно. Оюутолгойн нэг доллар Монголын эдийн засагт гурван ам.долларын эдийн засгийн эргэлт үүсгэж байгааг улсын Ерөн­хийлөгчөөсөө эхлээд хүлээн зөв­шөөр­дөг. Түүнчлэн “Рио Тинто”  бол нэг талаар Оюутолгойн орд дээр эдийн засгийн түнш, нөгөө талаар Монгол Улсын  хувьд гурав дахь хөршийн гэж олзуурхаж  сонгосон стратегийн хөрөнгө оруулагч.  Энэ бүх  үнэ цэнээ “Рио Тинто”-гийнхон  сайн мэддэг,  дээр нь угаасаа өвөл эхэлж байгаа учраас  барилга, бүтээн байгуулал­тын улирал эхэлтэл гэдгээр шалтаг­лан төслийн ажлаа түр зогсоож ч болзошгүй. Тэр цагт  нэг доллар тутамд нь гурван долларын эргэлт үүсгэж байсан их мөнгө, их өсөлт  Монголын эдийн засгаас гарна. Төсөл зогсвол Оюутолгойд монголчууд маань хэдийгээр хугацаат цэргийн  алба хааж байгаа юм шиг тохь тухгүй ажил­ладаг ч гэсэн цалингүй, гэр бүл нь  орло­гогүй, энэ төслийн дагалдах бизнест оролцож байгаа үндэсний 1000 гаруй компанийн бизнес ч зогсч тасалдана. Оюутолгойн орд  “Эрдэ­нэт”-ээс тав дахин том. Тэгвэл улсын төсвийн ихэнхийг дангаараа бүр­дүүлдэг “Эрдэнэт”-ээс тав дахин том төслийн ашиглалтад орох хугацаа, эдийн засагт оруулах ашиг гацна, хойшилно гэдэг нь Монгол Улс хөгжих,  монголчуудын амьдрал сайжрах, эдийн засгийн өсөлтийг дагаж цалин нэмэгдэх хугацаа мөн л хойшилж байгаа хэрэг.  Аягүй бол төслөө эхлүүлээч гэж “Рио Тинто”-гоо эргэж гуйна. “Рио Тинто”-г  бүр хөөж гаргалаа гэхэд хоёр хөршид маань харин ч сайхан далим болно. Хэрвээ иймдээ хүрвэл анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл эзэмших 34 хувиа голж байсан монголчууд бид бүр ч илүү хохирч магадгүй л юм.  Үүнээс гадна Оюутолгойн гэрээ хүчингүй болбол, түр зогсвол Тавантолгойн тендер ч зогсоно. Яагаад гэвэл ордууд маань дэлхийд гайхуулах нөөцтэй ч, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид хэлсэн ярьсандаа хүрдэггүй, маргааш нь уулзахдаа өчигдрийнхөө зангаар байж чаддаггүй хүмүүстэй найзалдаггүй. Бизнест бол бүр хамтрахгүй. Үүрэг гүйцэтгэгч сайд нартай  байж таарвал гадаадын хөрөнгө оруулагчид битгий хэл, монголчууд өөрсдөө  ч Засгийн газартаа итгэхгүй.  Хэрвээ Оюу­тол­гойн төсөл гацаж, хугацааны хувьд хой­шилж, Тавантолгойн тендер  зогс­вол хаанаасаа сонгуулийн амлалтын сая төгрөгөө ахмадуудад бэлнээр та­рааж, ямар эх үүсвэрээс цалин тэт­гэврийг 53 хувь нэмэх билээ.  Аль хэ­дийнэ нийгэмд хүлээлт үүсгэчих­сэн энэ амлалт, нэмэгдэл нь нурвал сон­гуулиар  юун “долдугаар сарын 1” бай­тугай бухимдал нийгэмд үүсч мэднэ.

Энэ бүгдийг хүсээгүй л юм бол нэгэнт өрөөд тавьчихсан даалууг хөдөлгөх шаардлага хэнд, хэдэн хүнд  байна вэ.  Дурын зуу гаруй хүнээс асуухад Сү.Батболдыг огцруулах, Оюутолгойн гэрээг гацаах нь тэдний олонхид тийм чухал асуудал биш л байгаа. Тэдэнд тогтвортой ажлын байр, эдийн засгийн өсөлтөөс амьд­ралд нь  бодитой мэдрэгдэх наалдац, хангалттай хүрэлцэх цалин л хэрэгтэй. Ийм цаг үеийг  наашлуулахын оронд цаашлуулж, зөвхөн Сү.Батболдыг хусахын тулд улс Монголынхоо ирээ­дүйгээр дэнчин тавьж болох уу. Арав, хорин хүний, ганц нэг бүлэглэлийн  бах тавыг хангах нь 2.7 сая монголчуудын эрх ашигтай яагаад ч дүйцэхгүй.  Эндээс  Сү.Батболд гэдэг хувь  хүнээс илүүтэй  төсөв батлах дөхсөн, сонгууль ойртсон цаг үе нь, даалууны схемээр Монголын эдийн засагтай холбогдсон Оюутолгойн гэрээгээр оролдох нь улс төр одоо бужигнах боломжгүйг, бужигнавал хэн хохи­рохыг төвөггүй хэлж байна. Иймд улс төрийн буруу нүүдэл, бухимд­лаасаа болж нэр дэвших тойроггүй, бараг нэр дэвшүүлэх намгүй болж яваа зарим хүн үүнийхээ оронд Сү.Батболдоос  өөр зүйл шаардвал олон түмэн илүү дэмжинэ, сонгуулийн оновчтой сай­хан PR болно. Жишээ нь, Таван­толгойг хурдлуулж яагаад болдоггүй юм. УИХ-ыг газар дээрээ гардуулчи­хаагүй бол шоронд орохгүй гэсэн хүмүүсийн найдвартай хамгаалалтын бүс болгосон хулгайн хуулиа өөрчилж  яагаад болдоггүй юм. 130 мянган төрийн албан хаагчийн 53 хувийн  цалингийн нэмэгдлийн хөлд хувийн хэвшлийнхэн чирэгдэхгүй гэсэн ба­талгаа, тийм бодлого хаана байна вэ. Тэр тухай яагаад ярьж болдоггүй юм.

Сү.Батболдыг хүчгүй гэж шүүм­жилдэг, хэдэн хүн халж сольж хүчтэй­гээ харуулах PR хийхийг зөвлөдөг хэсэг нам дотор нь бий.  Тэднийхээр бол хүчгүй Сү.Батболдыг хүчтэй хэн нэгнээр сольж байж МАН сонгуульд ялах юм байх. Монголын эдийн засаг өсөх нь, Монгол Улс хөгжих нь нийт монголчуудын эрх ашиг. Үүний дэргэд МАН сонгуульд ялах үгүй нь хэтэрхий жижигхэн. МАН сонгуульд ялагдлаа гэхэд энэ намын нэрээр ажил албан тушаалд ээлжилж сууж байдаг хэдхэн хүн, хэдэн гэр бүлийн л эрх ашиг хөндөгдөнө.  Харин нийт монголчууд гэдэгт дотор МАН-ын дийлэнх олонхи  гишүүн багтана. Тийм учраас нам нь сонгуульд ялъя гэвэл Засгийн газ­рынх нь  бодлого нам доторхи бүлэг­лэлийн эрх ашигт нийцэж байх ёстой юу, эсвэл сонгуулийн ялагчийг тодруулдаг ард түмний төлөө байх ёстой юу гэдгийг бодох л ёстой. Монголчууд бид хүчтэй удирдагчид дуртай нь үнэн.  Энэ нь манай улс диктатур дор олон жил явсных байх. Хүчтэй удирдагч хэрэгтэй нь ч үнэн. Гэхдээ халж солихыг урьтал болгодог, цээжнээсээ олон кг-ыг түлхэх, эсвэл долоо хоногт зааланд хоёр удаа сагс тоглож спортлог байх, хөмсөг зан­гидах, хоол идсэн ч вип өрөөнд тухалж, хотын гудамжаар алхсан ч сүржин хамгаалалттай явах нь ардчилсан нийгмийн  хүчтэй лидерийн шинж биш шүү дээ.   Заавал хэн нэгэн буруутныг тодруулж түүнийг яллаж байж сүр хүчээ харуулдаг удирдагч ч  ардчил­сан нийгэмд зохицохгүй. Нийгэмд зориудаар, зохиомлоор айдас бий болгож, өөрөө түүнийгээ ялдаг айдсын менежмент бол ардчилсан нийгмийн удирдагчийн шинж биш. Хүчтэй лидерийг бүрдүүлдэг  ийм шинж  баруун Европ, Америкт XIX зууны төгсгөлөөр дууссаныг бид олон номноос уншсан. Хамгийн сүүлд В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч байх­даа  “ЮКОС”-ын эзэн М.Ходор­ковс­кийг яллаж шоронд хорьсон нь айдсын менежментээр хүчтэйгээ харуулсан хамгийн сүүлчийн жишээ. Харин ардчилсан нийгмийн хүчтэй удирдагч бол хамгийн түрүүнд хийж бүтээснээ бусдаар хүлээн зөвшөөрүүлдэг. Ингэж байж  хүчтэйгээ ч хүлээн зөвшөөрүүлдэг. Коммунист, даран­гуйлагч нийгмийн хүчтэй удирдагч нь сэлэм эргүүлдэг ардын баатар байдаг бол, зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэм бүхий хөгжиж байгаа улс орны хүчтэй удирдагч нь сайн эдийн засагч, сайн менежер байдгийг  Зүүн Азийн орнуудын удир­дагчдын жишээ бэлхнээ харуулдаг. Эдгээр шинжээс Сү.Батболдод бий юү гэвэл бий. Тэрээр улс төрд яваа үеийнхэн дотроо зах зээлийн эдийн засгийн чиглэлээр баруунд боловсрол эзэмшсэн цөөхөн хүний нэг. Баялаг бүтээхийн зовлонг хамгийн сайн мэддэг бүр цөөхний нэг. Хөрөнгийн зах зээл, боловсролын салбарт эхлүүлж буй бодлого, бодитой ажил нь бусдад хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байгаа. Намын даргын хувьд ч зарим ажил нь олон түмний дунд хүлээн зөвшөө­рөгдлөө. Тухайлбал,  МАХН-ыг МАН болголоо. МАХН-ын түүх бол бараг XX зууны Монголын түүх.   Ная, ерэн жил монголчуудын хэдэн үед хоногштол явсан намын  нэрийг солино гэдэг хүчгүй намын даргын хийдэг ажил ч бас биш л дээ.  Намын нэрийг сольс­ноор томоор яривал МАН-ыг цаашид удаан оршин тогтнох, олон сонгуульд орох  боломжийг бий болгосон. Ардчилсан тогтолцоонд шилжсэн ихэнх орнууд засгийн эрхийг барьж байсан хуучин коммунист намуудаа татан буулгасан. МАХН-ыг ч татан буулгах ёстой гэсэн бодол санаатай хүмүүс байдаг. Хэрвээ нэрийг нь солиогүй бол он цаг улирах тусам шинэ үеийнхэнд коммунист  нэртэй нам бүр л сонин санагдах, сонсогдох байлаа.  Багаар яривал намаа гадаа­дад олон улсын тавцанд коммунист нэртэй намуудаас ялгаж, дотооддоо “хувьсгалт” гэдэг үгээс нь салгаж чадлаа. Монголчууд өмнө нь “ху нам”, “хувьсгалт нам” гэж ярьдаг байсан бол одоо Ардын нам  гэдэг болсон нь Сү.Батболд-У.Хүрэлсүх нарын хос­лолын гаргасан шийдвэрийг олон түмэн хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn