Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 15 цаг 1 минут
ДОМГИЙН ЦЭНХЭР ДЭЛХИЙД ДӨМӨГХӨН НЭРТЭЙ ЯВДАГ БОЛЖЭЭ, МОНГОЛ УЛС
Нэгэн цагт дэлхийн дайдыг ну­маар эмжин хүчирхэг явсан түүх монгол­чууд бидэнд бий. Түү­нээс хойш Монгол Улс дэл­хийд ямархан нэртэй, байр суурьтай явсныг нийтээрээ мэднэ. Манжийн дарлалд зовж, тусгаар тогтнолоо олох гэж зү­дэрч, хөр­шийнхөө тогл­оо­мын бүгд найрам­дах улс болон бу­дилж явсан түүх ч бас бид­нийх. Найман зуун жилийн дараа, өнөөдөр Монголыг бай­галийн баялаг, ардчилал хоёр нь хэм­жүүр, загвар болтлоо дэлхийн анхааралд аваачлаа. Ийм дүг­нэлтийг судалгаа но­толгоо, баримтад тулгуур­лан хий­вэл илүү л үнэмшилтэй. Харин НҮБ-ын 66 дугаар чуу­л­ганы Мон­гол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Эл­бэг­доржийн оролц­сон арга хэм­жээнүүдийг  нүдээр үзсэн  сэтгүүлчийн мэдрэм­жээ­рээ ийм харь­цуу­лалт хий­хэд нэг их буруудахгүй байх. НҮБ-ын чуул­ганы эргэн той­ронд харахад Монгол Улс ин­гэж дэлхийн анхааралд ороход гур­ван хү­чин зүйл чухал нө­лөө­тэй байна. Нэгд, манай улсын байгалийн баялаг. Хоёрт ард­чил­сан тог­толцоо. Гуравт, одоо­гийн Ерөн­хийлөгчийн улс­төр­чийн намтар, түүн дээрээ улс төр судлаач Б.Дэлгэр­маа­гийн нэ­гэнтээ то­дор­­­хойл­сон  хариз­матик чана­раа хос­луу­лах чад­вар нь. Хам­гийн гол нь энэ гурван хүчин зүйл биесээсээ ха­маарсан нэгэн цогц болж ча­даж байгаа нь, гурвуулаа нэгэн цаг үед зэрэг тохиосон нь мон­голчууд бид­ний аз хийморь, ам­ны хишиг гэл­тэй. Хэрвээ бай­галийн энэ их баялаг маань 20 жи­лийн өмнө, түүнээс жаа­хан өм­­нөхөн олдсон бол Мон­гол Улс дэл­хийн анхаа­ралд өр­төх бай­сан уу. Монголын эдийн засаг дэлхийд нээлт­тэй байж ча­дах уу. Хоёр хөр­шөөсөө өөр улс гү­рэнд хаалттай явсан тэр цаг үед олдсон бол  баялаг нууж бай­гаа газар нутаг нь Мон­голынх, дор нь нууг­даж буй бая­лаг нь өөр улсынх болох бай­сан биз ээ.

Эдийн засгаа дагаад дэл­хийн улс төрийн анхааралд ч Монгол Улс орж эхэлж байна. Хэрвээ Монгол Улс өнөөдөр ардчил­сан нийг­мээс огт өөр тогтолцоотой байсан бол дэлхий ингэж тоох уу. Тоолоо гэхэд өөр байдлаар л харах байх. Хорин жилийн өмнө эх­лүүлж, энх­тайвнаар хийсэн Монголын ард­чилал өнөөдөр зөвхөн Азийн загвар байхаа больж, Киргиз болон Тунис, Ливи гээд арабын  ертөнцийн сонирх­лыг татаж эхэллээ. Яг ийм цаг үед Монголын ардчиллыг санаачлагч, манлайлагч, удирдагчдын нэг болох Ц.Элбэгдорж Ерөнхий­лөг­чөөр ажил­лаж таарсан нь уул уурхай дээр суу­рилж манай улс руу хандсан дэлхийн анхаарлыг улам хүчтэй сонирхолтой болгож байна.

НҮБ-ын чуулганы үеэр Монголыг дэлхий анхаарч эхэлснийг илтгэх болон ач холбогдол өндөртэй хэд хэ­дэн үйл явдал боллоо.
*   *   *
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөн­хий шүүмжлэлийн эхний өдөр үг хэлэв. Тэрээр монгол хэлээр, монгол дээлтэйгээ НҮБ-ын индэр дээр хэлсэн үгэндээ ардчиллын боловсролыг дээшлүүлэх, архидалтын  эсрэг олон улсын конвенц батлах санал дэв­шүүлж, Монгол Улс нутагтаа хэзээ ч цөмийн хаягдал авахгүй, хэрвээ том гүрнүүд жижиг улсуудыг шахлаа гэхэд үүнийг нь дэлхийн хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөхгүйг анхааруулав.
*   *   *
-Ерөнхийлөгч монгол дээлтэй үг хэлсэн нь Монгол Улс тус байгуул­лагад элссэн 1961 оноос хойшхи хоёр дахь тохиолдол. Анх НҮБ-д элссэний дараа 1961 онд Дилав Хутагт “эх орон минь НҮБ-д элссэнийг харснаар миний амьд явсны нэг зорилго бүтлээ” гэж хэлээд монгол дээлтэйгээ төрийн дал­бааныхаа дэргэд зургаа татуулж байжээ.
*   *   *
-Монгол Улс ардчиллын боловс­ролыг дээшлүүлэх  саналаа хамгийн түрүүнд дэмжсэн гурван улсын хамт албан ёсоор зарлав. Дөрвөн улсын Ерөнхийлөгч зэрэгцэж зогсч байгаад нэг санаачилгыг зарлана гэдэг НҮБ-ын түүхэнд сүртэй бөгөөд ховор л тохиолдол юм билээ.
*   *   *
-Авлигын эсрэг Ардчилсан ор­нуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын лобби бүлэг байгуулснаа албан ёсоор мэдэгдэв.  Монголын Ерөнхий­лөгчийн  энэ санаачилгыг Энэтхэг, Солонгос, Нигерийн төрийн тэргүүн нар зөв­шөөрснөө илэрхийлээд байгаа юм.   
*   *   *
-100 гаруй улс оролцсон Ардчил­сан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдааныг Монгол Улс даргаллаа. Анх АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайтын санаачил­сан тус нийгэмлэг бол нээлттэй гишүүнч­лэлтэй ашгийн бус байгуул­лага. Мон­голын тал энэ байгууллагыг 24 улсаас бүрдсэн удирдах зөвлөлтэй болгож эхний хуралдааныг хийв. Ингэснээр тус нийгэмлэг гишүүн орнуудын  татва­раар санхүүжих эдийн засгийн эх үүс­вэр­тэй болохын дээр удирдах зөвлө­лийн дараагийн хурлыг ирэх арван­нэгдүгээр сард Вашингтонд хийхээр товлов.
*   *   *
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ард­чилал бол хүн төрөлхтөний хамгийн үнэт зүйл. Ардчиллыг дэлгэрүүлэхэд Мон­гол Улс өөрийн бүх чадлаа дайч­лахад бэлэн байна. Бидэнд бусдад заагаад байх онол байхгүй байж болно. Гэхдээ бидэнд туршлага бий. Хорин жилийн бидний туршлага бусдад сургамж болно” гэж байнга хэлж явав. НҮБ-ын индэр дээр, ерөнхий нарийн бичгийн даргатай болон бусад хоёр талын уулзалтын үеэр, Азийн нийгэм­лэгт хийсэн уул­залт дээр, АНУ-ын га­даад бодлогын нийгэмлэг, Ардчиллын төлөөх Амери­кийн үндэсний сангаас “Эрх чөлөөний төлөө” тэргүүн шагнал хүртэхдээ ч  энэ үгээ давтаж байв. Энэ нь нэг талаар дэлхийн ардчиллын үйлст Монгол Улсын оруулж байгаа хувь нэмэр, нөгөө талаас Монгол Улс одоо байгаа ардчиллаа бэхжүүлэхэд тустай болохыг Ерөнхийлөгч дагаж явсан  хэвлэлийнхэндээ аминчлан учирласан.
*   *   *
-Ардчилалд дөнгөж шилжих гэж байгаа Ливи Тунист, ардчилалд шил­жиж эхэлж буй Киргиз зэрэг улсад ард­чиллын туршлага суулгах НҮБ-ын ман­даттай тусгай групп ажиллах ма­най талын санал албан ёсны болсон. Энэ тусгай багийг  Ардчилсан орнуу­дын хам­тын нийгэмлэгийг даргалж байгаа­гийн улсын хувьд, Монголд ардчилал эхлүүлж явсан хүний хувьд өөрөө ахалж ирэхийг зарим улсын төрийн тэргүүн нар  Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жоос хүсч байлаа.  Тухайл­бал, Туни­сийн түр Засгийн газ­рын тэр­гүүн энэ саналын хоёр ч удаа­гийн ху­рал дээр манай Ерөнхийлөгчид тавь­сан гэдгийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэв­сүрэн хэлсэн.  
*   *   *
Ерөнхий шүүмжлэлийг анх удаа эмэгтэй Ерөнхийлөгч \Бразилийн\ нээж, Өмнөд Суданыг 193 дахь гишүүнээ болгосон НҮБ-ын 66 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн багт Гадаад харил­цааны сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь нар багтсан. Тэд гурвуулаа л чухал үүрэг гүйцэтгэж чимэгтэй мэдээ дуулгаж явлаа.
*   *   *
Гадаад харилцааны сайд Г.Зандан­шатар ардчиллын бүлгийн хурлыг даргалж,  2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлж байгааг албан ёсоор мэдэгд­сэн. Үүнээс гадна Г.Зандан­шатар сайд Нью-Йорк хотод амьдач буй, хүнд өвчтэй монгол охинд мөнгөн тусламж үзүүлж тэнд байгаа монголчуудыг, дагаж явсан айлч­лалын багийнхныг баярлуулсан. Гадаад харилцааны сайдын мэдэлд Гадаадад байгаа иргэддээ туслах сан гэж байдаг бөгөөд тэндээсээ таван сая гаруй төгрөгийг эмчилгээний зардалд нэмэрлэх шийдвэр гаргаж ар гэрт нь мэдэгдсэн.
*   *   *
-Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хоёр талын уулзалтын үр дүнд Монгол Улсынхаа 11-14 насны бүх охиныг нэг удаа вакцинд хамруулах талаар нааштай хариу авчээ. Уг вакциныг хийл­­гэсэн охид цаашдаа умайн хүзүү­ний хорт хавдраас бүрэн сэргийлж чадах юм байна. Энэ ажлыг Эрүүл мэн­дийн яам, Мянганы со­рилын сан, “Хав­даргүй Монгол” төрийн бус байгуул­лагынхан хамтарч хийх юм. Нэг удаа бүгдийг нь вакцинжуулж чадвал  цаашид жил бүр шинээр энэ насанд хүрэх охидын вакцины зардлыг улсын төсөвт тусгаад явах боломжтой. Мөн Люксембург улстай хамтарч зүрхний өвчлөл, цус харвалтыг эмчлэх онош­лох хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж авах талаар яриа хэлцэл хийсэн гэж С.Ламбаа сайд ярьсан.  
*   *   *
-Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвен­цийн нарийн бичгийн даргатай уулз­сан. НҮБ цөлжилттэй тэмцэх тухай ярьж, ажиллаж эхэлсний арван жилийн ой ирэх онд болно. Энэ ойг тэмдэглэх нэгд­сэн хуралдаан, бусад  арга хэм­жээг Монголд хийх саналыг НҮБ өөрөө Монголын талд тавьжээ. Хэрвээ манай тал зөвшөөрвөл ирэх онд дэлхийн 190 гаруй улс төр засгийн тэргүүний хэмжээнд, байг гэхэд сайдын төвшинд Монголд чуулах нь.

Нэгэнт дэлхий Монголыг тоож байгаа учраас зөрүүлээд Ерөнхий­лөгч ч бас санал хэлж байв.  Тэрээр  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа Монгол Улс цөмийн зэвсэг­гүй статустай болсны 20 жилийн ойг НҮБ-ын хэмжээнд хамтарч тэмдэг­лэн хүчтэй сурталчлах, Монголд цөл­жилттэй тэмцэх тусгай төсөл хэрэг­жүү­лэх, НҮБ-д ажиллах монголчуу­дын тоог нэмэгдүүлэх гэсэн үндсэн гурван санал хэлсэн. Тэрээр “Дэлхий цөлжил­тийн тухай ярина гэдэг бол Монголын асуудлыг ярьж байгаа хэрэг. Манай орны газар нутгийн 70 хувь нь цөлжсөн. Цөлжилтийг шийдэх гэж байгаа бол Монголд очиж говийг судлаач ээ. НҮБ энэ сэдвээр арван жил ярилаа. Үр дүн нь удаан байна. Монголд очиж нүдээр үзээд  Засгийн газрын төвшинд төсөл хэрэгжүүлээч. Монгол Улс НҮБ-д элссэнээс хойшхи 50 жилд 16 монгол хүн тус байгуул­лагад ажиллаж байна. Энэ чамлалт­тай. Манай энхийг сахиу­лагчид дэлхийн хэмжээнд үнэлэгддэг. Энхийг сахиулагчид шиг боловсрол мэдлэг, чадвар өндөртэй монгол залуус манай улсад олон бий. Иймд НҮБ-д ажиллах монголчуудын тоог, ялангуяа мэргэжилтнээс дээд төв­шинд ажиллах монгол хүний тоог нэмэг­дүү­лээч.  Үүнээс гадна архи бол хөгжсөн, эдийн засгийн хувьд хүн ам нь амьдралын найдвартай батал­гаа­тай улс орнуудад хар тамхи мансуу­руу­лах бодистой дүйцэх хор хөнөөл­тэй биш байж болно. Харин хөгжиж байгаа, манайх шиг хүн амын олонхи нь эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсч чадаа­гүй улс орнуудад архи бол асуудал болоод байна.  Тамхины эсрэг конвенц гэж бий. Үүн шиг архины эсрэг олон улсын конвенцтой болоход ерөнхий нарийн бичгийн дарга та дэмжлэг үзүүлээч” гэж ярилаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүн Ерөнхий­лөгчийн саналуудыг дэмжихээ илэр­хийлж, манай энхийг сахиулагчдын ур чадварыг өндөр үнэлдгээ илэрхийл­сэн. Суданд манай 40 эмч энхийг сахиу­лах ажиллагааны хүрээнд ажиллаж байгаа. Тэнд монгол эмч нарт үзүүлэх дараалал хамгийн их байдаг юм билээ гэж монгол эмч нараар бахархаж байсан. 

НҮБ-ын чуулган учраас болж байгаа хурал нь ихэнхдээ хаалттай, ярьж байгаа нь дэлхийн хэмжээний асуудал. Ерөнхийлөгчийн оролцсон уулзалтууд дотроос сэтгүүлчдэд нээлттэй болж, илүү Монголд хамаа­ралтай зүйл ярьсан нь Азийн нийгэм­лэгт  хийсэн уулзалт юм. Тус нийгэм­лэг ашгийн бус, нам бус боловсролын байгуул­лага. Яланугяа Азид ардчил­лыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарлаа хандуулдаг ажээ. Тус нийгэмлэгээс  Ерөнхийлөгчийг өнгөрсөн зургадугаар сард АНУ-д айлчлахад “Төрийн гарам­гай зүтгэлтэн” шагнал өгч байв. Энэ удаа Азийн  нийгэмлэгийнхэн  Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан нэг сарын аяныг зохион байгуулж байгаад бөгөөд нээлтийг нь Ерөнхийлөгчөөр хийлгэх гэж урьсан байв. Ирэх сард Монгол Улсын Ерөн­хий сайдыг АНУ-д айлчлахад уг аянаа хаалгахаар төлөв­лөжээ. Хөтлөгч уулзалтыг нээхдээ энэ өдрүүдэд Нью-Йорк олон зочинтой байгаа. Тэдэн дундаас бид сонгож цөөхнийг нь урьж уулзана. Сая Палестиний Ерөнхий­лөгч уул­залт хийсэн гэж танилцуулав. Мон­гол Улсын Ерөнхийлөгчийн уул­зал­тад тус хотод амьдардаг монгол үндэст­нүүд, Монголыг дэмждэг америкууд гээд 150 гаруй хүн ирэв. Ерөнхий­лөгчийг үг хэлсний дараа “Танай улс хоёр том хөрштэй. Эдийн засгийн хувьд тэднийгээ давж ашиг­тай гэрээ хийж чадах уу, байгалийн баялаг бол авлигажсан засаглалыг бий бол­годог. Бодитой жишээ нь, Кад­дафийн засаг­лал. Иймд танай улс байгалийн баял­гийн ашгаа яаж нийгмийн бүх хэсэгт тэгш хүртээх вэ, НҮБ улс орнуудын соёлын өвийг бүртгэдэг. Танай зарим өвийг хята­дууд бүртгүүлээд байна. Ардчиллыг монголчууд бүгдээрээ талархан дэмждэг үү, хүн амын ядуу гээд байгаа хэсэгт ардчилал юу өгсөн юм бэ” гэх зэр­гээр асууж байлаа. Энэ бүгдэд Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж “Монгол бол хоёр том зааны дунд зогсч байгаа жижигхээн пони морь. Олоон жилийн өмнө манай улс энэ хоёр хөршдөө том хөрш нь байлаа. Зөвхөн хөрш гэлтгүй их гүрнүүдийн тэнцвэрийг хадгалах зовлон Монголд бий. Гэхдээ энэ бүгдийн өмнө Монгол Улсын үндэсний эрх ашиг эрэмбэ­лэгдэнэ. Үүнийгээ л харж хөрөнгө оруулагчдаа сонгодог. Байгалийн нөөцийн тухайд Монголд хүний нөөц бол байгалийн баялгаас чухал. Гадаадын хөрөнгө оруу­лагчид бол бурхан биш. Өөрийн­хөө улс оронд муу бизнестэй, амжил­тад хүрээгүй хөрөнгө оруулагчид Монголын төлөө ажиллана гэж хэзээ ч байхгүй. Бид ийм хөрөнгө оруулагчид­тай хэзээ ч хамтрахгүй. Иймд баял­гийнхаа тодор­хой хэсгийг улсаа хөг­жүү­лэх монгол хүний нөөц бэлтгэхэд ашиглана. Энэ бол монгол төрийн бодлого. Соёлын өвийн тухайд бусдыг буруутгахаасаа  өмнө өөрсдийгөө шүүмжилмээр байна. Монгол залуус бодитойгоор өв соёлоо мэдэх нь чухал. Орчин үеийн боловсрол эзэмших нь ч чухал. Үүнээ­­сээ өмнө монгол зан заншил өв соёлоо мэдэж, эзэмшиж байж даяарш­лын энэ нийгэмд Мон­голоороо үлдэнэ. Дэлхийд ч гэсэн Мон­гол Улс Монголоороо үлдэх нь сонир­­холтой байх. Монголчуудын нүүдэлчин амьдрал бол байгаль орчинд хамгийн ээлтэй, байгальтайгаа зохицож амь­дар­даг орчин үед тохирсон хамгийн стандарт амьдрал. Монголчууд ардчи­лалд үнэнч. 20-хон жилийн “нас”-тай Монголын ардчилал өнөөдөр Ардчил­сан орнуудын хамтын нийгэм­лэгийг тэргүүлэх хэмжээнд хүртлээ бэхэж­сэн, туршлага суусан. Сая Сар­кози, Камерон нар Ливид айлчиллаа. Энэ нь надад ардчилал дөнгөж эхэлж байх үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Бейкер Монголд айлчилж байсан үеийг санагдууллаа. Ардчил­лын үлгэр заг­вар болсон орны удирдагчид ардчиллыг дөнгөж хийж байгаа улс орнуудад айл­чилна гэдэг бол сэтгэ­лийн том дэмжлэг болдог. Манай Чин­гис хаан мориноо­соо буухгүй талыг эзлэх амархан. Харин мори­ноосоо буугаад төрийг  тохинуу­лах хэцүү гэж сургасан. Өөрөр хэлбэл, хувьсгал хийх амархан. Харин хийсэн хувьсга­лын­хаа үр дүнгээр нийгмийг бэхжүү­лэх хэцүү. Тэглээ гээд авли­гаас болж ардчилалдаа сэв суулгасан 53 орны нэг нь Монгол Улс болохгүй гэдэгт монгол хүн бүр итгэдэг. Ардчи­лал бидэнд их юм өгсөн. Эрх чөлөө гэж ярихаа больё, комму­низмын 70 жил манай малчин айлд ганцхан радио л өгсөн. Харин ардчиллын 20 жил хувийн өмч, машин компьютер, гар утас гээд та бүхний хэрэглэдэг бүх техник  технологийг өгсөн. Өнөө­дөр малчин эр гэрээсээ хот руу утасдаад ноолуурынхаа үнийг мэдэж, нийсэлд болж байгаа үйл явдлыг орой нь зурагтаараа шууд үздэг болсон” гэх зэргээр хариулсан.    
 
Ер нь монголчууд өмнө нь дарга цэрэггүй л  гаднаас туршлага сурах гэж, судлах гэж явдаг байлаа. Харин энэ удаа гаднынханд туршлагаа зааж сургах юм болоод ирлээ. Үүнийг л домгийн цэнхэр дэлхийд дөмөгхөн нэртээ явдаг болжээ, Монгол Улс гэж дүгнээд байгаа юм. Цэнхэр өнгийг бэл­гэдлийнхээ суурь өнгө болгож дэлхийн 200 гаруй улсын дийлэнхийг  эгнээн­дээ багтаасан НҮБ-ын чуул­ганаас үүнийг илүү мэдэрлээ.
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.