Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
ТЕГ-ЫН ДАРГА Р.БОЛД: Б.ХУРЦЫН ЭСРЭГ ҮҮСГЭСЭН ГЕРМАНЫ СЭЖИГЛЭЛ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ
Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдтой ярилцлаа.

 Ярилцлагаа Б.Хурцын асуултаар эхэлье. Яагаад гэвэл энэ хүн тагнуулд  ажиллаж байхдаа гүйцэтгэсэн үүргийнхээ төлөө саатуулагдсан, бас ТЕГ энэ талаар байр сууриа илэрхийлээгүй. Тийм учраас ТЕГ ын даргаас албан ёсоор хариулт авмаар байна. Б.Хурц гэдэг хүн Англид саатуулагдах ямар гэмт хэрэг хийсэн юм бэ?


Монгол Улсын иргэн Б.Хурц Англид саатуулагдах ямар ч гэмт хэрэг хийгээгүй. “Европын баривчлах, шилжүүлэн журам” билүү нэг  баримт бичиг 2004 оны эцсээр хүчин төгөлдөр болсон юм билээ. Энэ журмаар бол Европын холбооны гишүүн орнууд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн,  сэжиглэгдсэн эрэн сурвалжлагдаж буй хүнийг нэгнийхээ хүсэлтээр саатуулж,  шилжүүлдэг. Энэ дагуу л Британи нь Германыхаа хүсэлтийг биелүүлж байгаа юм байлгүй дээ. Английн шүүхээр Б.Хурцыг зөвхөн ХБНГУ д шилжүүлэх эсэхийг л шийдсэн болохоос өөр асуудалгүй.

Б.Хурцыг ТЕГ т ажиллаж байхдаа үүрэг гүйцэтгэж Д.Энхбатыг Германаас авчирсан гэж байгаа. Гүйцэтгэх ажиллагаа явуулах үүргийг тухайн үед ямар төвшинд өгч, хэний тушаалаар явсан юм бэ. ТЕГ ын даргын төвшинд шийдсэн үү, эсвэл түүнээс дээгүүр буюу ТЕГ ыг эрхлэх асуудлын хүрээндээ багтаадаг Ерөнхий сайдын төвшинд тушаал өгч явуулсан хэрэг үү?


 Энэ явдал 2003 оны тавдугаар сард болж. Энэ нь Монгол Улсын шүүхийн захирамжийг үндэслэн хийгдсэн л ажиллагаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг үндэслэж Багануур дүүргийн шүүгчийн захирамж 2002 оны намар гарсан. Захирамжид ял эдлэхээс оргосон иргэн Д.Энхбатыг Монголын нутаг дэвсгэрээс, байхгүй бол хилийн гаднаас эрэн сурвалжилж, хаягийг тогтоож, баривчилж, ялыг эдлүүл гэж заасан байгаа юм. Бас Д.Энхбатыг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгасан байдаг.  Дээр нь энэ ажиллагаа С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэх Ажлын хэсгийн шугамаар хийгдсэн ажил. Цагдаагийнхан Интерполд хандаад хариу өгөөгүй юм шиг байгаа юм. Тэгээд л тагнуулын байгууллага цагдаагийн байгууллагын хүсэлтээр ажиллагаа явуулаад, авчраад шилжүүлээд л дуусгасан. Тухайн үед ч яахав нийтийн үйл хэрэгт тус нэмэр болох гээд л ажиллаж. Гэтэл одоо бөөн асуудал. Зөвхөн энэ ч биш, ер нь тагнуулын байгууллага цаашид өөрийнхөө шууд чиг үүрэгт хамааралгүй илүү, дутуу асуудалд орооцолдох хэрэггүй юм гэдэг дүгнэлтийг л бид хийж байна. Б.Хурц ТЕГ т 2005 2006 онд л ажиллаж байсан. Ер нь иймэрхүү ажиллагаанд улстөрчдийг ер оролцуулдаггүй юм шүү дээ. Улстөрч л оролцвол төрийн нууц задардаг. Тэгээд ч гүйцэтгэх ажлын аливаа арга хэмжээ нууц. Тэдгээрийг Ерөнхий сайд төдийгүй Тагнуулын ерөнхий газрын дарга ч тэр бүр мэдэхгүй. Улстөрчдөд зөвхөн мэдээ, мэдээлэл, ажиллагааны дүнг л танилцуулдаг. 

Тэгвэл Б.Хурцын тухайн үед гүйцэтгэсэн үүрэг улсын нууцад хамаарах уу. Хэрвээ хамаардаг бол энэ ажиллагааг гүйцэтгэсэн тануулчдын нэрсийг хэн задалсан юм бол, англичууд яаж мэдсэн байж таарах вэ?

 Ер нь Монголд төрийн нууцыг хамгаалах хадгалах ажил хавтгайрч суларсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.  2011 оны эхээр Засгийн газар энэ асуудлыг авч хэлэлцээд улс орны хэмжээнд төрийн нууцын хадгалалт, хамгаалалтын байдлыг нягталж асуудал дахин оруулахыг бидэнд даалгасан. Энэ дагуу бид арга хэмжээ авч байгаа. Цэгцэлнэ дээ. Б.Хурц гэдэг хүнийг англичууд Германы тавьсан хүсэлтээс л мэдсэн. Харин Германы талд байгаа мэдээллийн дийлэнх нь Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслээс авсан зүйлс. Дээр нь бид чинь их улс төрждөг хүмүүс болохоор манай зарим иргэдийн улс төржүүлсэн мэдээлэл ч байгаа биз.

Та сая Хурцыг Англид саатуулагдах гэмт хэрэг хийгээгүйг хэллээ. Тэгвэл тэр Германы эсрэг ямар ажиллагаа явуулсан болоод  германууд түүнийг хайгаад шүүх гээд байгаа юм бол. Бас  манай Засгийн газар уучлал хүслээ, цаадуул нь хүлээж авлаа л гэсэн. Гэтэл  Германы тал Б.Хурцыг Англиас шилжүүлж аваад  шүүх гээд байгаа нь манай  уучлалыг хүлээн аваагүй гэсэн үг үү?


 Иргэн Б.Хурц ХБНГУ ын эсрэг ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тэр зөвхөн Монгол Улсын хууль тогтоомж биелүүлэхээр л ажилласан. Иргэнийхээ үүргийг л биелүүлсэн. Германы тал аль 2004 онд манай уучлалыг хүлээн аваад эл асуудал хоёр талын харилцаанд нөлөөлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ эрх зүйн асуудал нээлттэй гэдгээ ч хэлж байсан байгаа юм. Энэ асуудлыг Германы эрүүгийн цагдаагийн алба хариуцаж байсан, одоо ч хариуцаж байгаа. ХБНГУ ын шүүхийн тогтоолыг үндэслэн Германы прокурорын газраас иргэн Б.Хурцыг баривчлан хорих шийдвэрийг 2006 оны нэгдүгээр сарын 30 нд гаргасан юм байна лээ. Тэгээд  2006 оны гуравдугаар сард Европын зарим орнуудад эрэн сурвалжилж байгаагаа хэлж, хүсэлт тавьсан байгаа юм. Тараасан зардаа Германы тал манай иргэнийг “хүн хулгайлсан, үндэслэлгүйгээр хорьсон, барьцаалсан” гэсэн гэмт хэрэгт сэжиглэж байгаа гэсэн. Ер нь Б.Хурцын эсрэг үүсгэсэн Германы энэ сэжиглэл бол ямар ч үндэслэлгүй.  Дээр нь ХБНГУ ын нутгаар зорчсон манай иргэнд улс төрийн сонирхлоор эрүүгийн хэрэгт сэжиглээд байх юм бол бид яах болж байна.  

Та Германы шүүхийг бас хараат гэх гэж байна уу. Удахгүй ХБНГУ ын Канцлер манайд айлчилна  шүү дээ ?

За тэнд бас юу л байв гэж дээ. Бүх зүйл харьцангуй л даа. Зөвхөн бид ч биш, хөгжиж байгаа орнууд дийлэнхдээ өрнөдийн шүүхийг дээрэлхүү, бодлогоор ажилладаг, тулган хүлээлгэдэг гээд дандаа л гомдлож байдаг шүү дээ. Ер нь тэгээд  Монгол Улсын нэг иргэний асуудал илүү чухал байлгүй дээ. 

Б.Хурц сайн дураараа жуулчилж яваад хүн бариад ирчихээгүй. Үүнийг сая та ч хэллээ. Тэр хүн төрийн өмнөөс үүрэг гүйцэтгээд өнөөдөр золиослогдож байгаа юм биш үү?

Золиослогдсон гэж би үзэхгүй байна. Түүнийг, иргэнээ  суллуулах талаар Засгийн газар боломжтой бүх л арга хэмжээгээ авч байна.

Энэ хэрэг гэх юм уу, үйл явцад улс төр эдийн засгийн ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөл байна уу. Жишээ нь, Б.Хурцыг анх ийм үүрэг гүйцэтгэхэд, дараа нь энэ үүргийг гүйцэтгэсэн нууц задрахад, сая баригдахад, бас суллуулахад?

Улс төр, эдийн засгийн ямар нэгэн нөлөөлөл байхгүй ээ. Ямар ч улсын тусгай алба хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол тэдгээрийн нэг үндсэн үүрэг нь. Германы тусгай алба ч гэсэн тухайн үедээ Аргентинаас нацистын нэгэн гэмт хэрэгтнийг хулгайлан авчирч байсныг санаж л байна.

Б.Хурцыг анх  Англид айлчлахаар явахад түүнийг баривчилна гэдгийг ТЕГ ынхан мэдээгүй юү, бас  тэр өөрөө тагнуулч хүн шүү дээ? 

Б.Хурц одоо ТЕГ ын албан хаагч биш шүү дээ, ҮАБЗ ийн ажлын албаны дарга. 

Тагнуулч Б.Хурцыг тойрсон энэ үйл явдал, тусгай үүрэг гүйцэтгэсэн тагнуулчийнхаа нэрийг задалж гадныханд баривчуулсан, түүнийгээ буцааж авч чадаагүй зэрэг нь ТЕГ ын нэр хүнд, үйл ажиллагаанд  олон улсын төвшинд, танай системийн хэмжээнд гадаадад дотооодод эерэг сөргийн алинаар нөлөөлж байна вэ?

Тагнуулын байгуулллагаас нууц задарсан зүйлгүй. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр элдэв зүйл бичиж  л байдаг. Харин тагнуулын байгууллага энэ бүхэнд “no comment” гэдэг байдлаар ханддаг. Энэ бол тухайн мэдээлэл үнэний баталгаагүй гэсэн л үг. Д.Энхбатыг Европоос авчирсан тухай мэдээлэл 2003 оны зургадугаар сард анх нийтлэгдсэн. Тэр үеэс л Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олонтаа бичсэн. Надтай уулзаж санал бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн  дийлэнх нь  иргэн Б.Хурц өгсөн үүргийг л гүйцэтгэсэн байна, хэн ч байсан тэгэх л байсан, гэхдээ сайн гүйцэтгэж, урамшуулах ёстой, төр нь түших ёстой л гэж хэлэх  юм байна лээ. Иймд гэмгүй хүнийг гэмтэй болгож ял оноовол хэлмэгдүүлсэн тал хэзээ нэгэн цагт эргэж үйлээ эдлэнэ, бид ч зүгээр суухгүй. Яагаад гэвэл Монгол Улсын иргэн Б.Хурц Германы талд ямар ч хохирол учруулаагүй, түүний эсрэг ямар ч ажиллагаа явуулаагүйн дээр тус улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй. 

Тагнуулын даргатай тэр бүр уулзах боломжгүй тул өөр сэдвийн ганц нэг асуултад хариулт авъя. Сүүлийн үед Монголд цөмийн хаягдал булах, тийм яриа огт байхгүй гэсэн талцал нийгэмд газар авлаа. Хэрвээ мэдээлж болдог бол ТЕГ ын төвшинд ямар мэдээлэл байна вэ?


Маш товчхон хэлэхэд Монголд хэзээ ч цөмийн хаягдал булшлахгүй. Энэ бол баталгаатай. 

Уул уурхайг дагаад сүүлийн үед Монголд гаднын хөрөнгө оруулагчид ч, мөнгө ч ихээр орж ирж байна. Энэ бүхэн улс орны аюулгүй байдал эдийн засгийн хараат бус байдалд яаж нөлөөлж байдгийг танай байгууллага хянаж шалгадаг уу. Та нэгэн ярилцлагадаа Өмнөговь маань нэг өдөр дундад улсын засаг захиргаанаас хамааралтай болчихсон байх вий гэж хэлсэн байсан. Үнэхээр тийм байдал хаа сайгүй бий боллоо. Тэр бүхэнд хүрч, хянаж ажиллаж чадаж байна уу,?

Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тагнуулын байгууллага дэмжлэг үзүүлэх чиглэлээр л ажиллах ёстой. Зөвхөн нэг аймаг биш бид бүхлээрээ анхаарах цаг болжээ. Төрийн албан хаагчдад үндэсний аюулгүй байдлын асуудлаар тусгайлсан байнгын сургалт мэдээлэл өгч байх чиг бодлогыг тагнуулын байгууллага баримталж байна. Гэхдээ энд нэг зүйлийг ялгах ёстой. Хөршийнхөө хил орчмын орон нутгийн чанартай хэдхэн худалдаачидтай өрсөлдөж чадахгүй, ялагдчихаад үүнийгээ ямар нэгэн  улсын төрийнх нь  бодлогын гай, үр дагавар юмшиг буруугаа бусдад чихэж болохгүй л дээ. Бид өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Бид чинь өөрсдийгөө магтана, үр хүүхдээ тэнгэр тултал магтана, магтсаар байгаад өөрийнхөө өрсөлдөх чадварыг баллаж байгаа улс шүү дээ.

Удахгүй УИХ ын сонгууль болно. Уул уурхайнхан, гадныххан их мөнгөөр жижиг тойргуудыг худалдаж аваад Монголын төрийн бодлогод нөлөөлөх вий, мөнгөнд дуртай хэсэг гадныхны гар хөл болох вий гэсэн болгоомжлол олон хүнд байна.  Энэ талд танай байгууллага анхаарал хандуулж байна уу.

Санаа байвч, сачий  нь хүрэхгүй гэж нэг үг байдаг даа. Яг үнэнийг хэлэхэд бид тагнуулын байгууллагыг дахин шинээр байгуулах дайтай л ажиллаж байна.

Сонгуулиар Монголд хувьсгал хийх мэтээр зарим нь бичиж ярьж байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?


Хувьсгал нь хэдийнээ хийгдээд Монголын ард түмэн эрх чөлөөгөө олсон биш үү. Өнөөдрийн хувьсгал хийнэ гэдэг бол сонгуульгүйгээр засгийн эрх авахыг л хэлээд байх шиг.  Тэгэхээр энэ нь Үндсэн хуулийн эсрэг төрийн гэмт хэргийн зэрэгцээ ардчиллын үндсийн үндсийг эвдэнэ гэсэн л үг.  Энэ бол засгийн эрхийн төлөө тэмцлийн нэг хийрхэл,  өөр юу ч биш.

Сүүлийн үед эдийн засгийн өсөлт, даяаршлын дэлхийн нийтийн хандлагыг дагаад тагнуулын байгууллагын үүрэг ач холбогдол өсөн нэмэгдэж байх шиг байна. Ийм өргөн хэмжээний ажил гүйцэтгэхэд ТЕГ ын одоогийн бүтэц орон тоо хүрэлцэж байна уу?

Засгийн газраас тагнуулын байгууллагыг бэхжүүлэх талаар энэ онд хэд хэдэн чухал шийдвэр гаргасан. Дээр нь УИХ аас тагнуулын байгууллагыг бэхжүүлэх талаар хэд хэдэн хуулийг баталлаа.  Энэ бол үнэхээр түүхэн ач холбогдолтой гэдэг шиг л шийдвэрүүд.  Төрийн албаны дотор ганцхан онцгой алба байдаг нь тагнуулын алба.  Яагаад гэх байх. Мэдээж төрийн бусад албад өөр өөрийн онцлогтой. Гэхдээ зөвхөн тагнуулын албыг л онцгой  гэж нэрлэдэг, дэлхий нийтээрээ ч тийм. Учир нь тайван цагт ч дайны байдалтай байдаг ганц алба бол тагнуулын алба. Дээр нь бүх ажиллагаа нь нууц явагддаг. Бусад орны улстөрчид тагнуулын байгууллагаа үнэхээр бөөцийлнө шүү. Дайн үзсэн улс орнууд бол ярих юмгүй. Геополитик, колончлол, хавчлалд байсан шинэ залуу хөгжиж байгаа улс орнууд бас өөр. За манай хоёр хөрш бол огт өөр.  Өөрөөр хэлбэл бүр илүү бөөцийлөх жишээтэй.  Мэдээллийн зуунд, мэдээлллийн дайны нөхцөлд тагнуулын байгууллагын ач холбогдол өсч байна. Та нар кибер орчин, кибер асуудлыг л аваад үз л дээ, хэлэх үг алга байна шүү дээ.

ҮАБЗ ийн нарийн бичгийн дарга байсан генерал Ганболд хүчтэй Дотоод хэргийн яам байгуулах цаг болсон тухай саналаа хэвлэлд хэлж байсан. Энэ талаар ҮАБЗ ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, одоо ТЕГ ын дарга хүн ямар байр суурьтай явдаг юм бол?

Үндэсний аюулгүй байдал гэдгийг хавтгайруулах л юм бол хардлага, сэрдлэг салахгүй. Ямарч улс оронд үндэсний аюулгүй байдлыг шууд хангаж ажиллах чиг үүрэгтэй хэдхэн байгууллага л байдаг.  Энэ бол Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, тагнуулын алба, мөн хил, гаалийн албад. Бусад нь зүгээр л үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгт туслах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Дотоод хэргийн яам бол үндэсний аюулгүй байдлыг хангах шууд чиг үүрэгтэй байгууллага биш, зөвхөн дотооддоо дэг журмыг сахиулах л үндсэн үүрэгтэй л бүтэц.

Судлаачийн тань хувьд асуухад даяаршлын энэ цаг үед том гүрнүүд жижиг улсуудыг эдийн засгаар нь хараат байдалдаа оруулдаг, эдийн засгийн тусгаар тогтнолыг нь эзэлж авдаг бололтой юм. Жижиг орны ийм зовлон Монголд одоо ч  байна уу?

За даа нэг л түүхэн жишээ хэлье. 1917 онд большевик хувьсгалын дараа Монголын засгийн газарт үзүүлдэг байсан Оросын тусламж зогсчээ. Энэ завшааныг Чин Е ашиглаж, Монголын ноёдод санхүүгийн дэмжлэг амалсан. Мэдээж манай ноёд, дээд лам нар хувь дээр зөрнө шүү дээ. Гэхдээ авахаас өөр арга байгаагүй. Авсан. Үүний дүнд тухайн үеийн олон улсын хэллэгээр хагас тусгаар тогтнол, гэхдээ жинхэнэ дээрээ тусгаар тогтнол байхгүй болсон. Гэтэл хамгийн сонин нь энэ хооронд Богдын тагнуулын байгууллага энэ санхүүгийн дэмжлэгийг авч болохгүй шүү гээд л хэлсээр байгаад тараагдсан байгаа юм.

Та ҮАБЗ ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа  гуравдагч хөршийн асуудлыг нилээд тавьдаг байсан. Одоо харин  энэ бодлого маань жаахан бүдгэрээ юу даа?


Өмнө нь зарим хүмүүс Монгол бол жинхэнэ тусгаар тогтносон улс. Яагаад гэвэл түүнээс хамаардаг зүйл гэж огт байхгүй гэж хошигнодог байлаа. Харин одоо Монгол жинхэнэ тусгаар тогтносон улс болжээ.  Яагаад гэвэл түүнээс хамаардаг зүйлс бий болж байна. Ийм хамаарлыг олон болгох нь бидний зорилго. Чухам үүнд л гуравдагч хөршийн бодлогын мөн чанар оршдог гэх үү дээ. 

ТЕГ гэхээр нэг л хүйтэн хөндий, хаалттай, бүрхэг байгууллага бууж ирдэг. Одоо ч тийм үү?

Нээлттэй ажилладаг тагнуулын байгууллага  гэж хаана ч байдаггүй. Тагнуулын ажлын үндсийн үндэс нь нууцлал байсан. Одоо ч байна, цаашид ч байх болно. Харин уламжлал түүхээ таниулах, хүний нөөцийн холбогдолтой зарим асуудал гээд нээлттэй болгож байгаа зүйлс бий. Дээр нь манайх шиг ингэж төсвөө ил зарладаг тагнуулын байгууллага дэлхийгээс нэг их олдохгүй байх.

Эцэст нь асуухад зарим хүн утас чагнаад байна  гэж  гомдлох юм, энэ талаар та юу хэлэх вэ?

Миний утсыг чагнаад байна гэдэг гомдлыг зарим хүмүүс тавьдаг л юм.  Энийг болгоомжлол, бас нөгөө талаараа хардлага гэх үү дээ. Тэгэхдээ энгийн иргэдийн толгойд тийм бодол ордоггүй юм ш дээ.  Утасны хяналт хийгдэж байгааг хэрэглэгч  мэдэх техникийн  ямар ч үндэслэл байхгүй. Утасны цаана юм дуугаараад байна, таг туг хийгээд байна гэдэг.  Энэ нь сүлжээний техникийн байдал элдэв согогтой холбоотой болохоос биш, хүмүүс бодохдоо утсаар ярихаар л замаас нь нэг юм холбогдоод тэр нь таг таг гэж дуугараад, тэгээд чагнаад байна гэж боддог шиг байгаа юм. Энэ бол туйлын гэнэн зүйрлэл, хардалт юм даа.

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.     
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.