Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
“ВЛАСТЬ”-ИЙГ АВСАН ШИГ АВААГҮЙ НЬ СҮ.БАТБОЛДЫН АЛДАА
Монголын улс төр хоёр улиралтай.  Нэг нь хавар, нөгөө нь намар.  Урт өвлийн дараахь  хаврын улс төрийг ихэнхдээ улирлын онцлог, хувь хүний сэтгэхүйн өөрчлөлттэй холбодог учраас синдром гэнэ.  Улиралд нь ч, хувь хүмүүст нь ч онцгой шилжилт гардаггүй болохоор  намрын улс төрийг бужигнаан гэх. Хаврын синдром жилийн жилд болдог бол, намарт  бужигнаан болох нь цөөхөн. Бужигнахыг  хүлээдэг, хүний гараар могой бариулахыг хүсэгчид нь харин олон байх. Энэ намрын  хувьд өмнөх жилүүд шиг “бужигнах нь уу” гэж хүлээхээ болиод “хэзээнээс бужигнах гэж байна вэ” гэж шууд тов асуудаг болжээ. Бужигнах шиг амархан юм байхгүй.  Улстөржих нь өнгөрсөн хорин жилд бидний  хамгийн сайн хийсэн, гартаа оруулж чадсан ганц  ажил. Улстөржлөө гээд эдийн засаг өсөөгүй, улс орон хөгжөөгүй гэдгээ ч мэдэрсэн улс. Өнөөдрийнх шиг эдийн засгийн тааламжтай үе өнгөрсөн хорин жилд Монголд тохиосонгүй. Монгол Улс эдийн засгаар, хөрөнгө оруулалтын том төслүүдээр ингэж дэлхийн анхаарлын төвд очиж ч байсангүй.  Тийм учраас энэ намар болж мэдэх улс төрийн бужигнаан гурван асуултад  хариулт нэхнэ.  Нэгд, улстөржилт, эдийн засгийн өсөлт хоёрын аль нь улс орныг хөгжүүлдэг юм. Хоёрт, улс төр бужигнахад тэлж томорч байгаа эдийн засаг, өсөн нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалтад ямраар тусах вэ. Гуравт, засгаар оролдлоо гэхэд  хэл амтай ч гэсэн хөдөлж эхэлсэн Оюутолгойн гэрээ, дэлхийн анхааралд өртчихсөн Тавантолгойн тендерт  эерэг сөргийн алинаар нөлөөлөх вэ. Эдгээр асуултад  зөв хариулт олох нь энэ намар болж мэдэх улс төрийн бужигнааны мөн чанар, зорилгыг олох, ойлгоход тус болно.

Түүнээс бус, найман сарын “настай” Засгийн газар, шинэ Ерөнхий сайд бол Монгол Ул­сын урьд өмнө  явж үзсэн л зам. Хэвлэлүүд С.Баяр, У.Хүрэл­­­­сүх, М.Энхболд нарыг  дараагийн Ерөнхий сайд болох магадлал­тай гэжээ. С.Баяр, М.Энхболд хоёр монголчууд бидний тань­даг Ерөнхий сайд нар. Тэдний хувьд ч явж үзсэн зам нь. Эцэг өвгөд маань нэг голын усанд хоёр удаа орж бол­доггүй гэж сургасан байхад энэ цагийн улстөрчид /гол нь нэг аргаар шүү/ орох гэж зүт­гээд байдгийн учир бас л дээрх гурван асуул­тын хариулт дотор бий. 

Сонгуулийн өмнөх жил учраас намуудын төвшинд хө­дөлгөөн гарах, улстөржихөд  гай­хах юм алга аа. Харин тэ­дэн дун­даас хэн нь улс орны хэм­жээний асуудлаар хувийн PR-аа хийж байгааг  ялгаж сал­гах нь чухал. Тагнуулч Б.Хурцын асуу­дал, цөмийн хаягдал тойр­сон тодор­хойгүй яриа, Оюу­толгой, Таван­тол­гойн гэрээ аль хэдийнэ хувь улстөрчдийн сон­гуулийн PR, тод­рох үндсэн сэ­дэв  бол­жээ.  Үе үеийн Ерөн­хий сайд, эс­вэл  өндөр рейтинг­тэй улс­төрч­дөөс зүүгдэж /шүүмжилж/ олонд  танигдах тех­но­логийг ч ашиглаад эхэлчи­хэж. Хувь хүмүүсээс зүүг­дэж танигда­хын зэрэгцээ эдийн засгийн том төслүүүдийг гацаах зогсоох шантаажаар тодрох улс төр ч энэ технологид багтаж байна. Жишээ нь, АН-ын хэсэг залуу үе үе Ерөн­хий сайд С.Бат­болдыг шүүхэд өглөө, огцруул­на гэх юм. Гэвч  хэвлэлийн хуу­дас­наас цааш явж үр дүнд хүрэх нь битгий хэл, тэр дагуу асуудал босч байгаа юм  алга. Оюутол­гойн хувь хэмжээг, Монголд үлдэх эдийн засгийн  ашгийг монголчуудад илүү  байл­гах  гэсэн Н.Батбаяр, С.Эрдэнэ нарын  гишүүдийн шаардлага  бол наанаа зарчим талаасаа, шудар­га ёсны хувьд үнэхээр зөв. Цаанаа яагаад болдоггүйг нарийн мэдэхгүй. Эдгээр гишүүд энэ шаардлагаа Оюутолгойн гэрээг анх хэлэл­цэж байхад ярьж л байсан. Дэмжлэг аваагүй.  Дараа нь тэд  Төрийн ордны Их танхимд ёслолын зангиатайгаа сууж л ха­рагдсан. Өөрсдөө гар өргөж хамт батлалцсан. Гэрээг ба­талснаас хойш хавар намар­таа үргэлж л ярьж  яваа. Тэглээ гээд сайд Д.Зоригтыг огцруу­лах бичиг өргөн бариад л зогс­дог, цааш явдаггүйг  мэдээ­лэл­тэй хэсэг нь бултаараа мэднэ. Яриад байхад л ахиц гардаггүй иймэрхүү улс төр  “аа нөгөө хэ­дийн өнөөх л” гэж үл тоох, үнэ­гүйдэх хандлагатай боллоо. Одоо бас сайд Д.Зоригтыг огц­руулах бичгээ дахин өргөн барих су­раг­тай.  Д.Зоригт сайд залуу улс­төрч болохоос, улсын наа­дамд найраагаар  начин хийх гэж байгаа залуу бөх биш шүү дээ. Нэг жилийн дотор нэг сайдыг огц­руулах асуудлыг гур­ван удаа өргөн барьсан то­хиолдол Мон­голын парламен­тын түүхэнд байхгүй.

Д.Зоригтыг оцгруулах албан тоотод шалтгаан болгож бичдэг байсан шаардлагуудыг энэ удаа Ерөнхий сайд Сү.Бат­болдод хаяглажээ. Одоо л зөв хаягаа, зөв эзнээ  олов бо­лолтой. Учир нь Засгийн га­зар танхимын зарчимтай. Сайд бүрийн алдаа оноог УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариу­цах хуультай. Оюу­толгойн гэрээг Д.Зоригт ган­цаараа дур мэдэж  байгуу­лаагүй. С.Баяр, Сү.Батболд зэрэг Ерөнхий сайд нарынхаа үүрэг, зөвшөөрлөөр гарын үсэг зурсан. Хэрвээ Оуютол­гойн гэрээн дээр алдсан гэж үзвэл хариуцлагыг хоёр Ерөнхий сайд дамж­сан, хоёр намын хамтарсан Зас­гийн газар бүхлээрээ хү­лээ­нэ. Бүр нарийн яривал алдаатай гэрээг баяр ёслолын байдалтай ба­талж өгсөн УИХ ч хариуцлагаас ху­ваалцах учир­тай. Оюутолгойн гэрээг засч сайжруулж чадвал сайн хэрэг. Монголчууд хожно.  Харин нуу­хыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг зог­соочихвол бас л нийтээрээ, улсаараа хо­хирно. Улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт ээлтэй орчин болдоггүй, эрсдэл ав­чирдаг учраас бусад томоо­хон төслүүд ч гацаа түгжээнд орох магадлалтай. Ер нь бол сонгуу­лийн өмнөх жилд, улс төр халуурч эхэлж байгаа үед улс орны хөгжлийн түүчээ болсон эдийн засгийн том төслүүдийг улс төр хийх, Ерөнхий сайд бол­гож хэн нэгний намтрыг баяжуулахад ашиглах нь Монголд хохиролтой гэдэг нь хэнд ч тодорхой. 

Ерөнхий сайдад хаягласан шаардлагад 19-20 гишүүн гарын үсгээ зуржээ. 19 гэдэг тоо өөрөө хүчтэй мессеж. Тэд 19-үүлээ болсноор Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барих, хэлэл­цүүлэх эрх зүйн чадамжтай болов. МАН-ынхан дотроо бужигнах нь, дар­гаа солих, дараагийн бүлэглэл нь илүү эрх мэдэлд хүрье гэж байгаа нь үнэн бол эрхэм гишүүдийн дээрх шаардлагыг  тус намын одоогийн удирд­лагаа огцруу­лахад ашиглах гол шалтгаан болгоно. Үүгээрээ магад­гүй, энэ намрын улс төрийн бужиг­нааны эхлэл, суурь, бэлтгэл нь УИХ-ын 20 гишүүний гарын үсэгтэй дээрх шаардлага бай­хыг үгүй­сгэхгүй юм. Эхлээд намын дар­гаа огцруулах нь МАН-ын сон­гуульд үзүүлэх амжилтад нө­лөө­лөх учраас тэд ингэж чадах­гүй. Намын дар­гаар дамжиж Ерөнхий сайд бо­лох улс төр ашиггүй. Бүтэмж муутай. Харин УИХ нь Засгийн газрыг огц­руулж, Ерөнхий сайдаар дам­жиж намын дарга болбол өөр хэрэг. Бүтэхэд ч хялбар. Намын дарга-Ерөнхий сайд бол өндөр хариуцлага, өндөр чадвар шаардсан алба. МАН шиг том нам дотор энэ хоёр албыг хоёуланг нь сайтар хослуулах чадвартай нь ч  бий. Сү.Батболд нам дотроо хөл­гүйдэж, бүлэг­гүйдэж байгаатай адил  намын дарга болж сэлэм эргүүлж чадах ч, засаг тэргүү­лэхэд чадал ду­тах зовлонтой нь ч бас бий.  Дур эзнээ голдог­гүй учраас тэднийг буруут­гах аргагүй юм. АН дотор Засгийн газар огцор­вол  Тэргүүн шадар сайдтай хамт намын даргаа сольчих, үгүйдээ гэхэд сонгуу­лийн өмнө МАН-ыг бужиг­нуулчих сонир­холтой хэсэг бий. 

Гарын үсэг зурсан  гишүү­дийн тоо, хөндлөнгийн эдгээр нөлөөллийг харвал энэ удаа­гийн шаардлага Засгийн газарт сайд Д.Зоригтыг огцруулах өмнөх хоёр удаагийн саналаас хавьгүй ноцтой, халгаатай. Энэ хайчин гал дундаас яаж гарах, улс төрийн тогтвортой байдлаа хадгалж үлдэх эсэх нь Ерөнхий сайд С.Батболдоос л хамаарна. Ер нь бол ийм хайчин галыг Ерөнхий сайд С.Батболд өөрөө  бий болгосон. Энэ бол түүний власть буюу эрх мэдлийг авсан шиг аваагүйн л гор. Эрх мэдэл бол бусдад нөлөөлөх боломж. Сү.Батболд намын дарга, Ерөнхий сайд хэрнээ  намдаа нөлөөлж чадахгүй байна гэдэг бол эрх мэдэл түүний гарт бүрэн гүйцэд байхгүй байна аа л гэсэн үг. Бизнест компанийн засаглалыг задалж удирддаг бол улс төрд төвлөрүүлж удирддаг. Сү.Бат­болд засгаа, ялангуяа намаа төвлөрүүлж удирдаж чадахгүй, болохгүй байгаа нь улс төр бужигнах гол шалтгаан болж байна. Бодит амьдрал дээр Сү.Батболдоос С.Баяр  илүү нөлөөтэй,  У.Хүрэлсүх тулах олон залуучуудтай, М.Энхболд  хүчтэй багтай нь үнэн. Гэхдээ Сү.Батболд  засагт ч, намдаа ч  хуулиар, дүрмээр хүлээн зөв­шөөрөгдсөн хамгийн том эрх мэдэлтэй нь бас бодит үнэн би­лээ. Удирдлага хэнд байна, түүнд эрх мэдэл ирдэг.  Тэгвэл эрх мэдлийг дагаж ирдэг сүр хүч С.Батболдын хаана нь байна вэ. Телевизийн удирд­лага хэний гарт буйгаар тухайн айлын эрх мэдэл хэний гарт төвлөрч буйг төвөггүй мэдэж болдог. Суд­лаачид энэ тухай “хэрвээ гэр бү­лээрээ нэг телевизийн ард эв­тэй суугаад үзэж чадахгүй бол хүн бүр нэг нэг телевизор аваад өрөө өрөөндөө үзэх болно. Ийм эдийн засгийн бо­ломж айл бүрт байхгүй. Байлаа гэхэд өрхийн эдийн засаг нь сульдахын зэрэгцээ гэр бүлд эрх мэдлийн хуваагдал бий болж нэг нэгээсээ үл хамаарсан хүйтэн хөндий харилцаа бий болно” гэж дүгнэжээ.

Улс орны амьдрал айл өр­хийнхтэй адилхан. Өнөөдөр МАН-ын, хамтарсан Засгийн газ­­рын ганц удирдлага Сү.Бат­болдын гарт бий. Хууль, дүр­мээ­рээ ч Сү.Батболдод байх ёс­­той. Гэтэл хууль зөрчсөн, огц­­­руулах хэм­жээний алдаа гар­­гаагүй л бол түүнтэй теле­визийн удирдлага булаацалдах хүн байгаа бол тус намын удирд­­лагын төвшинд бие биеэсээ үл хамаарсан хүйтэн хөндий харилцаа, эрх мэдлийн ху­ваагдал байна гэсэн үг. Ерөнхий сайдын хувьд ч энэний хүн, тэрний бүлгийнх гэдгээр алдаа гаргасан нэгэнд хариуц­лага тооцож болдоггүй, чаддаг­гүйн зовлон бас байна. Энэ бү­хэн нь мөн л “власть”-ийг авсан шиг аваагүй Сү.Батболдын алдаа. 
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.