Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
Д.ОДБАЯР: АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУХ НЬ АРДЧИЛЛЫН ДЭЭД ХЭЛБЭР
УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.ОДБАЯРТАЙ ярилцлаа.

-МАН-аас бүх ард түм­ний санал асуулга явуу­лах санал гаргалаа. Үүнээс өөр гарц алга уу?

-Хоёр намаас томи­логд­сон Сонгуулийн хуулийн ажлын хэсгүүд тохирол­цоонд хүрч чадахгүй байгаа учраас ийм шийдэлд хүрсэн хэрэг. АН-ынхан пропор­циональд суурилсан 26:50-ийг санал болгож “үүнээсээ хэзээ ч ухрахгүй” гэх зэрэг лут лут мэдэгдэл хийж байна. Манай намынхан мажоритарид суурилсан 52:24 гэсэн хувилбар дэв­шүүлсэн. Юу юугүй л УИХ-ын гишүүнийг сонгогчдоос нь бүрмөсөн холдуулах нь өнөөгийн нөхцөлд тийм ч зөв биш. Сонгогчдын дасаа­гүй, нэгэн жигд ойлголт аваагүй тогтолцоонд  үсрэн­гүй шилжих нь оновчтой биш. Бид энэ байр суурь дээрээ ч  баттай зогсч бай­гаа. Ингээд нэгдсэн ойлгол­цолд хүрэхгүй болохоор л ард нийтийн санал асуулга явуулъя гэж санал гаргасан. Миний хувьд энэ саналыг дэмжиж байгаа. Учир юу гэвэл төлөөллийн ардчилал нь мухардалд ороход шууд ардчилал мухардлаас гар­гадаг учиртай юм.

-Нэгээс нөгөө тогтол­цоонд огцом шилжихгүйн тулд л танай нам мажо­ритари давамгайл­сан 52:24-ийг санал болгож байгаа хэрэг үү?


-52:24 бол шууд сонгох зарчим дээр суурилсан холимог тогтолцоо. УИХ-ын 52 гишүүнийг  52 тойргоос сонгогчид шууд сонгоно. Үүнийг мажоритари тогтол­цоо гэж байгаа. Харин 24-ийг нь тухайн намаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч­дээс нэгийнх нь төлөө сон­гог­чид саналаа мөн шууд өгнө,  дараа нь саналыг нэгтгээд, хамгийн олон санал авсан нэр дэвшигчээс эхлэн цуваагаар байр эзлүүлж дүнг гаргаад, аль намын нэр дэвшигч нийт сонгогчдын хэдэн хувийн саналыг авсан байна гэд­гээр жагсааж 24 суудлаа хувь тэнцүүлэн хуваах зарч­мыг пропорциональ тогтол­цоо гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 52:24 нь мажори­тарид суурилсан пропор­циональ элемент бүхий хо­ли­мог тогтолцоо. Энэ тог­тол­цоо парламентыг илүү мэргэшүүлэхийн зэрэг­цээ, сонгогч олон түмэн­тэйгээ байнгын харилцаанд байх зэрэг аль аль талын шаард­лагыг хангаж байгаа. Ийм л байя гэдгийг л ард түмнээсээ асуух гээд байгаа юм.


-Ард нийтийн санал асуул­гыг манай улсын түү­хэнд ганц л удаа тус­гаар тогтнолын асууд­лаар 1945 онд явуулсан байдаг. Харин та бүхнийг хэтэрхий жижиг асууд­лаар хөөцөлдлөө гэх шүүмжлэл байна?

-Нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоо улсын тусгаар тогт­нолын асуудалтай маш хол­боотой. Сонгуулиа гаднын захиалгаар явуулж, тэдний жороор сурталчилгаагаа хий­гээд, санаанд нь нийцсэн дүн гарвал тусгаар тогтнолоо ал­дана. Хоёрдугаарт, 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэ­нэлт үйл явдалд хүргэсэн эзэд нь сонгуулиас боллоо гээд байгаа биз дээ. Тэгвэл дол­дугаар сарын 1-ний хэрэг жижиг асуудал уу. Үгүй шүү дээ. Тэгэхээр сонгуулийн  асуудал яаж ч бодсон жижиг байж таа­рахгүй. Тэгээд ч энэ нь тог­толцооны, цаашилбал Үндсэн хуулийн хямралд хүргэвэл яана. Хэчнээн ч тэрбумаар хэмжээд баршгүй, нөхөг­дөш­гүй их хохирол амсана. Та нар бод доо. Монголын сонгуулийг будлиантай болоосой, энэ улсын тусгаар тогтнол дот­роосоо эмзэг байдалд ороосой гэж хүсээд байгаа гаднын зохион байгуулалттай хүчин байхгүй гэж жигтэйхэн их най­даж байна уу. Үгүй шүү. Байх байхдаа сүүлийн үед их идэвх­жих хандлага байгаа. Ирэх жилийн сонгууль хүртэл бүр ч ихэснэ. Бидний дотоод хэрэгт оролцох гэж мөн ч их оролдоно доо. Тийм учраас л  ард түм­нээсээ асууя, ард түмэнтэйгээ ярилцъя гэж байгаа нь яагаад “жижиг асуудал” болдог байна аа. Ямар Америкаас асууя гэсэн биш, Монголынхоо ард түмнээс л асууя гэсэн шүү дээ.

-Жижиг асуудал гэдгийг 26:50 уу, эсвэл 52:24 уу гэсэн  хоёр тоо л асуух гээд байна гэдгээр харж хэлээд байх шиг байна л даа?

-Ямар тогтолцоог гол зарч­маа болгож сонгуулиа явуулах вэ гэдгийг л ард түмнээсээ асуух гэсэн юм. Түүнээс бус, 52:24 үү эсхүл 26:50 гэсэн тоо асуухгүй. Сонгуулийн тогтол­цоогоо мажоритарит суурилах уу эсхүл хувь тэнцүүлэхэд суурилах уу гэдгээ л асуух юм. Мухардсан асуудлаа шууд ардчиллын замаар шийдье гэж байна. Шууд ардчилал бол төлөөллийн түвшинд байгаа хэт улс төржилтийг багасгадаг сайн талтай.

Ер нь улс орны амьдралд жижиг асуудал гэж байхгүй. Бүгд чухал ач холбогдолтой. Том асуудал бол олон жижиг асуудлын л нийлбэр. Сонгуу­лийн асуудлаар Шинэ-Зеланд, Канад, Итали, Англид бүх ард түмний болон мужийн санал асуулга явагдсан. Хамгийн сүүлд л гэхэд Англид явагдлаа. Швейцарьт гэхэд бараг бүх асуудлаа жишээлбэл, цэцэр­лэ­гийн хуучин байшинг нураах уу, гэртээ буу хадгалахыг зөвшөөрөх үү, давхар орон сууцанд оройн 22 цагаас хойш бохирын усаа татахыг зөв­шөөрөх үү гэх мэт асуудлаар хүртэл санал асуулга явуулж байсан. Үүнийг жижиг асуудал гэж дэлхий дахин шоолоогүй. Улстөрчид “би үргэлж ард түмнийхээ талд байна” гэх юм уу, “ард түмнээсээ асуугаад л шийдчихдэг байхгүй юу” гэж хэлдэг. Манай Монголын улс­төр­чид ч тэгж хэлдэг, харам­салтай нь хэрэгжүүлдэггүй. Гэхдээ тэгж хэлж байгаа нь өөрөө улс орны амьдралд жижиг асуудал гэж байхгүйг  харуулж байгаа юм. Цаашид манай намын улс төрийн гол бодлогын нэг нь санал асуулга байх болов уу гэж би гишүүний хувьд боддог. Монголын ард түмэн гаднын хэн нэгний нө­лөө­гүйгээр асуудлаа өөрсдөө шийддэг байхад суралцах хэ­рэг­тэй юм. Монголын тусгаар тогтнол, түүн дээр суурилсан Монголын ардчилалд энэ их хэрэгтэй дээ.

-Уг нь ард түмэн та бүхнийг, УИХ-ын гишүү­дийг асуудлыг жижиг том гэл­гүйгээр өөрсдөө  шийд гэж сонгоо биз дээ?

-Бүх асуудлыг зарчмын дагуу, хуулийн хүрээнд шийд гэж сонгосон. Тэр үнэн. Харин шийдэж чадахгүй бол хааяа биднээс асуу гэсэн нь бас үнэн. Тэр нь ард нийтийн хууль ёсны санал асуулга байхгүй юу. Өөрийн хуультай. Санал асуул­га бол аливаа ардчилсан улс оронд байдаг нийтлэг жи­шиг юм аа. Хэрэв бүх асуудлаа та нар л шийдээд яв гэсэн бол Ард нийтийн санал асуулгын тухай хууль гэж байх хэрэггүй шүү дээ. Гэтэл энэ хууль маань бүр Үндсэн хуулийн хэмжээнд зарчим нь тусгагд­сан байдаг. Эрх зүйн онолд төлөөлөгчид шийдвэр гаргадаг ч ард түмэн шийддэг гэсэн номлол байдаг.

-Ард нийтийн санал асуулга явууллаа гэхэд томъёолол дээрээ санал нэгдэхгүй байгаа юм биш үү?


-”Та шинэчлэгдсэн СССР-ийн төлөө байна уу” гэдэг шиг юм байж таарахгүй л дээ. Иргэдэд ойлгомжтой байх тал дээр анхаарах хэрэгтэй юм. Бас хуулийн заалттай эд шүү дээ. УИХ дээр хэлэлцэж, хуу­лийн заалтын дагуу асуулгын асуултыг томъёолж гаргах байх.

-Таныхаар АН-ынхан яа­гаад дэмжихгүй байна вэ, танай намын саналыг..?

-Шуудхан хэлэхэд АН-ынхан сандарсан. УИХ-ын гишүүнээ шууд сонгоно, шууд сонгох нь давамгайлсан байх шаардлагатай гэсэн хариуг дэлхий нийтийн жишгээр ард түмэн өгчих байх гэдгээс тэд эмээсэн. Нэгэнт ард түмэн шийдчихвэл нэг хэсэгтээ өөр хэн ч шийдэж чадахгүй байдал бий болно гэдгээс тэд болгоом­жилсон байх. Тэглээ гээд АН-ынхан өөр хэнээр шийдүүлэх гэсэн юм бол гэсэн бодол надад төрөөд байгаа. Ард түмнээ сонсоход юу нь буруу байнаа, ойлгомжгүй л асуудал. Эдийн засаг нь улам тэлээд, манай улс Швейцарь шиг болох зам руугаа орох тусам л ард түм­нээрээ шийдүүлдэг “моод” улам дэлгэрэх учиртай юм.

-Асуудлыг дийлэнх олон­хийн саналаар ший­дэх тул санал асуулгыг хүчингүй болно, ирц бүр­дэхгүй гэж АН-ынхан тайлбар хийж байгаа?


-Ирц бүрдэхгүй гэх асуудал байхгүй. Яагаад гэвэл асууд­лыг дийлэнх олноор биш, ер­дийн олонхиор шийддэг хуу­лийн  заалттай. Харин ийм чухал асуудалд иргэд идэвх­тэй оролцоно. Ирц ч бүрдэнэ. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 16-д “Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асууд­лыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” гэж заасан тул иргэд идэвхтэй оролцоно. Итали зэрэг оронд ирцийг гол хүчин зүйл болго­доггүй юм билээ.

-Сонгуулийн асуудалтай хамт Үндсэн хуулийн өөрч­лөх тухай асууна, тэгээд өөрчилнө гэсэн нь танай намын саналыг дэмжигчдийг эргэлзээнд оруулж байх шиг байна . Тухайлбал та радиогоор УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухай ярь­сан. Үндсэн хуулийн асууд­лыг асуулгаар хөн­дөх үү?


-Ний нуугүй хэлэхэд 76 гэдэг тоо цөөдөөд байгаа юм. Судалгаагаар энэ 76-г анх хэрэглэсэн 1992 онд нэг ги­шүүнд хэдэн сонгогч ноогдож байсныг одоогийн хүн амын болон сонгогчийн тооны өсөлт­тэй харьцуулаад үзэхэд 102-104 гишүүнтэй байж болохоор байгаа юм. Ер нь хүн амын тоо удахгүй гурван сая гарлаа. Тэгээд дөрвөн саяд дөхлөө гэхэд 76-гаараа л байсаар байх уу. Нэмэгдүүлэх талаар ард түмэнтэйгээ яривал ойлгоно л доо. Ганцхан УИХ-ын гишүү­дийн  нэр хүнд ард түмний дунд жаахан тиймэрхүү байна. Янз бүрийн нэр хоч ч их авлаа. Уг нь парламент бол зөвхөн хуу­лиа тогтоодог, түүнийхээ хэ­рэг­жилтэд хяналт тавьдаг бай­хад л  болох юм л даа. Энэ олон томилгоо хийдгээ, Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэдэг байдал зэргээ болиод, Ерөнхий сайд нь пар­ламентаа тараах эрхтэй бол­чихвол эдгээр нэр хочийг арилгаж болно. Нэр хоч их авнаа гэдэг бол олны үг ортой гэдгийн нотолгоо. Парламент 108 гишүүнтэй байхад л болно. Энэ нь Үндсэн хуулийн хэм­жээнд шийдэх асуудал. Гэхдээ Үндсэн хуулийн асуулгыг сон­гуулийн асуудалтай зэрэг­цүүлж тавих нь зохимжгүй гэж манай намын бүлэг үзэж бай­гаа. Тийм учраас Үндсэн хуу­лийн санал асуулгаа бэлтгэж байгаад энэ ондоо юм уу, ирэх хавар, эсхүл ирэх жилийн УИХ-ын сонгуультай хамтад нь явуулж нэмэлт, өөрчлөлт оруу­лах ажлыг дараагийн УИХ-даа үлдээвэл нийгмийн уур амьс­галд болон төр, ард түмний холбоог сайжруулахад их тус­тай. Ядаж л энэ УИХ муу нэр­нээсээ салахад тустай. Нөгөө нэг арга нь энэ Их Хурал шууд баталчихаад дараа нь ард түмний санал асуулгаар шүүл­гэж  болно. Ийм практик байдаг л юм. Хэрвээ ард түмэн дэм­жихгүй бол шууд хүчингүй болно гэсэн үг л дээ. Одоогийн нөхцөлд бол  эхний хувилбар буюу Үндсэн хуулийн асуулгаа тусад нь дараа явуулсан нь дээр байх аа.

-Дараа тусад нь явууллаа гэхэд саяын таны ярьсан “парламентын илүү ачаа”-нуудыг Үндсэн хуулиар хорихыг санал асуулгад оруулах уу?

-Олон сонголттой санал асуулга гэж байдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түм­нээ­рээ шийдүүлэхгүй бол на­мууд тийм амархан ойлголцоно гэдэг хол л байх аа. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр давхар ажилла­дагийг больё, нэгдмэл улсын шинж чанараа баталгаа­жуул­сан алхмуудыг хийе гэж гурван жил л ярилаа. Яаж байна, бахь байдгаараа л байна. Ард түм­ний зарим нь итгэл алдарч эхэллээ. Цөхрөөд байна шүү дээ. Уул уурхайн салбар дэл­хий дахины анхаарлыг татаж байгаа эдийн засгийн энэ эгзэгтэй бөгөөд сонирхолтой үед төрийн тогтолцоо нь илүү зөв хуваарилагдсан, сайн за­саг­лалыг бүрдүүлсэн байж гэмээнэ энэ бүхэн хүн бүрт тэгш бөгөөд хүртээмжтэй хүр­сэн зөв бодлого болно. Одоо байгаа байдлаа хараад яана даа гэж бодогдох үе сүүлийн үед их гарах боллоо. Үүнтэй уялдуулаад “Ард нийтийн са­нал асуулгын тухай” болон бусад хуульдаа зарим нэг нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Түүнийг намар хийж болно.

-Ер нь гадаад орнуудад санал асуулгыг хэр их хэрэглэдэг юм бол оо?


-Бараг бүх оронд  нийтийн болон бүс нутаг, мужийн иргэ­дийн санал асуулга явуулах эрх зүйн орчинтой. Энэ дотор Америк ч бий, Англи ч бий, жижиг орнууд ч бий, Швед, Финландад ч бий. Щвейцарь бол жилд 3-4 удаа бүх нийтийн санал асуулга явуулдаг. Асуул­гын сэдэв асуултын хувьд хязгаар байхгүй. Үндсэн хуулийн асуудлаасаа эхлээд бүүр “жинхэнэ жижиг” гэмээр ч асуудал байж л байдаг. Жишээ нь, Австралид Үндсэн хуулиа бүх нийтийн санал асуулгаар батлаж байхад, Коста-Рикад Төв Америк болон АНУ, Доминикантай чөлөөт худалдааны хэлэлцээр бай­гуу­лах уу гэдгийг, Шведэд сог­туу­руулах ундааг хориглох тухай бүх нийтийн санал асуулга явагдаж байсан жишээтэй. Чилид их дэлгүүр барих уу, Испанид НАТО-д гишүүнээр элсэх үү, Португалид үр хөн­дөлтийг зөвшөөрөх үү, Англид мөнгөн тэмдэгтээ еврогоор солих уу зэрэг асуудлаар са­нал асуулга явагдсан. Ер нь олондоо олон. Чилид их сонир­холтой санал асуулга явагдсан байдаг юм билээ. Чилид санал асуулгыг бүх нийтийн кон­султаци гэж нэрлэдэг. Пиноче­тийн дэглэмийг бүр НҮБ эсэр­гүүцээд байхад Чилийн ард түмэн нь санал асуулга явуулж 74 хувиар дэмжсэн санал өгсөн байдаг. 1980 онд дахин санал асуулга явуулж 68,5 хувиар Пиночетийн Засгийн газрыг  1989 он хүртэл ажил­луулахыг дэмжсэн байдаг. Исландад Англи, Голландад төлөх ёстой өрөө барагдуулах уу, үгүй юу гэж санал асуугаад төлөхгүй гэсэн шийдвэр гарч байсан жишээ ч бий. Ер нь нэлээн түгээмэл хэрэглэгддэг арга л даа.

-Одоо манай УИХ-ын ги­шүүдийн явуулах гээд байгаатай адил ч юм уу, Сонгуулийн хуулийн та­лаар явуулсан асуулга хэр олон байдаг вэ?


-Англид саяхан яг сонгуу­лийн асуудлаар санал асуулга явагдаж хүн амын олонхи нь шууд сонгох буюу мажоритари тогтолцоог дэмжсэн санал өгсөн байгаа. Хөдөлмөрийн нам нь санаачлан явуулсан санал асуулгад ийм дүн гарсан юм. Мөн 2007 онд Канадад бас ийм санал хураалт явагдсан байдаг. Сонгогч хоёр санал өгье. Нэг дэх санал нь нэр дэвшигчийн төлөө, хоёр дахь нь намын төлөө гэсэн хувил­бар орсон. Гэтэл иргэдийнх нь 63,1 хувь нь намыг үгүйсгэж, нэр дэвшигчийг шууд сонго­хын төлөө буюу мажоритари талд саналаа өгсөн байна лээ. Египетэд ч Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар саяхан санал хураалт болсон. Ер нь аль улсын иргэн, хэн бэ, ямар шашинтай вэ, хөрөнгө чинээ хэр вэ гэдгээсээ үл хамааран хүн гэдэг талаасаа шууд ард­чиллыг илүү дэмждэг юм билээ энэ дэлхийд чинь.  Тэгэхээр бид нэг их буруу зүйл яриагүй юм билээ. Гол нь хариуц­лагатай байх явдал шүү дээ. Тэд шууд ардчилал бол тө­лөөл­лийн ардчиллыг улам боловсронгуй болгох хэрэгсэл гэж үздэг юм байна.
 
-Санал асуулга заавал биелэх ёстой юу?

-Санал асуулга бас ч үгүй олон төрөлтэй. Референдум, олон сонголттой референдум, плибицсайт, багц асуулт гэсэн төрлүүд байдаг л даа. Заавал болон нөхцөлт гэж ангилдаг ч бий. Мөн эрх зүйн хүчин чад­лаар нь шууд биелэх хүчин ча­далтай, зөвлөх хүчин чадалтай гэж ч хуваадаг. Эхнийх нь шууд бодлогод тусгалаа олоод, хэрэгжээд явах учиртай бол сүүлийнх нь ард түмний дун­дахь ерөнхий уур амьсгалыг тандах, судалгааны чиглэлтэй гэсэн утгатай юм. Манайх эх­нийхийг буюу асуудлыг шууд шийдэгдсэнд тооцох хувил­барыг тусгасан хуультай.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.