Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ДАРГА ӨРСӨЛДӨХГҮЙ ЯЛЖ, БУСАД НЬ ӨРСӨЛДӨЖ ЯЛАГДАНА
2011 оны 6 сарын 20 [Уншсан тоо: 31654]
-Хамтарсан засгийн авторуудад хаяглав-

Намдаа төдийгүй, өрсөлдөгч АН-д хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн лидерийнх нь хувьд С.Баяр даргаас асуух юм байна. АН-ын дарга нь түүний төлөө  бурханд залбирч, энэ намаас томилогдсон  сайд нар сонинд хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгч байхад С.Баярыг Монголын өнөөгийн улс төрийн лидер гэдэгтэй эвлэрэхээс аргагүй. Үүнийг батлахын тулд ихэм­сэг, эрхэмсэг энэ эрийн улс төрийн амьдралын түүхийг бүхлээр нь 1990 он хүртэл урагш хөөх шаардлагагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёронтаа амжилттай удирдсан ялалтыг,  2008 оны сонгуулийн өмнөх задарсан, хямар­сан МАХН-ыг жилийн дотор зангидаж чадсаныг онцолж болно. Муу нэртэй “Элсний 13”-ын эхлэл дээр С.Баяр төгсгөл сайн хийж чадсан уч­раас МАХН 2008 оны сонгуулиар 45 суудал авсныг онцолж  болно. Хам­тарсан засаг  байгуулсны зөв, бурууг цаг хугацаа шүүх л байх. Хамгийн гол нь сонгуулийн дараа намынхаа 45 амбийцыг дарж, хүчтэй сөрөг хүчнээ бөхийлгөн нэгэн тугийн дор нэгтгэн захирч чадсан нь С.Баярыг улс төрийн лидер мөн болохыг бас  илтгэнэ. Гэхдээ энд түүнийг лидер гэж бахдан дуулахгүй. Харин ам асуухын зэрэгцээ нэг намын бус нийт улс орны хэмжээ­ний улс төрийн лидерийн хувьд ам­лалтаа биелүүлэхэд санаа тавихыг хүсэх гэсэн юм. С.Баярын таван төгөлдөршлийн нэг нь сонгуулийн шинэчлэл. Бас түүний хамтарсан засаг байгуулсны гол шалтгааны нэг нь сонгуулийн реформ байлаа.

УИХ-ын гишүүд энэ өдрүүдэд  Сонгуулийн хуулийн тогтолцооноос бусад асуудлыг үндсэндээ  шийдэв. Тогтолцооны хувьд “холимог” нэрийн дор  урьдын адил мажоритар нь илт давамгайлсан  24:52 хувилбарыг хуульч­лахаар гишүүд сэм тохирол­цон наадам дөхсөн назгайрлыг хүлээж суугаа бололтой юм. 

24:52 бол УИХ-ын 76 гишүүний 24-ийг намын нэрээр, үлдсэн 52-ыг өмнөх сонгуулиуд шиг мажоритараар сонгох хувилбар. Ингэхдээ одоо байгаа 26 тойргоо тус бүр хоёр хувааж 52 болгоно. Тойрог бүрээс нэг хүн сонгогдоно. Ингэснээр  зарим тойрог ялимгүй томрох л боло­хоос 1996, 2000, 2004 оны сонгуулиуд шиг “жижиг 76”-г дахин хуульчилж бай­гаа хэрэг. Одоогийн  томсгосон 26 тойргийг хоёр хуваалаа гэхэд  Говь-Алтай, Дундговь, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор  зэрэг хоёр мандаттай тойргууд буцаад “жижиг 76”-тайгаа яг адилхан болно. 1996 оноос хойш явсан, олон сул талтай  “жижиг 76”-г арай дээрдүүлж, 2008 оноос томсгон аймгаар нь, дүүргээр нь тус бүр нэг тойрог болго­сон билээ. Одоо эргээд аймгийг, дүүргийг дахин хоёр хувааж жижиглэн ахин “жалга довны гишүүд” бүхий парламент байгуулах нь.  Жи­жиг 76 тойрогтой байхад улсын төс­вийг 76 хуваадаг байлаа. 2008 онд томсгон 26 тойрогтой болсноор  улсын төсвийг 26 хуваадаг болсон. Хэрвээ 24:52 гэж хуульчилбал ирэх дөрвөн жилд  ул­сын нэгдсэн төсвийг 52 хуваа­на. Энэ дэвшил үү, ухралт уу. Таны тунхаг­ласан сонгуулийн төгөлдөршил энэ мөн үү, С.Баяр дарга аа. 

Хоёр намынхан хамтарсан  Зас­гийн газар байгуулсан шалтгаанаа Оюутолгой, Тавантолгойн гэрээг бай­гуулна, сонгуулийн шинэчлэл хийнэ гэдгээр тайлбарладаг. Тэднийхээр хамтарсан засгийг зөвтгөх тулгын гурван чулууны нэг нь Сонгуулийн хууль байлаа.  Алдаатай, оноотой  ч, Оюутолгойн гэрээг байгуулсан. Бу­дилж, буцаж байгаа ч гэсэн хувьцаа тарааж, тендер зарлах зэргээр  Таван­толгойн гэрээг хөдөлгөж эхэлсэн. Харин сонгуулийн реформ нь хаана байна вэ.  24:52 хувилбараар жижиг 76-гаа дахин хуульчлах гэж  байгааг сонгуулийн шинэчлэл гэх үү, өнгө буд­гийн өөрчлөлт гэх үү. Сахил хүртээд шал дордов гэдэг шиг өмнөхөөсөө муудсан, 24:52 шиг ийм хувилбарыг лав сонгуулийн шинэчлэл,  төгөл­дөршил гэхгүй. Жижиг 52 тойрогт хуваагдсан парламент, жалга довноос хараат гишүүд улс оронд, намуудад ямар ч шинэчлэл авчрахгүй. Үүнийг 76 тойргоор явуулсан урьд өмнөх сонгуулиуд харуулсан билээ.  

Сонгуулийн хууль уг нь сонгогч­дын хууль. Сонгогчид өөрсдөө хуулиа  хуульчлан батлах боломжгүйг  хувь за­яаны шоглоом гэхээс өөр яах билээ. Харин тэдний өмнөөс УИХ-ын 76 гишүүн өөрсдөө дахин сонгогдох хамгийн өндөр магадлалд тохируулан сонгогчдын хуулийг  өөрчлөх нь хууль батлах онцгой эрхээр тэдэнд олгогд­сон хувь заяаны азтай тохиол юм. Гэхдээ улс орны эрх ашиг гэж бий. Энэ нь 76 улстөрчийнхөөс хавьгүй том учраас гишүүд улс төрийн эр зориг гаргах учиртай. Хамтарсан Засгийн газрыг байгуулахад гаргасан шиг улс төрийн эр зориг Сонгуулийн хууль дээр дутагдаж байна. Засагт хамтра­хад зангидсан шиг улс төрийн лиде­рийн манлайлал Сонгуулийн хууль дээр үгүйлэгдэж  байна. Тэд албан тушаал, сандал суудлын төлөө бол намаа, бүлэг фракцаа манлайлж чад­даг л юм билээ. Харин засагт хамтар­сан гол зорилгуудынх нь  нэг нүдэн дээр нь  бөхөх гэж байхад хамтарсан Засгийн газрын авторууд яагаад чимээгүй байна вэ. Таван төгөлдөрш­лийнх нь нэг нурж байхад С.Баяр дарга хаана явна вэ. Агентлагийн даргыг хүртэл томилоход гаргадаг  намуудын улс төрийн шийдвэр нь Сонгуулийн хууль дээр өнөө хүртэл алга. Хуулийг УИХ-ын гишүүд батлах ч, Засгийн газрыг, сайд нарыг  бас л гишүүд то­мил­дог.  Хэрвээ 2008 оны сонгуулийн дараа  гишүүдийн хууль батлах, Засгийн газрыг томилох онцгой эр­хэнд нь улс төрийн шийдвэрээр халдахгүй гээд өнөөдрийн Сонгуулийн хууль шиг  зөнд нь орхисон бол хоёр нам засагт хамтарч чадахгүй л байсан даа. 

24:52 бол Монгол Улсын иргэн бүр Тавантолгойгоос хувьцаа эзэмшинэ, хувьдаа компанитай нь бүр олныг эзэмших эрхтэй гэдэг шог хуваа­рилалт  шиг л  юм. Нэр дэвшигч бүхэн өрсөлдөж ялна, харин намын дарга нар сонгуульд өрсөлдөхгүйгээр ялах эрхтэй гэж байгаатай ижилхэн байна.  Жишээ нь, МАН-ын  76 нэр дэвшиг­чийн 52 нь тойрог дээр очиж мөнгө хөлс хүч гээд бүх л чадлаараа өрсөл­дөнө. Гэтэл намын нэрээр өрсөлдөх 24 нэр дэвшигчийн эхний 6-8-д жагсах дарга нар  ерөнхийдөө мөнгө хөлс хүчээ огт үрэхгүй. Хамгийн гол нь эдгээр 6-8  дарга сонгуульд найдвар­тай  ялагдахгүй.  Намын нэрсийн жаг­саалтыг  мэдээж намын дарга, ерөн­хий нарийн бичгийн дарга, бүлгийн ахлагч, тэгээд С.Баяр, Ц.Нямдорж, М.Энхболд гэх зэргээр нэр нөлөөтэй улстөрчид, хүчтэй бүлэг фракцын ахлагч нар тэргүүлж  таарна.  МАН, АН-ын аль аль нь нийт сонгогчдын 30-аас дээш хувийн саналыг авдаг, одоо ч авах байх.  МАН нийт сонгогчдын 40 хувийн саналыг авлаа гэхэд \24-ийн 40 хувь нь 9.6\ есөн суудлыг авна. Иймд  дарга нар 24 нэр дэвшигч бүхий нэрсийн жагсаалтын эхний 9-д багтлаа л бол сонгуулийнхаа ялалтыг авлаа гэсэн үг. Тодруулбал, МАН, АН-ын дарга нарын хувьд нэрсийн жагсаал­тын эхний аравт, түүнээс урагш  багтах нь сонгуульд найдвартай  ялах баталгаа нь болно. Харин жагсаалтын  эхний 10-аас хойш 24 хүртэл жагсах хүмүүсийн хувьд ялах бус ялагдах магадлал нь өндөр.  Сонгуульд ганц­хан АН юм уу, МАН өрсөлдөхгүй. УИХ-ын 76 суудлын зөвхөн 24-ийг л намын нэрээр авсан саналын тоонд нь харгалзуулан сонгуульд оролцож, тодорхой хувийн босго давсан бүх намуудад хуваарилна. Одоогоор босгыг таван хувь гэж байгаа юм билээ. МАН, АН аль аль нь 40 хувийн санал авлаа гэж бодъё. Тэгэхэд МАН-д ес, АН-д мөн төдий тооны суудал ногдоно. Хоёр намынх нийлээд 18-20 суудал болно. Үлдсэн 4-6 суудлыг нь босго давсан ИЗ-НН ч юм уу, бусад намуудад хуваарилна. Тэгэхээр   нам дотроо  нэрсийн жагсаалтын 10-аас хойш эрмбэлэгдсэнээс 52 тойргийн аль нэгд нэр дэвшин өрсөлдөж  өөр­төө найдсан нь, эрсдэлээ өөрөө даасан нь хамаагүй дээр. Тийм учраас л  24:52 бол бүх нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж ялах эрхтэй, харин дарга нар өрсөлдөхгүйгээр ялах давуу эрхтэй гэдэгтэй адилхан байгаа юм. Нэр дэвшигчийнхээ хувьд МАН-ын дарга С.Батболд, АН-ын дарга Н.Алтанхуяг, бүр ИЗ-НН-ын дарга Д.Энхбат хүртэл бусадтайгаа  л адилхан эрхтэй, сонгуульд ялах, ялагдах магадлал нь ч гишүүдтэйгээ  ижилхэн  байж л  шударга ёсонд нийцнэ. Дарга цэрэггүй, ижил эрхтэй байх нь ардчилсан, шударга сонгуу­лийн  шинжийг  тодорхойлно. Түүнээс бус, намын дарга давуу эрх эдэлдэг, намын даргад зориулж үнэгүй ялалт хуульчилдаг “free сонгууль” хаана ч байхгүй. Тэгж яривал хуучин тогтол­цооны үед хүртэл Ардын Их Хуралд нэр дэвшигчид /ганц намтай байсан учраас/  “бүгдээрээ найдвартай ялах”  гэсэн ижил эрхтэй байсан шүү. Харин дарга нар нь өрсөлдөхгүйгээр найд­вар­т­ай ялах, бусад нь өрсөлдөж ялаг­дах гэдэг нь ардчилсан тогтолцоонд тийм ч сайн нийцэхгүй байх аа.

  50:26 юмуу, ядаж 38:38 бол өөр. Адилхан л намын дарга нар нэрсийн жагсаалтыг тэргүүлэх ч, тэнд пропор­циональ элемент давамгайлна, УИХ-ын олонхи нь Монгол Улс гэсэн нэг тойргоос сонгогдоно. 24:52 бол намын дарга нарынхаа сонгуулийн ялалтыг урьдчилан хуульчлан  баталгаа­жуулж, дараагийн УИХ-ын гишүүний суудлыг нь үнэгүй бэлэглэж байгаатай л адилхан болоод байна. Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг нь  эс тооц­вол хоёр намын  бүх дарга Зас­гийн газарт багтаж байгаа. Иймд 24:52 бол хамтарсан засгийг дараагийн парламентад хадгалах, эс чадвал олонхи дарга-сайд нарыг нь УИХ-д найдвартай ялуулахыг л хуульчлах нь гэж лавшруулан хардаж болмоор ч юм шиг.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn