Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
СОНГУУЛИЙН ШИНЭ ХУВИЛБАР БУЮУ 24:52
“Манай 45 гишүүнд бүгдэд нь нэг нэг тойрог өгөхгүй бол Сонгуулийн ямар ч хууль урагшаа явахгүй ээ” гэж МАН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан хэлсэн гэдэг. Үнэндээ шударгаар ил хэлсэн нь Д.Лүндээжанцан болохоос АН-ынхан ч тойргийн барьцаагаар энэ хуульд хандаж байгаа. Тэгэхээр Сонгуулийн хууль бол сонгогчдын хууль гэдэг сонгодог утгаараа бус, одоогийн УИХ-ын гишүүдийн ахин сонгогдох хамгийн өндөр магадлалыг хадгалсан, дахин засаглах мөрөөдлийг нь биелүүлэх, ердөө 76 хүнд зориулагдсан л хууль байх нь. Яг тийм хувилбараа ч олжээ. Энэ тухай өгүүлэхээс өмнө 2012 оны УИХ-ын сонгуулийг холимог хувилбараар явуулахаар намууд тохирч, Байнгын хорооны төвшинд санал хураалтаар баталгаажуулсныг дуулгая. 1992 оноос хойш мажоритар хувилбараас салаагүй яваа манай улсын хувьд холимог тогтолцоог сонгосон нь дэвшил. Тэгэхдээ “холимог хувилбар” гэх хоёр үг бол ерөнхий оноосон л нэр. УИХ-ын 76 гишүүний хэдийг пропорциональ буюу намын нэрээр сонгох, хэдийг 2008 оны хувилбар болох мажоритараар сонгох, нийт сонгогчдын хэдэн хувийн саналыг авсан намд суудал хуваарилах, намын нэрээр сонгогдох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг ямар шалгуураар гаргах зэрэг нь холимог тогтолцоог агуулгын хувьд тодорхойлно. Олон улсын жишигт хүлээн зөвшөөрөгдсөн энэ агуулыг ч манай 76 өөрсдөдөө зориулан өөрчилж чадсан нэгэн хувилбарын сураг Төрийн ордонд сонсогдоно.

Хоёр намын нөлөө бүхий улстөрчид маш нууцын зэрэглэлтэйгээр  гишүүдийн саналыг танадах төдийд микро төвшинд ярьж байгаа энэ хувилбар бол удтал ярьсан 50:26, эсвэл 38:38 биш юм. 24:52 буюу 76 гишүүний 24-ийг пропорциональ хувилбар болох намын нэрээр, үлдсэн 52-ыг нь мажоритар буюу 2008 оных шиг нэр дэвшигчийг шууд сонгох холимог хувилбар. Босгыг долоо биш, тав байхаар ярилцжээ. Ингэхдээ одоо байгаа 26 тойргийг тус бүрд нь хоёр хувааж  нийт 52 тойрог болгон тойрог бүр нэг мандаттай байх юм байна. Жишээ нь, манай Говь-Алтай гэхэд аймгаараа нэг тойрогтой, хоёр мандаттай. 2008 онд МАН-аас Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар аймгийн хэмжээнд, нэг намынх мөртлөө бас хоорондоо өрсөлдөн байж сонгогдсон. Одоо тэгвэл энэхүү шинэ хувилбар дэмжигдвэл Говь-Алтай хоёр мандаттай хэвээр, аймгаараа нэг бус хоёр тойрогт хуваагдана. Тойрог бүрээс нэг нэр дэвшигч шууд сонгогдох учир нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөхгүй. 1996, 2000, 2004 оны сонгуулиар Монгол Улсыг 76 тойрогт хувааж тойрог бүрээс нэг нэр дэвшигч сонгодог байлаа. Улстөрчид үүнийгээ жижиг 76 гэдэг. Энэ удаа Монгол Улсыг тус бүр нэг мандаттай 52 тойрогт хуваана, ингэхдээ сонгуулийн газрын зураг шинээр зурахгүй, одоо байгаа 26 тойргоо л тус бүрд нь хоёр хуваана гэж тооцоолжээ. Намын нэрээр сонгох 24 гишүүний хувьд Монгол Улс бүхлээрээ нэг тойрог болно. Жишээ нь АН гэхэд эрэмбэ, чансаагаар нь жагсаасан 24 хүнийг намын нэрээр, 52 хүнийг 52 тойрогт нэг нэгээр нь нэр дэвшүүлнэ. Харин сонгогч хоёр төрлийн санал өгнө. Нэг нь 24 хүний нэрсийн жагсаалт бүхий намын, нөгөөх нь өөрийнхөө тойргийн нэр дэвшигчдийн аль нэгийнх нь нэрийг дугуйлна.

Хэдийгээр 24 цөөхөн ч, нэгэнт л пропорциональ элемент орсон учраас нийт сонгогчдын таваас дээш хувийн санал авсан намд парламентын суудал хуваарилна. Жишээ нь ИЗ-НН намынхаа нэрээр нийт сонгогчдын таван хувийн саналыг авлаа гэхэд тус намд \24-ийн таван хувь гэдэг нь 1.2\ ганц суудал л ногдоно. Хэрвээ 10 хувийн санал авбал хоёр суудалтай болно. Энэ мэтээр таван хувийн босгод ногдох суудлынх нь тоо цөөхөн учраас рейтинг нь түүхэндээ арваас давж үзээгүй ИЗ-НН, Н.Энхбаярын МАХН, М.Энхсайханы ҮШН зэрэг жижиг намуудад 24:52 гэх хувилбар бол ямар ч ашиггүй. Харин ч халгаатай. Жижиг намуудын хувьд таван хувийн босго давж чадах эсэх нь тодорхойгүй намдаа найдаж байснаас угаасаа л ганц хоёр суудлаас цааш хэтрэхгүй тодорхой учир Н.Энхбаяр нь, М.Энхсайхан нь, Д.Энхбат нь, С.Оюун нь тус тусдаа 52 тойргийн аль нэгд нэр дэвшин өрсөлдөж эрсдэлээ өөрөө даасан нь хамаагүй дээр. Жижиг намын даргад, жишээ нь МАХН-ын дарга Н.Энхбаярт 24:52 гэх холимог хувилбарын аль ч элемент эрсдэлтэй. Намын жагсаалтаар өрсөлдлөө гэхэд нам нь таван хувийн босго давахгүй бол намын дарга Н.Энхбаяр парламентад суудалгүй хоцорно. 52 тойргийн аль нэгд өрсөлдлөө гэхэд бусад нэр дэвшигчдийнхээ аль нэгд ялагдах ч магадлалтай. Харин МАН, АН-ын дарга лидерүүдэд 24:52 гэх хувилбар хамгийн ашигтай. Ашигтай учраас л хуульчлуулахаар сэм ярилцаж байгаа хэрэг. Тус хоёр нам ямар ч тохиолдолд 20-оос дээш хувийн санал авна. Жишээ нь МАН нийт сонгогчдын 40 хувийн саналыг авлаа гэхэд \24-ийн 40 хувь нь 9.6\ 9-10 суудлыг авна. Энд мэдээж намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, бүлгийн ахлагч, тэгээд С.Баяр, Ц.Нямдорж, М.Энхболд гэх зэргээр нэр нөлөөтэй улстөрчид, хүчтэй бүлэг фракцын ахлагч нар жагсана. Харин нэр дэвшигчийг сонгох 52 тойргийн аль нэгд өрсөлдлөө гэхэд намын дарга нар бас ялагдаж болно. Гэтэл 24-ийг нь намын нэрээр сонгох холимог хувилбарын тухайд намын дарга нарт айх айдас өчүүхэн ч алга. Зөвхөн намын дарга гэлтгүй, хэрвээ энэ хувилбар батлагдлаа бол нам дотроо эхний аравт багтдаг МАН, АН-ын нөлөө бүхий улстөрчид 2012 оны сонгуулийн ялалтаа халааслалаа л гэсэн үг. Мөн улс орны хэмжээнд танигдаагүй, намдаа, нам доторхи фракцдаа лидерийн эрэмбэгүй ч, тойргоо өмчилчихсөн, мөнгөндөө хэт найдсан бизнесмэн-улстөрчдөд энэ хувилбар ашигтай. Тэднийг өмчилсөн тойрогт нь нэр дэвшүүлнэ, намаас нь өөр нэр дэвшигч зэрэгцэж өрсөлдөхгүй, 2008 оных шиг томсгосныг бодвол арай жижиг тойрог учраас мөнгө хаях орон зай нь бага, сонгогчдынх нь тоо цөөрсөн гээд ерөнхийдөө л жижиг 76 руу нэлээд дөхсөн хувилбар л даа. Энэ мэтээр тоочвол МАН, АН хоёрт үнэхээр ашигтай энэ хувилбарыг цаг хугацааны хувьд улсын наадам дөхүүлж байгаад хүмүүсийн зуны урт амралт эхэлж, баяр наадмын уур амьсгал орсон үед баталж магадгүй юм.

Хэрвээ 24:52 бүхий энэ хувилбарыг баталбал “чоно цатгалан, хонь бүрэн” гэдэг шиг л юм болно. Сонгуулийн хуулийг өөрчилсөн үү, өөрчилсөн. Жижиг 76-г дахиж хуульчилж болохгүй шүү гэсэн Ерөнхийлөгчийн зөвлөмжийг авсан уу, авсан. Жижиг намууд буюу гуравдагч хүчнийг шахсан уу, шахсан. Намын дарга, лидер улстөрчид нь МАН, АН гэх товчлолын цаана нуугдан сонгогдох боломж бүрдсэн үү, бүрдсэн. Тойрог өмчилсөн бизнесмэн-улстөрчдөд санхүүгийн чадвараараа өрсөлдөх боломж олгосон уу, олгосон. Эрх баригч намын 73 гишүүний бүх талын сонирхлыг нь ижил тэгш хангасан учраас МАН, АН-ын гишүүд кноп дарахад бэлэн явна. Тэдний хувьд Сонгуулийн хууль одоо л эрх ашгийг нь хамгаалах “эзэд”-ээ, өнгөө олж байгаа нь энэ. Харин нийгэмд, олон нийтэд энэ нь хэлбэр талын л өөрчлөлт болно. Мөнгөтэй нь сонгогддог зарчим хэвээр үлдэнэ. Тойргоос, орон нутгаас хамааралтай төсвийн тогтолцоо үргэлжилнэ. Төсвийн мөнгийг өмнө нь 26 хуваадаг байсан бол одоо 52 хуваана. Булхайтай хууль баталсныхаа ашгийг эрхэм гишүүд өөрсдөө хүртэнэ, буруу хуулиар сонгууль явуулсны горыг нийт монголчууд амсана. Гэхдээ яая гэх вэ, батлагдлаа гэхэд 24:52 нь жижиг 76-гаас дээр ч,  эцсийн дүндээ Сонгуулийн хууль нэгэнт л энэ 76 хүний эрх ашгаас давж гарах боломжгүй учраас түүнийг шүүмжлэх нь “чадаж байгаа юманд арга байхгүй” гэх гишүүдийн басамжлалаас цааш сайжрахгүй нь тодорхой. Хууль тогтоогчдыг сонгочихоод,  тэднээр хүссэн хуулиа батлуулж чаддаггүй нийгэм, нийт сонгогчид, бас шахагдаж буй  жижиг намууд л хөөрхий байна.  

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.