Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 22 цаг 45 минут
ХООРООРОО ОЧИЖ ЖИЖИГРЭХ Ч ГЭЖ
Ерөнхий сайд С.Батболдын зүүн аймгуудад ажилласан томилолтын мэдээ сурвалжлагуудыг уншлаа. Томилолтын багийнхан Дорнодын сав газарт газрын тосны хайгуул хийж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” компанийн ажилтай танилцжээ. Хэвлэлүүд энэ тухай “Манай Ерөнхий сайд  “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хятад захирлыг жижгэрүүлэв”, “Шүүсээ шахуулсан Гао Венбо \дээрх хятад захирал\ үлгэр жишээ төсөл боловсруулахаа амлав”, “Үүрэг биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсоохыг анхааруулав” гэх зэргээр их л сүртэй мэдээлжээ. Дагаж явсан хүмүүсийнхээ албан тушаалын PR-т нь хэт анхаарсныг эс тооцвол сэтгүүлчдийнхээ бичсэн сурвалжлагыг энд шүүмжлэх гэсэнгүй. Харин тэнд, “Петрочайна Дачин Тамсаг” компани дээр болсон үйл явдалд шүүмжлэлтэй хандмаар байна.

“Петрочайна Дачин Тамсаг” бол төр үнэхээр төмөр нүүрээ харуулмаар болчихсон компани. Анх Монголын талтай 1993 онд байгуулсан гэрээгээр нөөц ашигласны төлбөр төлөх ёстой ч, хувь хэмжээ тодорхойгүй гэдгээр шалтаглан өнгөрсөн хугацаанд нэг ч төгрөгийн роялти төлөөгүй. Энэ хугацаанд нийт 5.3 сая тонн баррель түүхий нефть олборлосон гэхээр ямар их хэмжээний татвар зувчуулсан нь харагдана. Өнөө жил 50 сая доллар улсын төсөвт төвлөрүүлэх ёстой, хэрвээ Монголын төр бидэнд садаа болохгүй бол төлнө өө гэж тус компанийн захирал Гао Вэнбо ярьжээ. Юу гэсэн үг вэ. Нөөцийн гуравны хоёрыг Монголын Засгийн газар баталж өгсөн, үлдсэнийг нь баталж өгөхгүй бол бид нөхөн сэргээлт хийхгүй гэж гэдийж байгааг харвал хэн нь баялгийн эзэн болж таарч байна вэ. Анх гэрээ байгуулахдаа л хатуу хучилттай зам, газрын тос боловсруулах жижиг оврын үйлдвэр барина гэсэн, арван жил болоход аль нь ч байхгүй. Гурван жилийн өмнө Ерөнхий сайд С.Баяр Дорнод аймагт ажиллахдаа мөн л энэ компанийн ажилтай танилцжээ. Тэгэхэд захирал нь жилийн дотор хатуу хучилттай зам барьж монгол ажилчдын цалинг сая төгрөгт хүргэхээ амлаж байв. Хүн нь солигдсон ч Монгол Улсын Ерөнхий сайд гурван жилийн дараа дахин ирэхэд барьсан зам ч үгүй, хийсэн нөхөн сэргээлт ч үгүй, өөдөөс нь бараг шаардлага тавих шахуу угтсан байх юм. Гэрээний заалт, гурван жилийн өмнөх амлалтаасаа ухарч хатуу хучилтаа хайрган хучилттай болгожээ. Зураг төсөл, яамны зөвшөөрлөөр зам барьж улсын комисс хүлээж авсан гэж Ерөнхий сайдад  танилцуултал энэ нь бас л худлаа байв. Нийт 130 км-ээс ердөө 74-ийг нь зургаас тэс өөр, зургаахан метрийн өргөнтэй, хоёр машин зөрөх боломжгүй барьсан учир улсын комисс хүлээж аваагүй байна. Худлаа хэлсэн нь газар дээрээ баригдангуут Гао Вэнбо захирал “замын зургаан метрийн өргөнийг найм болгож өргөтгөх боломжгүй, мөнгө их орно” гэж бухаж үзсэн бололтой юм. Дорнод аймгийн иргэд “газрын тосны баялгаас орон нутгийн иргэд хүртэх ёстой” гэсэн уриа барьж  Ерөнхий сайдыг угтсан нь цалингийн болоод энэ компанийн талаар сэтгэл дундуур явдгийг илтгэнэ. Хятад ажилчид 1000 доллар, монгол ажилчид 300-1000 доллар авдаг гэж захирал нь танилцуулжээ. Матад сумыг цахилгаанаар холбох Засгийн газрын бодлогыг гацааж байгаа гээд энэ компанийн булхайг энэ мэтээр бичнэ гэвэл их юм гарна даа. Тийм ч учраас Мэргэжлийн хяналтынхан нэгтгээд “Монгол Улсын 26 хууль тогтоомжийг зөрч­сөн” гэж дүгнэсэн байна. Ер нь л Заамарын алтыг зөөгөөд дууссан ч, 120 тэрбум төгрөгийн татвараас зугтаагаад гарчихсан “Алтан Дорнод Монгол” компанийн хятад хувилбар л Дорнодоос газрын тос олборлоод байгаа юм даа.

  Монгол Улс тусгаар тогтносон улс. Монголын төр эрхэмсэг, хүчтэй байх ёстой. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд нь ийм даварчихсан компанийн захирал дээр УИХ-ын гурван гишүүн, танхимынхаа сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг дагуулан 700 гаруй км урт замыг туулан байж очин үүрэг даалгавар өгөх ч гэж. Нөгөө монгол төрийн ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг зэрэг зиндаа хаана байна вэ. Монгол Улсын Ерөнхий сайд гэж улсынх нь хууль дүрмийг биелүүлдэггүй гадаадын нэг компанийн захирлын ажлын байранд өөрөө очоод жижигрүүлж, шүүсийг нь шахаж  явдаг, үүрэг өгч байдаг албан тушаалтан мөн үү. УИХ-ын гишүүд ч гэсэндээ, жирийн нэгэн аж ахуйн нэгжийн гэрээний биелэлт, амлалтыг газар дээр нь шалгаж, сүр үзүүлж явдаг албан тушаалтан биш л юмсан. Энэ өнцгөөс нь харвал, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд өөрсдөө явж очсоноороо, мэргэжлийн хяналтын захын байцаагчийн хийчих ажил руу орсноороо хятад захирал биш, манай төрийн удирдлагууд хоороороо очоод жижгэрчихсэн юм биш үү. Үүрэг өглөө л гэж байгаа болохоос өөрсдөө очиж гуйснаас ялгаа юу байна вэ.  Хууль зөрчсөн аж ахуй нэгж бүрт УИХ-ын гишүүд, сайд нар очиж амаараа үүрэг өгөөд байвал хууль гэж байхын, түүнийг биелүүлэхийг шаардаж хариуцлага тооцдог мэргэжлийн хяналтын байцаагч нар гэж байхын хэрэг юу байна аа.  Хэрвээ улс орны нэр хүндийг өргөж байгаа, улсын төсөвт үлэмж хувь нэмэр оруулж байгаа компани бол бусдад үлгэр үзүүлэх гэж Ерөнхий сайд өөрийн биеэр очиж болох юм. Гэтэл улсынх нь хуулийг уландаа гишгэчихсэн, өөрт нь худлаа мэдээлэл өгөөд угтаж байгаа компанийн захирал дээр улсын Ерөнхий сайд нь, УИХ-ын гишүүд, сайд нь очоод “үүргээ биелүүлээч” гэж үүрэгдэн гуйж жижигрэх нь залуусын хэлээр зүгээр л онигоо.

Зарим сурвалжлагыг уншвал зуун ямаанд жаран ухна гэдэг шиг нэг муу хууль зөрчигч-захирал руу манай УИХ-ын гишүүд, сайд нар юун ч сүртэй, хоороороо дайрна вэ. Монголын төрийн өндөр албан тушаалтнууд ингэж ч доош орох гэж. Монголын хуулийг уландаа гишгэснээрээ л биш юм бол “Петрочайна Дачин Тамсаг”-т бусад аж ахуйн нэгжээс онцгойроод, гадаадын хөрөнгө оруулагчдаас ялгараад байх юм байхгүй. Ийм компанитай хүний олноор, албан тушаалын сүрээр биш, хуулиар л ярих ёстой. “Петрочайна Дачин Тамсаг” бол албан тушаалын зэрэг зиндаа, түүний сүрээс айдаг компани ч бас биш юм. Хэрвээ айдаг л байсан юм бол гурван жилийн өмнөх С.Баяр Ерөнхий сайдын “сүрдүүлэг”-ээс айж хатуу хучилттай замаа тавьж, монгол ажилчдын цалинг нэмэх нь яасан юм.      

Ер нь манай төр гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө яасан их бөхөлзөж, дотоодынхондоо ямар сүртэй төмөр нударга үзүүлнэ вэ. Жирийн иргэн улсын хилийг давах гэж бөөн л юм болдог. Гэтэл Транс банкаар дамжуулж мөнгө угаасан хэрэгт шалгуулж байсан Новожилов, Төв банкинд 21 сая долларын хохирол учруулсан Чайлмерс, 120 тэрбум төгрөгийн татвараас зугтсан Паушок нар болохоор зүгээр алхаад хил давчихдаг. Тавантолгойд нүүрсний тээвэр хийж байгаа дотоодын компаниуд болохоор тээврээ гэнэт зогсоолгодог. Бүр бараг арваад жил хоёр аймгийн нутаг дамжуулан хүнд даацын маштинаар тээвэр хийж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” болохоор анхааруулга, үүрэг л авдаг. Дээрээс шаардсаны дагуу “Энержи ресурс” гэх үндэсний компани замаа тавьж шалгуулахад Автотээврийн газар, Мэргэжлийн хяналтынхан очоод “замын тэмдэг тэмдэглээ дутуу байна, хэтэрхий уруудуу байна, үүнийгээ зассаны дараа тээвэрлэлт хийхийг чинь зөвшөөрнө” гэж мундагддаг. Харин “Петрочайна Дачин Тамсаг” болохоор 130 км замыг 74 км болгож зургаас хамаагүй нарийн, зургаан метрийн өргөнтэй халтуурдаж байхад “өргөсгөж” болохгүй юу гэж УИХ, Засгийн газрынхан нь очоод гуйж байдаг.

     Цэргийн сүр жагсаалдаа гэдэг шиг монгол төрийн хүч хуулийн хэрэгжилтдээ  гэж гэдэг. Гэхдээ тэрхүү хүч Монгол Улсын нутаг дэвсгэр дотор бүх хүнд адил тэгш үйлчилснээр илэрхийлэгдэх зарчимтай. Түүнээс бус, аль хатуу чанга заалтыг нь  монголчууддаа, монгол хүндээ илүү хэрэглэснээр төрийн, хуулийн хүч илэрхийлэгдэхгүй ээ.  
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.